ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр /2022.03.30/ БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр Орос, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа ийнхүү гол холбоотон руугаа айлчиллаа.
Бээжин дэх Оросын Элчин сайдын яамны “Weibo” цахим хуудаст Сергей Лавровын Хятадын зүүн хэсгийн Хуаншань хотод онгоцноос бууж буй, албаныхан угтан авч буй гэрэл зургуудыг нийтлэгджээ. Энэ удаагийн айлчлалаараа Лавров хэд хэдэн уулзалтад оролцох бөгөөд Афганистаны асуудлыг хэлэлцэнэ. Тус хэлэлцээд АНУ болон Талибан тэргүүтэй хөрш орны дипломатууд оролцох юм байна. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчидтэй уулзана гэж Бээжингээс мэдэгдсэн ч Лавровтой ганцаарчлан уулзах эсэх нь тодорхойгүй байна.
Барууны орнууд Украины асуудлаас үүдэлтэйгээр урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээг Москвад авч буй энэ цаг үед Орос, Хятад хоёр орны харилцаа нэн сайн байна гэж Сергей Лавров мэдэгдэж байв. Бээжин хориг арга хэмжээг эсэргүүцэж, Оростой эдийн засаг, худалдааны харилцаагаа хэвийн байлгана гэдгээ удаа дараа илэрхийлсэн.
Хятадын Гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсад айлчилсан. Араас нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд мөн энэ долоо хоногт тус улсад айлчлахаар болсон гэж “The Hindu” сонинд мэдээлжээ. Энэ нь Орос, Украины мөргөлдөөнөөс хойших Москвагийн хамгийн дээд түвшний айлчлал болох тул Энэтхэгийн дипломат харилцаанд стратегийн чухал ач холбогдолтой юм. Айлчлалын товыг Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С Жайшанкар удахгүй зарлана гэв.
Эх сурвалж: FRANCE24, LIVEMINT
Холбоотой мэдээ