Тавантолгой ДЦС-ыг эхлүүлэх тендерийг 3 дахь удаагаа нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Тавантолгой ДЦС-ыг эхлүүлэх тендерийг 3 дахь удаагаа нээлээ

Тавантолгой ДЦС-ыг эхлүүлэх тендерийг 3 дахь удаагаа нээлээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр /2022.03.30/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан. Энэ үеэр Тавантолгой дулааны цахилгаан станцыг эхлүүлэх тендерийг хоёр удаа сунгасан. Одоогийн байдлаар БНХАУ-ын зургаан компани, ОХУ-ын нэг компани тус тус байна. Бидэнд нийцсэн тендерийн бичиг баримт ирэх байх гэж хүлээж байна гэсэн юм.

Засгаас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогод боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан дэд сэдвийг анхаарч, хөгжүүлэхээр тусгасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн гүний уурхайн нээлтийн ёслолд нэгдүгээр сарын 26-нд оролцох үеэр тус төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гаргасан нь өндөр үр дүнтэй болохыг онцолсон. Тухайлбал, тус шийдвэр гарснаар Тавантолгойн цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монголд үлдэх болно гэсэн юм. Гэхдээ энэ хэлээд буй айхтар боломжийг нь Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн гацаасан гэдэг. Эх орондоо хөрөнгө татах боломжтой ч хэн нэгний эрх ашигт ач холбогдолгүй бол хэрэгжилт амжилтгүй болдог жишиг олон бий. Түүний нэг нь Тавантолгойн цахилгаан станц.

“Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК өнгөрсөн нэгдүгээр сард гарын үсэг зурсан.

Оюутолгойд цахилгаан эрчим хүч бол амин хэрэглээнд зүй ёсоор тооцогдоно. Тиймдээ ч гүний уурхайг эхлүүлэх үеэр энэ ажлыг хэрэгжүүлэхээр болсныг зарласан нь олны анхаарлыг татаж буй. Монгол Улсын Засгийн газраас ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд болох Нарийнсухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюутолгойн зэс-алтны орд, Цагаан суварга, Шивээ-Овоо ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл энэ хүрээнд нэр бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 киловольтын гурван дэд станцыг өнгөрсөн онд барьж дуусгасан.

Мөн 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төрөөс бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Тавантолгойн цахилгаан станцыг барих тендерт хэний ашиг сонирхол байгаа болохоор хоёр удаа сунгав гэх хардлага төрж буй юм. Учир нь барих, шилжүүлэх нөхцөлтэйгээр 450 мВт-ын Тавантолгойн цахилгаан станцын төслийг гүйцэтгэх тендерт Хятадын “Чайна Энерги”, “Повер Чайна нуклери инженеринг  корпорашн”, “TBEA” тэргүүтэй зургаан компани болон ОХУ-ын нэг компани оролцож байгааг салбарын сайд нь мэдэгдсэн. Төслийн санхүүжилт нь 808.2 сая ам.доллар. Төслийн 15 хувийг Монголын Засгийн газар, 85 хувийг тендерийн ялагч хариуцах бөгөөд Оюутолгойн ирээдүйн орлогоос төлнө гэж тусгасан.

АШИГ СОНИРХЛООС ҮҮДЭЖ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ХОЁР УДАА ХОЙШЛУУЛСАН УУ?

Том компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашгийн талаар энд ярьж буй. Учир нь улс оронд хамааралтай уг асуудалд хэн нэгэн хүн хамаарал бүхий этгээдтэйгээ тоглолт хийж байж магадгүй дүр зураг ажиглагдаж байгаа. Тодруулбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Тавантолгой цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн дарга Г.Тулгыг Тавантолгойн цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн даргаар томилсон байдаг. Тэд өмнө нь ч тендер дээр хамтарч ажилласан болохыг news.mn сайт https://news.mn/r/2524864/ нийтлэлд бичсэн. Тэгэхлээр ашиг сонирхлын зөрчлөөс болж тендер шалгаруулалт удаа дараа хойшилсон байж болзошгүй юм.

ХҮЛЭЭЛТЭД НИЙЦЭЭГҮЙ БИЧИГ БАРИМТ ИРВЭЛ ТЕНДЕР ДАХИН ХОЙШЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Тавантолгой цахилгаан станцын тендерт оролцож байгаа долоон компани шаардлага хангахгүй болохыг Н.Тавинбэх сайд үгүйсгээгүй. Сэрүүн нөхцөлд 450 мВт-ын цахилгаан станцыг барих туршлагатай байх ёстой зэрэг ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа учраас л бидэнд нийцсэн материалыг хүлээж байна гэдгээ илэрхийлсэн биз. Тавантолгойн цахилгаан станцын тендерийн ялагчийг тодруулах хугацааг удаа дараа хойшлуулах болсон нь ч шаардлага хангаагүй компаниудтай холбоотой байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгийн оролцоотойгоор Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг гацаасны ард  Хятад компаниуд болон эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол, авлигын асуудал байхыг үгүйсгэхгүй. Хэрэв гурав дахь удаа хойшилбол үнэхээр ямар нэгэн зөрчил байх нь гарцаагүй нь батлагдана. Ямар ч байсан өнөөдөр нээж буй тендерийн үр дүнгээс олон зүйл ил болох бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж