Катар-2022: Роналдо эрхээ авч, Салах "лазердуулав"

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Катар-2022: Роналдо эрхээ авч, Салах "лазердуулав"

Катар-2022: Роналдо эрхээ авч, Салах "лазердуулав"

"Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 багийн нэр бүрэн тодрох дөхлөө. Өчигдөр дэлхийн аваргын эрхийн төлөөх гал гарсан, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтууд тив бүрт болов.


Европ – Португал, Польш хоёр эрхээ авав

Роналдог бид ирэх өвлийн дэлхийн аваргад харахаар боллоо. Португалын шигшээ баг урд шөнө Италийг буулган авсан Умард Македоны шигшээ багтай тоглож, 2-0 гэсэн харьцаатай хожив. Талбайн эздээс Бруно Фернандеш 32 болон 65 дахь минутуудад гоол оруулсан юм.

Месси, Роналдо гэх хөлбөмбөгийн хоёр агуу эрхэм тав дахь дэлхийн аваргадаа дараалан оролцоно. Магадгүй 2022 оны дэлхийн аварга тэдний хувьд сүүлийнх байх биз.

Катар-2022 ДАШТ-д Польш улс оролцоно. Тэд талбайдаа Шведийн шигшээ багийг хүлээн авч, Роберт Левандовски, Пиорт Зьелински нарын гоолоор ялалт байгуулав. Златан Ибрахимович 79 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан ч багтаа тус болж чадсангүй. Ирэх өвөл бид Златаныг Катарын зүлэг ногоон дэвжээнээ харахгүй.

Европ тивийг төлөөлж, 13 баг дэлхийн аваргыг зорино. Одоогоор 12 багийн нэр тодроод байна. Тухайлбал, Герман, Дани, Франц, Бельги, Англи, Хорват, Испани, Серби, Швейцарь, Нидерланд, Португаль, Польш. Үлдсэн ганц эрхийн төлөө Шотланд, Украин, Уэльс гэх гурван улс хүч үзнэ. Гэхдээ Украинд болж буй дайны улмаас Шотланд-Украины тоглолт хэзээ болох нь тодорхойгүй байна. Тэдний ялсан нь Уэльстэй тоглоно.

Европ тивээс Итали, Турк, Швед, Чех, Норвеги, Австри тэргүүтэй улсууд дэлхийн аваргыг өнжинө.

Африк – Гана, Сенегал, Тунис, Морокко, Камерун эрхээ авав

Европын эрх олгох тэмцээнтэй харьцуулахад Африкийн багууд хоёр тоглолт хийсэн. Гана, Нигерийн багуудын эхний тоглолт 0-0 гэсэн харьцаатай тэнцсэн бол хариу тоглолт 1-1 гэсэн харьцаатай тэнцэв. Гэхдээ Гана эсрэг багийнхаа талбайд гоол оруулсан гэх үзүүлэлтээрээ дэлхийн аваргын эрхээ авчээ. Энэхүү үнэ цэнтэй ганц гоолыг Томас Партей оруулсан аж.

Египет, Сенегалын хоёр тоглолтын нийлбэр дүн 1-1 гэсэн харьцаатай тэнцэж, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулсан. Торгуулийн цохилтын үеэр Сенегалын хөгжөөн дэмжигчид эсрэг багийн тамирчдын нүд рүү лазер тусгаж, саад болов. Үүний улмаас Египетийн дөрвөн тамирчны гурав нь торгуулийн цохилтоо алдаж, Сенегал ялалт байгуулсан юм.

Египетийн шигшээ багийн тоглогчид, хаалгачийг Сенегалын хөгжөөн дэмжигчид "лазердав"

Камерун 120+4 дэх минутад гоол оруулан, эцсийн мөчид дэлхийн аваргыг зорихоор болов. Карл Токо Экамби ард түмнийхээ баатар болж, энэхүү гайхалтай гоолыг оруулсан юм. Эсрэгээрээ Алжир дэлхийн аваргыг өнжихөөр боллоо. Уг нь тэд тэнцэхэд л хангалттай байсан юм.

Мороккогийн шигшээ Конгын шигшээг хоёр тоглолтын нийлбэр дүн 5-2 гэсэн харьцаатай хожиж, дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ.

Тунис-Малигийн хариу тоглолт гоолгүй тэнцэж, эхний тоглолтод оруулсан ганц гоолынхоо ачаар Тунис Катарыг зорих хоёр талын тасалбараа захиаллаа.

Африк тивийг төлөөлөн дээрх таван улс ДАШТ-д оролцоно.

Одоогийн байдлаар 27 улсын нэр бүрэн тодроод байна. Удахгүй үлдсэн таван улсын нэр тодрох юм. Харин Катар-2022 ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа дөрөвдүгээр сарын 1-нд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж