Кино үйлдвэр өнгөө засч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Кино үйлдвэр өнгөө засч байна


“Монгол кино” гэсэн тодотголтой нэгэн барилга Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутагт бий. Олны дунд кино үйлдвэр нэрээр нэршсэн энэхүү барилгыг анх 1935 онд барихдаа киноныхонд хаяглан барьсан бөгөөд энэ жил 75 жилийн ойтой золгож буй юм.  “Монгол кино” нэгтгэл байгуулагдсанаар монголчууд  өөрсдөө кино бүтээх боломжтой болж, Монголын анхны кино болох “Монгол хүү”-г 1936 онд бүтээж байжээ. 1939 онд Нью-Йорк хотноо Америкийн кино академиас дэлхийн олон орны дэлгэцэнд гарсан кинонуудыг шалгаруулахад 10 шилдэг киноны тоонд “Монгол хүү” кино орж байжээ. Монгол кино үйлдвэрийнхэн 1935 онд дуугуй киноны ганцхан театр долоо хоногт хоёр удаа үйлчилж байсан бол 1937 онд дуутай кино гаргадаг, өдөр бүр тогтмол ажилладаг болсон байна. Дашрамд сонирхуулахад, 1935 оны тавдугаар  сарын 1-ээс киног үнэ төлбөртэйгээр үзүүлдэг болжээ. Ингэхдээ Дорнод, Сэлнгэ аймагт нэг төгрөгөөс доош, 30 мөнгөнөөс дээш, Архангай, Завхан аймагт 75 мөнгөнөөс доош, 25 мөнгөнөөс дээш, бусад аймагт 30 мөнгөнөөс доош, 5 мөнгөнөөс дээш гэхчилэн аймаг орон нутгийн  байдалд тохируулан үнийг тогтоодог байжээ. Мөн үед  Зөвлөлтийн “Чингисийн удам” гэдэг найман бүлэг дуугүй киног үнэгүй гаргадаг байжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж