АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.03.29/ шүүхийн шийдвэр гараагүй байхад хууль бусаар гэсгээн цээрлүүлэх, тэр дундаа дүүжлэн хороохын эсрэг шинэ хууль батлав. Энэ нь АНУ-ын түүхэнд анх удаа батлагдаж буй хууль юм. Тодруулбал, 200 гаруй оролдлогын дараа ийн албан ёсоор хууль тогтоомжийг нь кодчилжээ.
Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг гэсгээн цээрлүүлэх, зөвшөөрөлгүйгээр байцаах үйлдлийг Линчийн шүүх гэж нэрлэдэг. Уг нэр томьёог АНУ-ын шүүгч Чарльз Линч 18 дугаар зуунд үүсгэжээ. Тухайн үед хууль байгаагүй тул 1865-1950 оны хооронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан 6500 орчим гэмт хэрэгтэн ял шийтгэлгүй үлдсэн аж. Шинээр батлагдсан хуулийн дагуу линчийн гэмт хэрэг үйлдсэн хүн 30 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Уг хуулийн төслийг Миссисипи мужид харгис хэрцгийгээр тамлуулж нас барсан 14 настай хар арьст хүүгийн гашуун түүхтэй холбоотойгоор санаачилжээ. Эммет Тил нэртэй хүүг 1955 онд харгисаар тамлан хөнөөснөөс үүдэн иргэний эрхийн хөдөлгөөн өрнөж байсан аж.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис гарын үсэг зурах ёслолын үеэр “АНУ-д олон мянган хүн Линчийн шүүхийн эсрэг хууль байгаагүйн улмаас тамлуулж амиа алдсан. Линчийг өнгөрсөн үед үлдсэн зүйл гэж харж болохгүй. Одоо хэр нь АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах террорист үйлдлүүд гарсаар байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: AXIOS