ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Хар тэнгисийн бүс нутагт хүнс тээвэрлэж явсан 90 хөлөг онгоцыг гацаажээ.
Дэлхийн улаан буудайн 30 хувь, эрдэнэшишийн 20 хувь, наранцэцгийн тосны 75 хувь нь Хар тэнгисийн боомтоор дамжиж улс орнууд руу хүрдэг. Гэвч ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хүнс тээвэрлэж явсан дор хаяж гурван хөлөг онгоцыг бөмбөгдсөн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман өчигдөр /2022.03.29/ хэлжээ. Эдгээр нь хувь хүний эзэмшлийн хөлөг онгоц байсан бөгөөд нэг нэр тодорхойгүй байгаа хөдөө аж ахуйн компанийн түрээсэлсэн онгоц байсан аж.
Тэрбээр "Дайны үр дагавар Украинаас хэдийнэ хальж, бүх дэлхийн хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлж эхэлсэн. Оросын Тэнгисийн цэргийн хүчин Украины боомтуудад нэвтрэх замыг хааснаар үр тарианы экспорт үндсэндээ зогсож байна. Тэд дэлхийн маш олон орон руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан 94 хөлөг онгоцыг Газар дундын тэнгист хүрэхээс сэргийлж, ийн гурвыг нь бөмбөгдсөн” гэж хэлжээ.
Хүний эрхийн ажиглагчийн мэдээлснээр, Орос Украины мөргөлдөөнөөс болж Ойрхи Дорнод болон Хойд Африкт хүнсний хямрал нүүрлэсэн байна. Тухайлбал, Ливан улс улаан буудайнхаа 80 хувийг, Египет улс улаан буудай болон их хэмжээний наранцэцгийн тосыг Украинаас худалдаж авдаг аж. Мөн Ливи улс улаан буудайнхаа 40 гаруй хувийг, Йемен 27 орчим хувийг тус тус импортолдог. Сирийн баруун хойд нутгийн эрх баригчид Туркээр дамжуулан авсан улаан буудай, гурилаар өөрсдийн бүс нутгийг хангадаг. Гэтэл Турк улс нь өөрөө улаан буудайныхаа 90 хувийг Украинаас импортолдог байна.
Энэ явдлаас улбаатайгаар олон тээвэрлэгч Хар тэнгис рүү болон Оросын боомтууд руу хөлөг онгоцоо илгээх эсэхдээ эргэлзэж эхэлсэн гэж "Ukrinform" цахим хуудаст мэдээлжээ.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ