Бирдүүдийг тэтгэж, ард түмнээ шулах донг өөгшүүлэн таашаал авагч “хаан” засаглал

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Бирдүүдийг тэтгэж, ард түмнээ шулах донг өөгшүүлэн таашаал авагч “хаан” засаглал

Бирдүүдийг тэтгэж, ард түмнээ шулах донг өөгшүүлэн таашаал авагч “хаан” засаглал

Гурав, дөрөвхөн сарын өмнө эрх баригч Ардын намын дарга омог төгөлдөр намаасаа батламжлагдах үед хэлсэн үгтэй нь холбогдуулж ийн бичиж байв. Сануулъя л даа.

“Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй нь уялдуулна” гэж сүр жавхлантай мэдэгджээ. Эндээс  “Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй нь уялдуулна” гэдэг сонирхол татаж байна. Нэгэн жишээ хэлье. Ойрын өдрүүдэд Ардын намын Их хурлыг угтах мэт бараг өдөр болгон шахуу шатахууны үнийг Колонкын эзэд нэмлээ. Үнэ чөлөөлж байна, нэрийн дор. Чөлөөлдөг юм байж. Гэтэл Колонкын эзэд бүгд Их хурал дотор, Ардын намын зүрхэн дээр албан тушаал хашиж, омог бардам сууцгаана. Мань Колонкын эзэд эдүгээ бензинийг Онцгой албан татварын хөнгөлөлт нэрээр 0 төгрөгийн татваргүй Монголыг тойрсон жижиг боомтуудаар оруулж ирэн, ард түмэндээ шахаж суугаа билээ. Ямар ч татваргүй.

Колонкын эздийн хөрөнгө орлогыг бид мэднэ. Далай биз дээ. Тэс петролиум, Сод Монгол, Шунхлай, Ник гээд л. Монголоосоо илүү шахуу хөрөнгөтнүүд. Гэтэл эднээсээ 0 төгрөгийн татвар авалгүй гааруулан дэмжиж, Монголын ард түмнээ шатахуунаар хангаж байгааг хэрхэн ойлгох вэ, Монгол Ардын намын дарга Оюун-Эрдэнэ ээ. Төрийг эзэгнэгч та төрийн албан хаагчдынхаа хөрөнгө орлогын мэдүүлэг татварын төлөлтийг уялдуулахынхаа өмнө өөртэйгээ зэрэгцэн суугаа, ханалан ханхайж байгаа шатахууны бизнес эрхэлэгчдээсээ эхлээд татвараа ав аа, улс түмнээ бод оо.

Эх орон, элдэв поп гоё юм ярихаасаа өмнө эхлээд дэргэдээ байгаагаа цэгцлээч дээ. Ганцхан баримт хэлье. Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй зэрэгцэн суугаа Колонкын эзэд жилд 60 тэрбумын татварыг үл төлөн, Ерөнхий сайдынхаа замнал, зорилтыг үл хэрэгсэн даажигнан сууна. Ерөнхий сайд уг нь 60-тай холбоотой асуудалд даан ч сийрэгхэн хандаж ирсэн сэн. Таны шударга ёс дахин шинээр бэхжихэд Колонкын эздийн жаран тэрбумын асуудал тодорхой хүлээж байна даа. Ардын намынхаан, улсдаа татвараа төл өө! хэмээн сануулан бичиж байжээ.

Гэтэл өнөөдөр энэ цаг дор, гуравдугаар сарын 30-ны энэ өдөр Засгийн газар бензин шатахууны импортыг нэг мөсөн тэг татварт шилжүүлэхийг хэлэлцэж байна. Даажинтай шүү. Угаасаа ганц хоёрхон, тодруулбал Замын-ҮҮд, Сүхбаатар боомтоор л онцгой албан татвар авах хууль үйлчилж байгаа. Колонкчин гишүүд тэртээ тэргүй жижиг боомтуудаар 0 татвартайгаар үргэлж л зөөж ирсэн. Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар эдгээр колонкчдод ямар ч их өглөгтэй, өртэй, янаг ялдам юм. Үгүүлшгүй. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого гэгч нь ингэж хэрэгжиж байгаа бололтой. Ёс зүй нь нойл, шударга шалгаралд хэзээ ч эвсч үзээгүй колонкчдод хууль тогтоохын дарга, Засгийн газар бүгд барьцаалагдаад удлаа.

Торлон хэрж, дураараа тонгочин зоолж байна, колонкынхон. Сонин хэвлэлээр үргэлж л бичигдэж байгаа. Ард түмэн хараад л, мэдээд л байна. Засгийн газар ийн сонин шийдвэрүүд гаргаж, колонкын эздийг тэтгэх мөртөө шатахуун үйлдвэрлэлийн түүхий эдийн татвараа асар өндөр тавьчихаад, хаачихаад, түгжчихээд сууж байгаа шүү дээ. Үйлдвэрлээд, хийгээд, зах зээлийнхээ тодорхой хувийг хангаад ард түмнээ тэтгээд, улсдаа дэм бологсдоо таягдан нулимдаг нь үнэхээр ойлгомжгүй. Нэг үгээр хэлбэл, дэлхий нийтээр дайнаас үүдсэн эдийн засгийн эрсдлэл хямрал гаарсан энэ үед ч колонкын эздийн лобби үнэн замаа алджээ. Лоббид автан янагших Засгийн газрын үйлдэл шийдэл нь харалган мунхаг. Бирдүүдийг тэтгэж, ард түмнээ шулах донг өөгшүүлэн таашаал авагч “хаан” засаглал.

ГОЛ НЬ АРД ТҮМЭНД ТААЛАГДАНА

-Тиймээс “ухаалаг” Засгийн газар маань шатахууны бизнесчдэд хээнцэрдсэн, ард түмэн, эх орныг шулсан 2018 оны 26-р тогтоолынхоо газрын тосны бүтээгдэхүүнийг аль хилийн боомтоос нэвтрүүлж байгаагаас хамаарч тогтоосон онцгой албан татварын “0” хувь хэмжээг өөрчлөх нь шударга ёсонд нийцнэ-

Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй үндсэн язгуур гачаалтай орон-Монгол. Энэ учир хэрэглэгчид, төр засаг, импортлогчид гэсэн гурван субъектын эрх ашиг бидний үргэлжийн сэдэв байх нь гарцаагүй юм. Хэрэглэгчдийн эрх ашиг бол нэгдүгээрх болох нь огтхон ч эргэлзээгүй боловч хамгийн их асуудалтай тулгарагсад бол шуудхандаа хэрэглэгч, ард түмэн. Хүртээмж, хомсдол, үнээс өгсүүлээд олон хатуутай тулна. Шатахуун импортлогчдод ч гэсэн тоочвол асуудлууд буй байх. Гэхдээ тэд бол нийлүүлэгчид, хилээр оруулж ирсэн бараагаа зарж байгаа л улс. Засаг төрийн асуудал ойлгомжтой. Хэрэглэгч ард түмнийхээ эрх ашгийг тэнцүүлж, асуудал бухимдлыг шийдвэрлэгч байх л ганц үүрэг зорилготой. Үүнийгээ ч Засгийн газрууд ямар нэг байдлаар дээрдүүлэн зохицуулахыг эрмэлзэж ирж.

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ

Шатахууны талаар  хэрэглэгч олондоо ивээлтэй, үнэ болоод хүртээмжийг бодолцсон Засгийн газар У.Хүрэлсүхийнх. Өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч яг энэ агуулгаар тогтоол гаргаж байсан юм билээ. Гурван жилийн өмнө нэгдүгээр сард ийн У.Хүрэлсүхийн Засаг 26-р тогтоолоороо импортоор оруулж ирэх автобензин, дизелийн түлшинд онцгой татварыг тэглэсэн.  Үндэслэл шалтгаан нь тов тодорхой, дотоод зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтийг хянахыг салбар хариуцсан сайдад үүрэгдсэн. Эдүгээ ч энэ тогтоолын дагуу шатахууны зах зээл зохицуулагдаж байна.

Гэвч бензиний нийлүүлэлт тасалдаж, иргэд шатахууны дараалалд зогсч ард түмэн, төрөөрөө хямарч болохыг бид тун ойрхны жишээнд бүхий л мэдрэхүйгээрээ хүртээд байж байна. Шаварт унасан шарын үлгэрээр Ерөнхий сайдаасаа эхлэн өндөр аван үзэцгээж байж, сая нэг юм нөөц бүрдүүлэлт хийгдэж, арайхийн хэвийн байдалдаа орлоо. Энэ дунд "Роснефть" ч юу болохоо, улстөрчид ч хэн болохоо, шатахуун импортлогчид ч хэр болохоо бүх талаар нэгмөсөн үзүүлэх шив дээ.

Нэг тодорхой нь, Засгийн газар ямар ч үед иргэд хэрэглэгчийнхээ төлөө зүтгээд байгаа нь харагдаад байх. Харин шатахууныг улс төрийн зорилгоор тасалдуулсан улстөрчид, шатахуун олж ирж баатар бологсод, ерөөс манай улс газрын тосны талаар ямархуу эмх цэгц, бодлого стратегитэй явж байгаа нь ойлгомжтой боллоо. Нэг үгээр хэлбэл, унасан мориндоо уух усыг нь олж өгдөг бодлоготнууд, тэр усыг нь дөхүүлж өгдөг импортлогчдын ч талаар бодьтой эргэцүүлж, зөв зүйтэй алхмуудыг төр засаг шат дараатай хийх хэрэгтэйг гүнзгий мэдрүүлэв.

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭСЭН БОЛОМЖИЙГ ЯМАР БООМТУУДААР ХЭРХЭН ЭДЭЛЖ БАЙНА ВЭ?

Гаалийн статистик харъя. Манай улс жилд дунджаар 1,643 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосноос 65 хувь нь буюу 1,071 мянган тонн нь дизель түлш, 35 хувь буюу 572 мянган тонн нь авобензиний импорт байна. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч 46 аж ахуйн нэгж импортын гаалийн болон бусад татвартай холбоотойгоор жилд 633,7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг бөгөөд тус татварын 77 хувь нь дизелийн түлшинд, 23 хувь нь автобензинд ноогдож байна. Татварын төрлийн хувьд авч үзвэл 48 хувь буюу 306,1 тэрбум нь онцгой албан татварт, 52 хувь нь бусад татварт ноогдож байна. Бусад татвар буюу  52 хувьд нь, гаалийн татвар, замын татвар, нэмүү өртгийн албан татвар,  борлуултын ашгаас төлөх татвар зэрэг багтдаг болохыг  тодотгоё.

Энд “онцгой албан татварт” хамаарах тоо бусад татваруудын нэгдсэн дүнтэй бараг тэнцүү харагдаж байгааг уншигчид анзаарч байгаа байх аа. Энэ их тоо эзлэх татварыг тэглэхэд ямархуу шамшигдал үүсч байгааг харж болох байна. Баримт түшье. Онцгой татварыг тэглэсэн Гаалийн гарцуудыг нэрлэе. Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульханмайхан. Мөн Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав боомтуудаар АИ 80, 92 бензин онцгой албан татваргүй орж ирдэг байна. Олон боомт шүү, ямар ч татваргүй, нэв нээлттэй. Зөвхөн Замын-Үүд , Сүхбаатар боомтоор орж байгаа дээр дурдагдаагүй нэр төрлийн нефть бүтээгдэхүүнүүд л 100 хувь онцгой албан татвараа төлдөг юм билээ.

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭГЛЭЛТ БА ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

2018-2021 оны хооронд 5,5 сая тонн дизель болон автобензин импортлогдсоноос 50 хувь буюу 2,8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн онцгой албан татварын хөнгөлөлттэй горимоор гаалийн бүрдүүлэлт хийгджээ.  Тухайлбал, Магнайтрейд, Тэспетролиум, Шунхлай, Содмонгол, УБТЗ, НИК компаниуд 1,7 сая тонн буюу нийт хэмжээний 63,5 хувийг хилийн боомтын “0” татвартай гаалийн бүрдүүлэлтийг хийж авсан байна. Эдгээр компаниуд дунджаар хоёр гаалийн боомт ашиглан бүрдүүлэлт хийж байсан бол Магнайтрейд есөн боомт, НИК, Шунхлай компаниуд тус бүр найман боомт ашиглан авто тээврийн хэрэгслээр буюу машинаар тээвэрлэн гаалийн бүрдүүлэлт хийжээ. Ингэснээр тус компаниуд нь Засгийн газрын 2018 оны 26-р тогтоолын дагуу сүүлийн гурван жилд Олон Улсын гэрээний дагуу татвараас чөлөөлөх нөхцөлтэй импортоос гадна 215,3 мянган тонн дизель түлшийг нэвтрүүлэхдээ онцгой албан татварын “0” тарифаар гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаагаас дүгнэхэд 60,3 тэрбум орчим татварын хөнгөлөлтийг эдэлсэн байна.

Ийм өндөр боломжийг эдлээд дээрээс нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.2.5 дахь заалтын дагуу “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортоор оруулж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ноогдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ноогдуулна” гэсэн боломжийг мөн давхар эдлэн байгааг үнэндээ л буйлж байна гэхэд хилс яриа огт болохгүй билээ. Нэг үгээр хэлбэл бараагаа зараад дараа нь татвараа төлж байна. Бусад бизнес эрхлэгчдэд ийм боломж байдаг бил үү. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын төр газрын тосны шатахуун импортлогчдод эрх ашгийн асар өндөр боломж олгож байна гэж тов тод ойлгогдож байна. Мөн импортлогчид ч гэсэн татвараас их хэмжээгээр зувчуулж чадсаныг баримтаас бэлхэнээ харах боломжтой.

ИМПОРТЛОГЧИД ИЙМ “АЧЛАЛТАЙ” БАЙСААР БАЙГ УУ!

Саяын өгүүлсэн тоо баримтаас манай газрын тосны импортлогчид улсдаа болоод иргэндээ үнэндээ ачлалтай бус байна. Боомтуудаар машинаар зөөн тэг татвартайгаар оруулаад ард иргэддээ зарж байгааг хуульчлагдсан дээрэм ч үзэж болох. Нөгөөтэйгүүр энэхүү автомашинаар зөөдөг асуудлыг олон улсад  бүтээгдэхүүний чанарт зохимжгүй, бохирдолтой болгодог, тоо хэмжээний зөрүү ихээхэн үүсгэдэг зэрэг асуудалтай тул ийм тээврийг дэмждэггүй дэлхийн стандарт бий. Хөлс хөдөлмөрөө шингээж цуглуулсан, өр лизинг тавьж авсан иргэдийн машины хэд нь татвараас мултрахын тулд чанарын шаардлага хангаагүй тээврээр орж ирсэн чанаргүй бензинийн улмаас  эвдэрч хэмхэрч байдгийг үнэндээ бид мэдэхгүй. Гэхдээ хаана хаанаа энэ бүхнийг нягтлан бодолцох шаардлагатай болжээ.

Хамгийн хоржоонтой нь, Засгийн газар “0” татварыг тогтоохдоо орон нутаг, алслагдсан сумын иргэдийн эрх ашигт нийцүүлж энэ шийдвэрийг гаргасан гэх. Гэхдээ үнэхээр энэ шийдвэр хэрэгжсэнээр орон нутаг, зах хязгаарын иргэд хямд үнэтэй шатахуун ашигладаг болсон гэж үү. Үгүй гэдгийг захаас аван хэн ч батална. Тэгэхээр Засгийн газрын алдарт тогтоолд өгүүлсэнчлэн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, үнийг өсгөхгүй байх сайхан зорилго нь зургийн луутай жишим, санааны хий хээтэй адил ажээ. Харин ч энэ тогтоол нь зарим аж ахуйн нэгжид онцгой албан татвараас зайлсхийх алтан хөндий үүсгэж, татварын тэгш байх зарчмыг таягдан үлээж байна.

Мөн манай улсын ядмагхан эдийн засаг, төсөвт төвлөрч байх учиртай татвараас орж ирэх эргэлтийг тасалж байна. Үнэхээр шатахууны үнэ буурахгүй гэхэд өсөхгүй, өссөн гэхэд хонон өнжин дугаарлуулахгүй хүртээмжтэй байх учиртай. Тэгж чадахгүй бол онцгой албан татвар нэрийн дор хөнгөлсөн 60.3 тэрбум төгрөгөөр хэдэн цэцэрлэг барих вэ гээд бид ярьж суух ёстой бус уу.

Хуулийн цоорхой ашиглагчид улам гаарсаар, төрийн толгойд овоорсоор. Энэ ард түмэнд, эх оронд минь даажинтай байна биш гэж үү. Тиймээс ухаалаг Засгийн газар маань шатахууны бизнесчдэд хээнцэрдсэн, ард түмэн, эх орныг шулсан 2018 оны 26-р тогтоолынхоо газрын тосны бүтээгдэхүүнийг аль хилийн боомтоос нэвтрүүлж байгаагаас хамаарч тогтоосон онцгой албан татварын “0” хувь хэмжээг өөрчлөх нь шударга ёсонд нийцэх ёстой юм.

Х.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж