"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ойролцоо нөлөөлөлд автсан иргэд бий"

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ойролцоо нөлөөлөлд автсан иргэд бий"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ

-Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан машины хэрэглээтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой. Улсын хэмжээнд 492 цахилгаан машин байна. Энэ бол маш цөөхөн тоо. Иймд цахилгаан машины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах ёстой гэж дүгнэлээ.

Цахилгаан машин эрчим хүчний салбарын ачааллыг нэмэгдүүлэх хүндрэлтэй. Бидний тооцоолоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 20-30 хувь нь цахилгаан автомашин боллоо гэхэд эрчим хүчний хэрэглээ 15-20 мвб нэмэгдэх юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан машины цэнэглэх тоног төхөөрөмж 155 байна. Ерөнхийдөө цахилгаан автомашин агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.

Мөн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулбал ногоон эрчим хүчээр дотоодоос хэрэглээг хангах боломжтой. Барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл бүрэн хангасан. Гол нь нөлөөлөлд автсан иргэдийн асуудал байна. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой усан сангийн ойролцоо 270 өрхийн цаана 1251 иргэн байна. Тэдэнд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Биет бус соёл нөлөөллийн талаар Эрчим хүчний яаманд тодорхой санал боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Би иргэдийг ойлгож байна. Засгийн газар шинэ эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэрэгжүүлнэ. Мэдээж иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх арга хэмжээ авна. Тиймээс шинэ газарт суурьшихад боломжийн хэмжээний санхүүгийн дэмжлэг болно. Тавантолгой ДЦС-ыг эхлүүлэх тендерийг хоёр удаа сунгасан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 6 компани, ОХУ-ын нэг компани тус тус байна. Маргааш тендер нээнэ. Бидэнд нийцсэн тендерийн бичиг баримт ирэх байх гэж хүлээж байна.

Эрчим хүчний хэрэглэгчийн үнийг багадаа л 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үнэ нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болно. Ялангуяа цар тахал, ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн их хүнд цохилтод орж байгаа нь эрчим хүчний салбар болж байна.


Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Засгийн газраас ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан шатахууны нөөцийг хэвийн хадгалах чиглэлд анхаарч ажиллаж байгааг энэ үеэр тодотгов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж