Энэ долоо хоногийн VS буландаа Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн асуудлыг онцолж байна. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт тус үйлдвэрийг төрд авч буй талаар мэдээлсэн. Ийнхүү Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авснаар хувийн өмчийг булаан авч байна гэж нэг хэсэг нь ярьж байгаа бол нөгөө хэсэг нь Хөгжлийн банктай холбогдуулан төрд авах шаардлага үүсч буйг хэлж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр тойрсон эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.
Э.ХАШЧУЛУУН
Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн хуулийн зөвлөх
-Төр хувийн хэвшлийг дээрэмдэж байна. Энэ үйлдэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. ТӨБЗХГ-ын 108 тоот тогтоол байна. Уг тогтоолоор ТӨБЗГ өөрсдийнхөө хийсэн 2015 оны худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. Энэ гэрээ нь 2017 онд дүгнэгдээд дууссан. 41 тэрбум төгрөг өгч, төрийн өмчийн хороотой гэрээгээ дүгнээд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг худалдаж авсан ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл хүчингүйд тооцож байгаа гэрээний 6.2- т заасан “Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх заалтыг мөрдөхгүй байна. Өнөөдөр Хөтөлийн үйлдвэрийг худалдан авсан компанийн хувьцааг хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна. Энэ хөрөнгө анхнаасаа ТӨБЗХГ-т байгаагүй. Байгаагүй хөрөнгийг Засгийн газрын тогтоол гаргаж, хүчингүй болгосон ч гэсэн төрийн өмчид шилжих ёсгүй. Энэ бол дээрэм. 2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хөтөл компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нас барсантай холбоотойгоор 2019 өв залгамжлах эрх нь нээгдсэн. 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хууль ёсны өв залгамжлагч өв нээлгэх хүсэлтээ гаргасан ч нотариатчдын танхим өнөөдрийг хүртэл өвийг нээхгүй байна. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байхад ЗГХЭГ-ын дарга нь өв залгамжлагчгүй мэтээр нийгэмд зарлачихлаа. Үүний араас ТӨБЗГ-ын дарга нар нь ажлаа авахаар ирж байна. Энэ үйлдлийг АТГ-д өгч шалгуулна. Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ. Энэ хөрөнгийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг Монгол Улсын шүүх шийднэ. Түүнээс биш төрийн нэг агентлагийн дарга шийдвэр гаргаад, захирал томилдог асуудал ардчилсан Монгол Улсад байхгүй. Эсвэл Монголын төр коммунизм руу буцаж байгаа юм уу.
Ж.ЭРХЭМБААТАР
Хөгжлийн банкны дэд захирал
-Хөтөлийн "Цемент шохой" гэдэг компанийн төлөөлөх эрхтэй гээд яригдаж буй гүйцэтгэх захирал буюу Удирдах зөвлөлийн төлөөлөх эрх хууль бус. Өөрөөр хэлбэл, төлөөлөх эрхгүй этгээд. Учир нь "Бейзмент" гэх компанийг 100 хувь өмчлөгч иргэн 2018 онд нас барсан. Нас барснаар ямар үр дагавар үүссэн бэ гэвэл бусдад олгосон итгэмжлэл хуулиараа хүчингүй болдог. Гэтэл "Бейзмент" компанийн гүйцэтгэх захирал н.Ганзориг гэх этгээд хууль бус хүчин төгөлдөр болсон хэлцлийг үндэслээд, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл "Бейзмент" гэх компани Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлөөд яваад байгаа. Гэхдээ Хөгжлийн банкинд мөнгөө өгөхгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах болохоор итгэмжлэл гаргаад, өөрсдөө оролцоод байна. Шүүх дээр асуудлаа шийдэх ёстой байтал төр түрэмгийлж авлаа гэдэг яриад байна. Дөрвөн жилийн турш Хөгжлийн банк шүүхэд өгөөд, хөөцөлдөөд, өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй байна. Хоёрдугаарт, Баянгол дүүргийн шүүхэд хэрэг үүссэн Хөтөлийн "Цемент шохой" буюу "Бейзмент" компанийн хариуцагчаар татагдсан ажиллагаа явагдаж байна. Энэ ажиллагаа дээр тус компани “Энэ манай авсан зээл биш" гэж тайлбарладаг. Хөгжлийн банк хуулиараа хэн нэгэн этгээдийн өв залгамжлах эрхийг зогсоох эрхтэй байгууллага биш. 2018 оноос өөрсдөө шүүхэд очихгүйн тулд тухайн компанийг эзэнгүй болгох оролдлого зориуд тасралтгүй хийчхээд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсний дараа Хөгжлийн банкийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Холбоотой мэдээ