Хөгжлийн банкинд үг олдож, ҮХЭР ХОЛДОВ

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкинд үг олдож, ҮХЭР ХОЛДОВ

Хөгжлийн банкинд үг олдож, ҮХЭР ХОЛДОВ

Хөгжлийн банкийг тонож идсэн асуудлаар УИХ бүтэн өдөржин нээлттэй сонсгол хийж, камерын өмнө оролцогчид нь шударга ёсны тэмцэгчид болцгоов. Хууль баталдаг нь, хэрэгжүүлдэг нь, хянадаг нь бүгд цугларсан тэрхүү сонсголыг үзэж, сонсоход хэрээнийхээ харыг гайхсан хэрээ ч олон. Оролцогчид нь төрд нүүрлэсэн хулгай, луйврыг яаж зогсоох, гажуудлыг нь хэрхэн засахаас илүү юу ярьж, масст таалагдах вэ л гэцгээлээ. Эндээс ганц үнэн юм нь Хөгжлийн банк улсаа хөгжүүлсэнгүй, улстөрчдийг хөлжүүлсэн байна.

Хөгжлийн банкнаас зээл авсан гэх 79 компанийн дийлэнх нь эрх баригч намынхны  хамаарал бүхий. Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, Б.Ундармаа, Ч.Ундрам, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Л.Энх-Амгалан, Д.Хүрэлбаатар, Ш.Лхамсүрэн, А.Сүхбат, М.Билэгт, Б.Элдэв-Очир гэх мэт МАН-ын олон гишүүн хувийнхаа компанид  Хөгжлийн банкнаас зээл аваад өгчихөж. Тэр нь чанаргүй зээл болчихож.

Атал, хүн олдвол хэрэг тохоход амархан гэгчээр Хөгжлийн банкны хулгай луйвраа тэд АН руу чихээд өнгөрчихнө гэж бодсон уу, УИХ-ын улаан коммунист Б.Энхбаяраас эхлээд зорилготой гүтгэлгээ зорилготойгоор сэвүүлж ч байх шиг. Хуульч хүн хамрын доорх хагархайны зоргоор бурж, бусдын нэр хүндэд халдаж болдоггүйг сайн мэдмээрсэн. Тэгж ярих юм бол, Б.Энхбаярын чичлээд байгаа Х.Баттулга чинь Ардын намын даргын зөвлөх байсан биз дээ.

Нэг.

Хөгжлийн банкнаас зээл авсан “Сэлэнгийн герефорд” компанийн эзэн нь олдохгүй, баахан үхэр үлдсэн болохыг УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр нийтийн сонсголын үеэр дэлгэв. “Үхэрчин хөвүүн”-ийг өдий хүртэл олж чадаагүй гэхээр Монголын төр үнэндээ дампуурчихжээ. Мэдээж, үхэр сүрэг өөрсдөө очоод, Хөгжлийн банкнаас зээл авчихаагүй нь ойлгомжтой.

Улсын бүртгэлээс харвал уг компанийн хувьцаа эзэмшигчийг Л.Баянбаатар гэдэг аж. 2018 онд тус компани мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан боловч Хөгжлийн банкинд төлөх өр нь өдгөө 5.4 тэрбумд хүрсэн гэх. Харамсалтай нь, Хөгжлийн банк өгсөн авсан мөнгөгүй, эзэнгүй хэдэн үхэртэй үлдэж байх шиг. Арай өнөөх нь “ЖДҮ идсэн үхэр”-үүд биш байгаа.

Энэ мэт Хөгжлийн банкийг тонож дээрэмдсэн хэргийг харахад анхнаасаа луйвардах зорилготойгоор зээл авсан компани цөөнгүй. Ирээдүйд олох орлогоо барьцаалсан зээл 1 их наяд 68 тэрбум, ихэнх нь 2017 оноос хойш олгосон гэвэл. "Алтай констракшн"-ийн Х.Бат-Эрдэнэ, "Бишрэлт"-ийн Б.Ундармаа, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нараас гадна ирээдүйд бий болох орлогоо барьцаалаад “Бэрэн групп” 16 тэрбум, "Вояжер минерал ресурсес" нэг тэрбум, "Түгээмэлтүмэн хишиг" 3.4 тэрбум, "Газ-Импорт" 4.3 тэрбум, Шанх майнинг 2.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна. "Вояжер минерал ресурсес" нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавынх.

Эндээс харвал Ардын нам 2016 онд засгийн эрхэнд гарсны дараа анхнаасаа Хөгжлийн банкийг тонож дээрэмдэх зорилготой байж. 2011 онд баталсан Хөгжлийн банкны тухай хуульд зөвхөн УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, бүр тодруулбал, олгосон зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл байх ёстой гэж тусгаж өгснийг 2017 онд өөрчилж,  банк ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээ өөрсдөө мэддэг болгосны хар гай энэ. Хууль эрх зүйн орчныг нь сайжруулах нэрээр хулгайгаа бүр хуульчлуулаад авчихсан байдаг юм. Ийм санаачилга гаргасан гишүүдийн нэг нь  өнөөгийн Засгийн газрын сайд гуай.

Хоёр.

Ардын намын генсек Д.Амарбаясгалангийн Хөгжлийн банкны зээлд холбогдсон гишүүдийг намаасаа түдгэлзүүлнэ гэх амлалт мөн шоу байсан нь ойлгомжтой болов.  ЖДҮ идсэн, авлига авсан хэрэгт шүүхээс ял шийтгэл хүлээсэн таван хүнийг дахиж “намнаснаар” Д.Амарбаясгалангийн шударга ёсны тэмцэл үүгээр дууссан гэлтэй.

Хөгжлийн банкны зээлийг нийтэд нь харлуулахаас илүү хэн нь зөвхөн луйвардах зорилготой байсныг ялгаж салгахгүй аваас хий дэмий цаг үрсэн энэ мэт хэлэлцүүлгүүд хийгээд нэмэргүй. Нийтийн сонсголоос цаашдаа төрийн авлига, хулгайтай яаж тэмцэх шийдэл гаргалгаагаа олох ёстой болохоос камерын өмнө бүгд жүжиглээд юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Жишээ нь, Х.Баттулга зөвлөхийнхөө “Нью Яармаг хаусинг прожект" компаниараа дамжуулан 142 тэрбум төгрөг авсан, сохор зоос ч  буцааж төлөөгүй юм бол түүнийг хууль шүүхийнхэн яагаад дуудаж байцаахгүй байгаа юм бэ. Хууль шүүх нь ажлаа хийхгүй аваас тэднийг халж, соль. Өөрсдийг нь шалгаж, мөрд. Түүнээс хэн нэгнийг олж зодохын тулд замд тааралдсан хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй.

АН-ын үед их хэмжээний найдваргүй зээл олгосон болохыг Ардын намын амтай болгон өчигдөржингөө шүүмжлэв. Тийм байсан юм бол бүхэл бүтэн зургаан жил МАН-ынхан яагаад гараа хумхиад, амаа жимийгээд сууцгаасан юм бэ.

Хөгжлийн банкийг дампууруулах гээгүй юм бол хууль шүүхэд хандаад аль уже хөрөнгө, мөнгөө олоод авчих хангалттай хугацаа биш гэж үү. Эсвэл хэн нэгнээс айгаад байсан хэрэг үү. 2018 онд Монголбанкнаас шалгалт явуулах үед  Хөгжлийн банкны нийт /2.4 их наяд төгрөг/ зээлийн 234 тэрбум нь чанаргүй, цэвэр зээл нь 2.1 их наяд төгрөг байсныг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээлттэй сонсголын үеэр хэлсэн. Гэтэл гуравхан жилийн дотор чанаргүй зээлийн хэмжээ 8 дахин өсч, 1.7 их наядад хүрсэн нь Төв банк, Сангийн яам, Хөгжлийн банк ажлаа хэр хийсний илрэл.

АТГ-ын дарга, тэргүүн комиссор З.Давшдаваа тус банкнаас авсан 29 зээлд эрүү үүсгэн шалгаж байгаагаа дурдсан. Тэгвэл түүнийгээ ил тод зарлах шаардлагатай. Ямар компани хэдэн төгрөг тонож луйвардсаныг. Нийгэм даяар цуутай дуулиан дэгдээчхээд эцэстээ “мөрдөн байцаалтын нууц” болгоод хав дарах тусмаа хардлага улам төрүүлнэ,  улс төрийн пропагандаа болж дуусна. Хэдхэн хүн ашиг хонжоо хийгээд хоцорно.

Гурав.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул 762 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргасан. Энэ нь төрийн өмчит үйлдвэрүүдийн авсан зээл аж. “Эрдэнэс Тавантолгой”, “Газрын тосны үйлдвэр”, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд энэ мөнгийг зарцуулсан байна. Мэдээж авсан зээлээ төрийн өмчит компаниуд хэрхэн зарцуулсныг мөн адил нягталж, шалгах ёстой юм. Учир нь, Засгийн газрын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бий.

Хөгжлийн банк, ЖДҮ-ийн луйврыг харвал төрийн өмчийг хэн хэрхэн манах тухай ярих цаг болсон байна. Товчхондоо, тогтолцоог нь үндсээр нь өөрчлөхгүйгээр Экзим банк байгуулсан ч эрх барьж буй аль нэг намын “идэж уудаг” бас нэг мөнгөний авдар болно.  Эцэст нь, өчигдрийн нийтийн сонсголыг дүгнэвэл, улстөрчдийн үг олдож, өнөөх эзэнгүй үхрүүд нь холдоод явчихав бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж