ОХУ, Украины асуудал хүнс, шатахууны үнэд хэрхэн нөлөөлөв?

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

ОХУ, Украины асуудал хүнс, шатахууны үнэд хэрхэн нөлөөлөв?

ОХУ, Украины асуудал хүнс, шатахууны үнэд хэрхэн нөлөөлөв?

Цар тахлын үед улс орнуудад үнийн өсөлт буюу инфляци зорилтоос бага түвшинд байсан бол 2021 оны хоёрдугаар улирлаас эхлэн огцом нэмэгдээд байна. Тухайлбал, АНУ-д инфляци 2021 оны нэгдүгээр сард 1.4 хувь байсан бол энэ оны хоёрдугаар сард 7.9 хувьд хүрсэн нь төв банкных нь зорилтот 2 хувийн инфляцийн түвшнээс бараг дөрөв дахин өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн Евро бүсийн инфляци энэ оны хоёрдугаар сард 5.9 хувьд хүрсэн нь мөн л зорилтот түвшнээс 3 дахин давсан дүн.

Инфляци ийнхүү эрчимтэй өсөхөд хүнс, шатахуун зэрэг иргэдийн суурь хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дэлхий даяар өндөр өсөлттэй байсан нь голлон нөлөөлж байна.

ОХУ, УКРАИНЫ АСУУДАЛ БА ШАТАХУУНЫ ҮНЭ

Цар тахлаас сэргийлэх хөл хорио суларч, эдийн засгийн идэвхжил сэргэснээр газрын тосны үнэ өсөв. Брент төрлийн газрын тосны үнэ 2021 оны эхэнд баррель нь 56 ам.доллар байсан бол 2022 оны нэгдүгээр сард 91 ам.долларт хүрч, жилийн дотор даруй 63 хувиар өсчээ. Энэ оны хоёрдугаар сарын дундаас эхлэн дэлхийн газрын тосны экспортын 11 хувийг, Европын 30 хувийг нийлүүлдэг ОХУ-Украины хооронд геополитикийн хүндрэл үүссэн нь газрын тосны үнийг улам хөөрөгдөж, цаашлаад эрчим хүч, шатахууны үнэ дахин нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэв.

Брент төрлийн газрын тосны үнэ гуравдугаар сарын 23-ны байдлаар баррель нь 122 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын дундаж үнээс 33 хувиар өссөн дүн юм. Шатахууны үнэ өсөх нь инфляцид шууд нөлөөтэйгөөс гадна үйлдвэрлэл болон тээврийн зардалд нөлөөлөх замаар бусад бараа бүтээгдэхүүнд шууд бусаар нөлөөлдөг билээ. Манай улсад шатахуун энэ оны хоёрдугаар сарын байдлаар жилийн 48 хувиар өсч, инфляцийн 2.2 нэгж хувийг бүрдүүлж байна.

ХҮНСНИЙ ҮНЭ 28 ХУВЬ ӨСӨВ

2020 оны дунд үеэс олон улсын зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Ган гачиг, их хэмжээний хур тунадас зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал болон Covid-19 цар тахлаас үүдэлтэй тээвэр логистикийн саатлаас шалтгаалж хүнсний үнэ ийнхүү өсч буй юм.

Тоо баримтыг харвал, энэ оны хоёрдугаар сарын байдлаар хүнсний үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрээд байв. Гадаад зах зээлд хүнсний үнэ өсч буй тул дотоодод импортлогдож буй хүнсний үнэ даган өсч байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улсын хэрэглээний сагсны 6 хувийг бүрдүүлдэг импортын хүнсний үнэ жилийн 28 хувиар өсч, инфляцийн 12 хувийг бүрдүүлжээ.

ОХУ, УКРАИНЫ АСУУДАЛ УЛААНБУУДАЙН ҮНИЙГ ӨСГӨВ

Олон улсад нийлүүлэлт тогтворжоогүй энэ үед ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал дэлхийн нийтээр хүнсний нийлүүлэлтийн доголдол улам даамжрах, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөлийг үүсгэлээ. Энэ нь дэлхий дахинд эмзэг бүлгийн ард иргэдэд илүү хүндээр тусч, өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэж болзошгүй иргэдийн тоо огцом нэмэгдэх эрсдэл бодитоор бий болж байна.

ОХУ, Украин нь ургамлын тос, улаанбуудай, эрдэнэ шиш зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд нь анхдагч бүтээгдэхүүнүүд гэдэг утгаараа нийлүүлэлтийн сүлжээнд өндөр ач холбогдолтой юм.

Тухайлбал, геополитикийн асуудал үүссэнээс хойш дээрх бүтээгдэхүүнүүдийн үнэ хурдацтай нэмэгдсэн бөгөөд оргил үедээ улаанбуудай 63 хувь, ургамлын тос 27 хувь, эрдэнэ шиш 38 хувиар өссөн байна. Үнэ нь гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногоос алгуур саарч эхэлсэн хэдий ч геополитикийн асуудал эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж