Ч.Гантулга: Цахилгааны хэрэглээг шийдэх бүрэн боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Ч.Гантулга: Цахилгааны хэрэглээг шийдэх бүрэн боломжтой

“Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц төсөл”-ийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.


Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл одоо ямар шатандаа явж байна вэ?

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шийдвэрийг 2018 онд МУ-ын Засгийн газраас гаргасан. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бэлтгэл үе шат үндсэндээ хангагдаад дуусч байна. Учир нь голлох хоёр баримт бичиг болох техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэрэг суурь судалгаа хийгдэж дууссан. Үүнд нөлөөлөлд өртөж байгаа иргэдийн ахуйн судалгаа, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, нөхөн олговортой холбоотой санхүү төлбөр тооцоо, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн судалгаа, ан амьтдын судалгаа, түүх соёлын өвийн судалгаа гэх мэт холбогдох бүхий л төрлийн судалгаанууд ордог. Энэхүү зохион байгуулалтын цогц ажлууд хийгдээд дууссан.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлтэй холбоотой нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс ямар оролцоотой ажиллаж байна вэ?

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын гурван сум, дөрвөн багийн нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Шат шатны орон нутгийн байгууллагуудтай хууль журмын хүрээнд хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл нөлөөлөлд өртөөд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд шинэ суурьшлын газрыг төлөвлөх, төсөлтэй холбоотой мэдээллээр хангах, төслийн бүтээн байгуулалтын шатанд орон нутгийн иргэдийг ажлын байр болон бусад төрлийн оролцоогоор хангахтай холбоотой судалгаа гаргах гэх мэт ажлуудыг шуурхай зохион байгуулаад дуусч байна.

Манай улс УЦС барихад нэлээдгүй хэл ам дагуулж, хугацаа алдаж байгаа харагдах юм. Зарим төслүүд зогсож байсан удаатай. Энэ ямар шалтгаантай вэ?

Өнгөрсөн хугацаанд Эгийн голын УЦС-ын төсөл хэрэгжих шатандаа зогсож байсан. Шүрэнгийн УЦС-ын төсөл мөн хэрэгжээгүй. Учир нь  Сэлэнгэ мөрөн, Эгийн гол хойд хөршийн Байгаль нуурт цутгадаг бөгөөд 16 орчим хувийг хангадаг гэсэн судалгаа бий. Үүнтэй холбоотой тус нуурын эко системд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж үзээд төсөл эсэргүүцэлтэй тулсан. ОХУ Байгаль нуурыг Юнескогийн өвд бүртгүүлснээр ОУ-ын судалгааны байгууллагууд мөн адил тус төслийг хэрэгжүүлэхэд дахин судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Нөгөөтэйгүүр дотоодын эрчим хүчээ борлуулах сонирхол ч нөлөөлсөн. Дөргөн, Тайширын УЦС мөн багагүй хугацаанд яригдаж байгаад хэрэгжсэн. Одоо Дөргөний  УЦС баруун гурван аймгийн эрчим хүчний нийт хэрэглээний 24 орчим хувийг хангаж маш амжилтай ажиллаж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн судалгааны ажил 1964 оноос хойш хийгдэж байгаа. Засгийн газрын шийдвэр гарах хүртэл хэд хэдэн удаа төслийг хэрэгжүүлэх оролдлого хийсэн ч биелэлээ олоогүй нь үнэн. Энэ удаад холбогдох судалгаанууд амжилттай хийгдэж төсөл хэрэгжих нь тодорхой болсон. УЦС барих Ховд гол нь Монгол орны гадагшаа урсацгүй цөөн тооны голуудын нэг мөн. Тийм ч учраас энэхүү голын Шижигтийн хавцалд 90 МВт-ийн хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулахаар болсон. Мөн ирээдүйд каскад буюу цувраа хоёроос гурван бага оврын УЦС барьж байгуулах боломжтой гэсэн судалгаа гарсан байдаг.

Төсөл хэрэгжснээр баруун бүсийг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой юу?

Жил ирэх тусам хөдөө орон нутаг гэлтгүй эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Баруун бүсийн аймгуудын эрчим хүчний нэг жилийн хэрэглээ ойролцоогоор 180 сая кВт.ц гэсэн судалгаа байдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС нэг жилд 366 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тиймээс баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг ойрын 10-20 жил бүрэн хангах боломжтой гэж тооцоолж байгаа.

Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгаа вэ? Тэр дундаа сэргээгдэх эрчим хүч хэдэн хувийг хангаж байна вэ?

Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа талаар дээр дурьдсан. Тийм ч учраас эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох нь тулгамдаж байгаа асуудал болоод байгаа. Тэр тусмаа Дэлхий нийтийн жишгийн дагуу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү хэрэглэх тал дээр МУ-ын Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байгаагийн нэг илрэл нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл юм.  Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2020 онд 7.145.0 сая кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 142.7 сая кВт.ц -аар буюу 2.0 хувиар өссөн байдаг. Үйлдвэрлэсэн эрчим хүчний 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 7.9 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 1.2 хувийг УЦС-аар, 0.03 хувийг дизель станцаар тус тус бүрдүүлсэн байдаг.

Таны дурьдсан тоон үзүүлэлтүүдийг харахад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс эрчим хүч гаргаж байгаа үзүүлэлтүүд бага харагдаж байна. Цаашид нэмэгдүүлэх боломжтой юу?

Монгол улс эрчим хүчнийхээ хэрэглээг бүрдүүлэхийн тулд ОХУ, БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог. Одоо байгаа хатуу түлшээр ажилладаг дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс гадна нар, салхи, УЦС гэсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ байгуулахын бол нийт эрчим хүчнийхээ хэрэглээг дотооддоо 100 хувь шийдэх бүрэн боломжтой. Учир нь МУ-д 3800 орчим том жижиг нийлсэн гол мөрөн байна гэсэн судалгаа бий. Эдгээр гол мөрнүүд дээр бага, дунд оврын УЦС барьснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход нэг удаагийн хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалтын зардал, өртгөө нөхөх хугацаа багагүй байдаг нь эдийн засгийн талаасаа асуудал дагуулдаг. Цаашид агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгах үүднээс сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлээр шат дараатай ажлуудыг хийхээр МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан байдаг. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувь ирээдүйд нэмэгдэнэ гэж харж байна.

УЦС-ыг гадны улс орнууд хэрхэн үр дүнтэй ашиглаж байна вэ? Төслийн нэгж энэ тал дээр судалгаа ямар түвшинд хийгдсэн бэ?

Гадны улс орнууд УЦС-ыг өргөнөөр ашиглаж байна. Хойд хөрш ОХУ Байгал нуураас гарсан Ангар мөрөн дээр 3000 мВт-аас дээш хүчин чадалтай гурван том УЦС барьсан байгаа. Эдгээр том УЦС-ыг барьснаар Байгаль нуурын усны түвшин тогтвортой болж өөрөөр хэлбэл далангууд нь нуурын усыг барьснаар эко системд эерэгээр нөлөөлж байна гэж үздэг. Ховд, Говь-Алтай аймгаас хил дамжиж БНХАУ-ын нутаг дэвсгэр рүү гол урсаж оронгуут хилийн цаана томоохон усан сангууд бий болгосон байдаг. Энэ нь усаа нөөцлөхийн зэрэгцээ усан сан үүссэнээр тухайн бүс нутгийнхаа агаарт чийгшил өгч хур бороо орох, хөрсний усанд нэвчилт өгч газрын дээр болон доод усны балансыг тэнцвэржүүлэх эерэг нөлөөтэй байдаг. Мөн Хөх мөрний адагт дэлхийн хамгийн том буюу 22,5 ГВт-ын хүчин чадалтай УЦС барьсан байдаг. БНХАУ өөрөө аж үйлдвэрлэл болон хүн ам, эрчим хүчний хэрэглээгээрээ асар том хэрэглэгч орон хэдий ч зөвхөн УЦС-аар эрчим хүчнийхээ 18 орчим хувийг хангасан байдаг. Монгол улсаас 4.5 дахин бага газар нутагтай Япон улс гэхэд нийт 67 ширхэг том дунд оврын УЦС барьж байгуулан эрчим хүчнийхээ хэрэглээний тодорхой хувийг хангасаар байна. Дараагийн томоохон жишээг дурьдахад Зүүн өмнөд Азийн Лаос улс 4.5 сая хүн амтай, далайд гарцгүй орон. Гэтэл дотооддоо таван том УЦС-тай бөгөөд эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангахын зэрэгцээ экспортынхоо 87 хувийг хөрш орнууд болох Тайланд, Камбож, Вьетнам улсад эрчим хүчээ зарж борлуулах байдлаар хангадаг. Өөрсдийгөө дэлхий дахинд “Баттерей улс” хэмээн зарласан байдаг. Энэ мэтчилэн УЦС-ыг олон улсад хэрэгжүүлж буй сайн жишгүүдийг төслийн баг бүрэн хэмжээнд судалж төсөл хөтөлбөртөө тусгасан байгаа.

Монгол улсын эрчим хүчний салбарын ирээдүйн чиг хандлага ямар байх ёстой гэж харж байна вэ?

Өмнө дурьдсанчлан манай улс эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг хатуу түлшээр ажилладаг дулааны цахилгаан станцаар бий болгож байна. Үндсэндээ нүүрс түлж дулааны даралтын зөрүүнээс эрчим хүч гаргаж авч байна гэсэн үг. Энэ технологи одоо үед хоцрогдож байгаа нь үнэн. Гэхдээ улс орны хөгжлийг дагаад эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа энэ үед шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, хуучин байгаагаа тордож сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаас өөр замгүй. Ирээдүйд Монгол улс нар, салхины, УЦС-ын эх үүсвэрүүдээ ашиглаж эрчим хүчнийхээ хэрэглээг дотооддоо бүрэн шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Мөн дээр нь хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчийг түлхүү хэрэглэх чиглэлээр Олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Манай улс 1997 оны Киотогийн протокол, 2017 оны Парисын хэлэлцээр дээр энэ чиглэлээр үүрэг хүлээсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж