Хаврын хавсарга салхи дэгдэхтэй зэрэгцээд гялгар уут, чихрийн цаас, элдэв хог энд тэндгүй хийсэх нь бий. Нийслэлчүүд хоногт 109 тонн хог гаргадаг гэх тоо бий. Төвийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын /ТҮК/ нэг ээлжийн 30-50 хүн, 240 гаруй хогны машинтай “нүсэр хүч”-ээр тэрхүү хогийг цэвэрлэдэг. Гэсэн ч орон сууцны хотхон, гудамж талбайн дунд цэвэрлээгүй хог хаягдалтай цөөнгүй таарна. Ялангуяа зарим орон сууцны гадна "мини" хогийн цэг үүсчихсэн харагдах нь бий.
Баянзүрх дүүргийн зургадугаар хороо буюу 13 дугаар хорооллын 22Б байрны зургадугаар орцны хог нь бункертээ багтахгүй асгарчээ. Тэндээс хогны муудсан үнэр хамар цоргилоо. Хогийн савны хажууд муудсан хувцас, уранхай гутал,хоолны үлдэгдэл, жорлонгийн цаас, хүүхдийн памперс хүртэл харагдана.
Хажууд нь гудамжны нохой, муур эргэлдэж, энд тэнд хаягдсан хоолны үлдэгдлийг хамах аж. Хотын А бүс, орон сууцны хороолол хогондоо ийн дарагдсан гэдгийг хотын дарга нар мэдэхгүй байх. Гэвч км хүрэхгүй зайд байрны бункер бүр адил дүр зурагтай байв.
Дээрх 22Б байрыг “Асар” сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг юм байна. Орон сууцны оршин суугчид ч “СӨХ-ны даргаа ховорхон хардаг”, хогоо ачаач гэж олон удаа гуйдаг болохоо хэлж байв. Орцны нэгдүгээр давхарт байрлуулсан танилцуулга самбар дээр “Сууц өмчлөгч нь иргэдийн ая тухтай, аюулгүй, эрүүл орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хамгаалалт засвар үйлчилгээг хариуцна” гэсэн бичиг хаджээ. Гэвч бодит байдал ямар байгааг орцны үүдэнд овоорох хогийн цэгээс харчихад л болчихоор.
Орцны жижүүр эмэгтэй “Урд талын таван орцны хогийг ачаад, энэ орцны хогийг ачилгүй үлдээсэн. Хог нь дүүрсэн гэсэн. Тэгээд ахиад хог ачдаг машин явуулна гэсэн. Ирж авна гээд гурав хонолоо. Оршин суугчид ч гэсэн хогоо ачаач гэж шаардлага тавьж байна. Өнөөдөр хог ачилтын машины жолоочтой яриад дийлсэнгүй. Сүүлдээ хэрэлдээд саллаа” гэв. Үүнээс гадна зарим оршин суугч хогоо нэгдүгээр давхарт овоолоод хаячихдаг гэнэ.
Орцны жижүүр шаардлага тавихаар нохой хуцсан чинээ тоохгүй. Уг нь нийслэл хүн амын тоогоор метрополис хотын хэмжээнд хүрсэн ч иймэрхүү “орк” зангаа засаагүй хүмүүс ч мэр, сэр байгааг орцны жижүүр халаглав.
ХАРАГДАХ БАЙДЛААСАА Ч ТЭР ЗАХЫН ХОРООЛЛООС ЯЛГАРАХ ЗҮЙЛ АЛГА
Эндээс хэдэн алхмын цаана 59, 60, 51 дүгээр байр зэрэгцэн байрлах бөгөөд шавсан олон орон сууцнууд бүгд гаднаа ил хогийн бункертэй. Сүүлийн үеийн байрууд бункерт удсан хог ялзарч үмхийрэх цаашлаад гал гарах эрсдэлээс сэргийлэхийн тулд байрны гадна хогийн бункерийг байрлуулах болжээ. Гэвч хогийн цэгээ хороолол дунд байрлуулсан нь мөн л эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
Харагдах байдлаасаа ч тэр захын хорооллоос ялгарах зүйл алга. Ил задгай хог хаягдал байх нь ялаа шумуул, мэрэгч амьтдыг татах нь ойлгомжтой. Удахгүй энэ хавиас халдварт өвчин гарлаа гэхэд лав гайхах зүйлгүй.
Энэ талаар асууж, тодруулах гэсэн боловч хариуцсан СӨХ нь ч тодорхойгүй. Эндэхийн оршин суугчдын хувьд ч уг асуудалд санаа чилээдэггүй бололтой. Учир нь бункерээс сагаж гарч ирсэн хог энд хэр удаан байсныг мэдэх хүн ч алга. Уг нь шинээр барьж байгаа орон сууцныхаа хогийн бункерийн шугамыг өргөн болгож, агаар зайлуулах шийдлийг шингээж, гал гарсан тохиолдолд автоматаар ус цацаж унтраах систем суурилуулдаг ч юм уу, болох талаас нь оролдвол бүтэхгүй зүйл биш байлтай.
"БОБО” ТӨВ МӨН Л ГАДНА ТАЛБАЙД ХОГИЙН БУНКЕРТЭЙ
13 дугаар хорооллын автобусны буудлын урд талд байрлах “Бобо” төв мөн гадна талбайд хогийн бункертэй бөгөөд барилгын материалын хогоос эхлээд олон төрлийн хогоор дүүрчээ. Тус төвд алт мөнгөний ченж, банк, дархан, үсчин, гоо сайханч, гуталчин, оёдолчин, цаг засварчин, цайны газар, ломбард, худалдаа арилжаа гээд зүсэн бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Сарын түрээс нь бусад газруудыг бодвол хамаагүй хямд буюу нэг сая төгрөг учраас түрээслэгч ихтэй. Тэр хэмжээгээр хог, хаягдал их гарах нь ойлгомжтой.
Байр, орцны гадна талбайд бөөгнөрсөн хогийг ачихгүй байгаа нь дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар ТҮК-ийн ажлын гүйцэтгэлийн мөнгийг дор, дор нь бүрэн гүйцэд өгөхгүй байгаатай холбоотой гэнэ.
Учир нь ТҮК-ийн бүх үйл ажиллагаа гүйцэтгэлийн мөнгөөр явдаг. Товчхондоо дүүргээс мөнгө гаргахгүй бол тэд хөдлөхгүй. Үүний цаана айл, өрх ААН байгууллагууд хог хаягдлынхаа үйлчилгээний хураамжийг төлдөггүй асуудал ч мөн хөндөгдөнө. Тухайлбал, нэг байранд багадаа 90 өрх гэж тооцвол сард дунджаар СӨХ-д 3.5-4 сая төгрөг цуглах ёстой. Үүнээс жижүүр, үйлчлэгч, СӨХ-ны ажилчид цалингаа хасвал цаана нь байранд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх зардал хангалттай бий. Харамсалтай нь, айл өрхүүдийн 20-30 хувь нь мөнгөө төлдөггүй аж. Үүнээс болж иргэд төлж байгаа мөнгөндөө биш сэтгэл дутсан СӨХ-ны үйлчилгээнд "муу"дүн тавьж байна. Харин СӨХ оршин суугчид өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй гэж үзэж буй.
Ямартай ч энэ бүхний эцэст хогондоо баригдсан байр, ААН-үүдийг яах вэ гэх асуулт гарч ирнэ. Үүн дээр нийслэлээс “Хог хаягдлын тухай хуульд зааснаар тухайн дүүргийн Засаг дарга нар хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх ажлыг ямар компаниар хийлгэх эсэхээ мэддэг. Өөрөөр хэлбэл, хариуцсан дүүргийнхээ хог ачихгүй, тээвэрлэлтээ хийхгүй байгаа ТҮК-ийг солих эрхтэй гэсэн үг. Харин нийслэлийн Засаг даргын А/290 дугаар захирамжаар хогоо ачуулж дийлэхгүй байгаа хороодууд дээр дүүргийн Засаг дарга нар нэмэлтээр хог тээврийн компаниудыг сонгон шалгаруулж, ажиллуулах тухай заасан” гэх хариуг өглөө.
Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ