Ховд аймгийн Жаргалант сумын тавдугаар цэцэрлэгт өчигдөр /2022.03.29/ 08:30 цагт бага насны хүүхэд өндрөөс унажээ. Тухайн хүүхдийн биеийн байдлын талаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс мэдээлэл өглөө.
Жаргалант сумын БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Д.Цэрэнбадам:
-Өндрөөс унасан дөрвөн настай хүүхдийн биеийн байдал хүнд байсны улмаас гэмтлийн тасагт яаралтай тусламж үзүүлсэн. Эхний ээлжид нарийн мэргэжлийн оношилгоо хийж, дунд чөмөг хугарсан, тархи доргилттой болохыг оношилсон. Одоо хүүхдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Компьютер томографийн шинжилгээгээр нарийвчлан харсан. Эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна.
Бага насны хүүхдийн яс хугарсан гэдэг их өндрөөс унасан гэсэн үг. Энэ асуудлаар эмнэлэг дээр ар гэрийнхний төлөөлөл болон хүүхэд хамгааллын байгууллага, цэцэрлэгийн багш, удирдлага бүгд ирсэн.
Цаашид хүүхдийн биеийн байдлыг тогтмол хянаж, дараагийн шинжилгээнүүдийг давтан хийнэ. Өнөөдрийн шинжилгээгээр биед ноцтой өөрчлөлт илрээгүй. Тархины томограф дээр мөн яаралтай мэс засал хийх зэрэг зүйл ажиглагдаагүй. Шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах болно. Хүүхдийн ухаан санаа хэвийн, харилцаа асуудалгүй байна. Дунд чөмөгний хугарлын тухайд засч, гипсдэж бэхэлсэн. Хүүхэд ямар шалтгаанаар унасан болохыг холбогдох байгууллага л тогтоох байх. Гэхдээ бидэнд өгсөн мэдээллээр цэцэрлэгийн хоёр багшийн нэг нь доод давхар руу хүүхэд авахаар буусан. Нөгөө нь нойл орсон үед энэ асуудал гарсан гэсэн.
Сүүлийн үед хүмүүсийн санамсар болгоомжгүй байдлаас хүүхдүүд бэртэх нь нэмэгдсэн. Тухайлбал, орноос унагасан, мөсөн дээр хальтирч унасан зэрэг шалтгаанаар 0-3 насны хүүхэд гэмтэж хоногт 2-3 ирж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид сайн анхаарал тавихыг хүсч байна.