Холливудын гладиатор, хөгжмийн "хүлэг баатар"

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Холливудын гладиатор, хөгжмийн "хүлэг баатар"

Холливудын гладиатор, хөгжмийн "хүлэг баатар"

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа Холливудын алдарт хөгжмийн зохиолч Ханс Циммерийг онцолж байна. Герман, Америкийн давхар иргэншилтэй түүний хувьд хамгийн сүүлд “Dune” киноны хөгжмөөрөө “Алтан бөмбөрцөг” болон “Оскар”-ын шагналыг тус тус хүртсэн. Өнөө цагийн суут хөгжмийн зохиолч тэрбээр бидний сайн мэдэх “Араатны хаан арслан”, “Гладиатор”, “Сүүлийн самурай”, “Интерстеллар”, “12 жилийн боолчлол”, “Харанхуйн хүлэг баатар”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Кунг Фу Панда”, “Трансформерс” тэргүүтэй дэлгэцийн уран бүтээлүүдийн ая, хөгжмийг зохиосон юм.


БЯЦХАН ТЭНҮҮЛЧ

Ханс Циммер баруун Германы Франкфурт хотод мэндэлсэн хэдий ч Кенигштайн им Таунус гэх жижиг сууринд хүүхэд насаа өнгөрүүлжээ. Тэрбээр гэрээрээ төгөлдөр хуур тоглож сурсан бөгөөд уламжлалт сургалтын арга барилыг таашаалалгүй, өөрөө өөртөө багшилсан гэнэ. Циммер “АМА”-д өгсөн хариултдаа “Би хоёр долоо хоног л хөгжмийн сургалтад явсан байх. Нийт найман хөгжмийн сургуулиас хасагдсан. Гэхдээ би хамтлагт орж чадсан.  Би үргэлж өөрөө өөрийнхөө багш байсан. Толгойдоо үргэлж хөгжим бодож, сонсдог байлаа. ХХ зууны над шиг хүүхдэд компьютер л хамгийн хэрэгтэй зүйл байв” гэжээ.

Циммер Швейцарийн Эколь д’Юманите олон улсын сургуульд элсч, өсвөр насандаа Лондон хотын Хөртвуд Хауз сургууль руу шилжжээ. Хүүхэд насандаа тэрбээр “Баруунд нэг удаа” киноны ая, хөгжмийг зохиосон Эннио Морриконег шүтэж, түүн шиг хөгжмийн зохиолч болохыг хүссэн аж.

Түүний авьяас аав, ээжтэй нь салшгүй холбоотой. Аав нь инженер, зохион бүтээгч хүн байсан бол ээж нь хөгжимчин еврей хүн байсан гэдэг. Тэрбээр эцэг эхээ дурсан ярихдаа “Би төгөлдөр хуураа засварлаж, өөрчлөхөд ээж минь айсан бол аав минь гайхалтай санаа, технологийн хувьсал гэж үзсэн. Аавыг нас барсны дараа хөгжим миний найз болж, хүнд цаг үеэ давахад минь тусалсан” гэжээ.

ЗАЛУУ АВЬЯАСТАН БАЙРНЫ ТҮРЭЭСЭЭ ТӨЛСӨН НЬ

Лондонд суурьшсан Циммер "Кракатоа" гэх хамтлагт даралтат хөгжим тоглож эхэлсэн ч удсангүй. 1977 онд "Багглес" хамтлагтай хамтран ажиллаж, “Video Killed the Radio Star” дууг бүтээлцжээ. Үүний дараа Италийн "Крисма" хамтлагийн гурав дахь цомог “Cathode Mamma”-д өөрийн хувь нэмрийг оруулав. Ерөнхийдөө Европын хэд хэдэн хамтлагтай хамтран ажиллаж, чадвараа бага багаар ахиулсаар байж.

Түүний хөгжимчний замналын эхэн үеийн оргил бүтээлүүдийн нэг нь “Going for Gold” Английн телевизийн шоуны хөгжим. Энэ талаараа Зиммер “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Going for Gold шоу хөгжилтэй байсан. Алдартай болохоосоо өмнө хийж үзэх ёстой зүйлүүдийн нэг л байсан. Бурхан минь, тэр шоуны ачаар би төлөөгүй удсан байрныхаа түрээсийг төлсөн шүү” гэжээ.

Харин “Борооны хүн” кино Циммерт алдар нэр, хожмын ажлын саналуудыг авчирсан гэхэд хилсдэхгүй. Том Круз, Дастин Хоффман нарын голд дүрд нь тоглодог тус киноны найруулагч Барри Левинсон киногоо онцгой болгохын тулд бусдаас өвөрмөц хөгжмийн зохиолч хайж байсан гэдэг. Тэгтэл түүний эхнэр залуу Циммерийн талаар нөхөртөө хэлжээ. Барри шууд л Циммертай холбогдож, ажлын санал тавив. “Борооны хүн” кино, киноны хөгжим хоёр нь жинхэнэ тэсрэлт хийж, супер хит болсон. Циммер ч хөгжмөөрөө "Оскар"-т анх удаагаа нэр дэвшиж, кино нь тухайн жилийн "Оскар"-аас дөрвийг хүртэв.

Циммер синтесайзер, сэмплер нарыг ашиглан шинэ төрлийн авиа үүсгэж, Холливудынхны чихийг мялаав. Яг энэ хөгжмийн стиллиэ “Driving Miss Daisy” кинонд ашиглаж байлаа.

ХОЛЛИВУДЫН ХҮСЭМЖИТ ЭР

Холливудын кино найруулагчид Ханс Циммертай хамтран ажиллахыг хүсч эхлэв. Циммер “Тельма Луиз хоёр” киноны “Аянгын шувуу” хөгжмийг өөрийн шүтээн гитарчин Пит Хэйкоктэй хамт бүтээжээ. Тус киноны найруулагч Ридли Скотт хожим дурсахдаа “Би Циммерийн хөгжмийг нүдээ ч анилгүй сонсдог. Би зүгээр л сонсоод толгойдоо дүрсэлдэг. Ханс чихэн дотор зураг зурдаг” гэжээ.

Циммер 1992 онд нээлтээ хийсэн “The Power of One” гэх дэлхийн хоёрдугаар дайны үеийн Африк тивийг харуулсан киноны хөгжмийг зохиох гэж Африк тив рүү аялаж, үндэснийх нь найрал дуу, бөмбөрийг судалсан гэдэг. Үүнийхээ ачаар ч тэр “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны хөгжмийг зохиох боломжтой болсон. Дисней буруу хүн сонгоогүй гэдгээ харсан, мэдэрсэн. Энэ хүүхэлдэйн киноны хөгжмөөрөө Циммер “Алтан бөмбөрцөг”, “Оскар”, “Грэмми” гээд бүгдийг нь хүртэж, Холливудад нэрээ тахалсан түүхтэй.

Холливудын кино бүтээгчид Циммерийн араас хөл унагаж, хамтран ажиллахыг хүсдэг, ятгадаг, гуйдаг болов. 2000-аад оны эхэн үед Циммерийн хөгжмийг нь бичсэн кино бүр “блокбастер” болсон гэхэд буруудахгүй. “Гладиатор”, “Сүүлийн самурай”, “Мадагаскар” гээд л өдгөө хэн бүхний сайн мэддэг дэлгэцийн бүтээлүүд.

Сүүлийн самурай киноны хөгжмийг зохиохын тулд Циммер Японы хөгжмийн зэмсгийн нарийн нюансуудыг судалж, сүүлдээ фэн нь болжээ.

КИНО УРЛАГ ДАХЬ ХАМГИЙН АГУУ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

Циммер “Харанхуйн хүлэг баатар” болон “Карибын тэнгисийн дээрэмчид” гэх хоёр ч том цувралд бүтээл дээр ажилласан. Үүнээс Кристофер Ноланы найруулсан “Харанхуйн хүлэг баатар” киноны хөгжим нь дэлхий дахины эгэл бус үзэгдэл болсон юм. Хэдийгээр “Оскар”-т нэр дэвшээгүй ч энэхүү хөгжим нь Циммерийг кино урлаг дахь хамгийн агуу хөгжмийн зохиолч мөн эсэх мэтгэлцээнийг эхлүүлсэн.

Ханс Циммер 2010 онд Холливудын алдрын гудамжинд нэрээ мөнхөлсөн.

Тэрбээр киноны хөгжмөөс гадна олон улсын хөлбөмбөгийн холбооны “Living Football” сүлд дууллыг зохиож, Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн сүүлд дууг дахин шинэчилжээ. Мөн түүний удирддаг “Remote Control Productions” нь Клауз Баделт, Стефен Бөртон, Тоби Чу, Жэймс Дүүли, Дон Харпер, Ник Финикс зэрэг шилдэг хөгжмийн зохиолчдыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд “Да Винчи код”, “Шрек”, “Төмөр хүн” тэргүүтэй киноны болон “The Sims 3”, “Call of Duty 4: Modern Warfare”, “Call of Duty: Warfare 2” зэрэг видео тоглоомуудын аяыг зохиосон аж.

Английн “The Daily Telegraph” түүнийг өнөө цагийн 100 суутны жагсаалтад 72 дугаарт бичжээ.

Ханс Циммер ба түүний ая, хөгжмийг нь зохиосон дэлгэцийн бүтээлүүд

ХУВИЙН АМЬДРАЛ

Өдгөө 64 настай Циммерийн анхны эхнэр Вики Каролин гэх модель бүсгүй байв. Хосууд дундаасаа охинтой болсон ч 1992 онд салжээ. Үүний дараа Сьюзанн гэх бүсгүй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон ч мөн 2020 онд салсан гэнэ. Түүний том охин Зой ээжийнхээ адил модель бол удаах хүү Жэйк нь аавынхаа адилаар хөгжмийн зохиолч болохоор суралцаж байна.

Циммер сүүлд “Wonder Woman 1984”, “The Boss Baby: Family Business”, “Space Jam: A New Legacy”, “Dune”, “The Survivor”, “James Bond: No Time to Die”, “Army of Thieves” зэрэг кинонуудын хөгжмийг зохиожээ. “Dune” кино "Оскар"-аас зургаан шагнал хүртсэний дотор Циммер шилдэг хөгжмийн зохиолч болсон билээ. Угтаа Кристофер Нолан “Tenet” кинон дээрээ Циммертай хамтрахыг хүссэн ч хөгжмийн зохиолч маань өөрөө саналаас нь татгалзаж, Деннис Вильнёвийн “Dune”-тэй хамтарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж