Сурвалжлага: Цемент үйлдвэрээсээ 243 төгрөгөөр гарч байна

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цемент үйлдвэрээсээ 243 төгрөгөөр гарч байна

Сурвалжлага: Цемент үйлдвэрээсээ 243 төгрөгөөр гарч байна

Барилгын материал, тэр дундаа цементийн үнэ огцом өсч буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Улмаар төрөөс дотоодын үйлдвэрлэлд хяналт тавих цаг болсныг анхааруулсан. Өмчлөлийн асуудлаар талцал үүсч, төр эзэмших эрхийг нь булаан авсан Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр, “МАК цемент”, “Монцемент” зэрэг дотоодын томоохон үйлдвэрт өнөөдөр ямар нөхцөл байдал үүсээд байгаа нь анхаарал татсан хэвээр.

Улс бодлогоор бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хөгжих билээ. Манай сурвалжлах баг барилгын үйлдвэрлэл, чанарт гол нөлөө үзүүлдэг цементийн үйлдвэрлэл хэрхэн явагдаж буй талаар сурвалжиллаа.

Улаанбаатараас 450 км зайд байрлах “Монцемент” үйлдвэр. Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Монполимент”-ийн хэрэгжүүлж буй бодит ажил хэрэг болсон цогц төсөл дээр Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн асуудал яригдаж буй билээ.

ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ 25 ХУВИАР НЭМЭГДСЭН Ч НЭГ КГ ЦЕМЕНТ 240 ТӨГРӨГӨӨР ГАРЧ БАЙНА

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад сар тутамд өргөн хэрэглээний барааны үнэ 0.9-3 хүртэл хувийн өсөлттэй байна. Жилээр авч үзвэл 10-40 хувийн бодит өсөлт явагдаж байгаа юм. Цементийн үнэ өнгөрсөн жилүүдээс дөрвөн хувиар л өссөн аж.

Бараа материалын үнэ тэнгэрт хадсан энэ үед үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах түүхий эдийн үнэ 25 хувиар өссөн ч “Монцемент”-ийн цемент кг нь 243 төгрөгөөр зах зээлд гарч байна. Эдийн засгийн энэ хүнд сорилтын үед цементийн үнийг харьцуулж харвал тогтвортой байгаа гэсэн үг юм.

Цементийг нойтон, хуурай гэх үндсэн хоёр аргаар гаргаж авдаг. "Монцемент"-ийнхэн хоёр дахь аргыг үйлдвэрлэлдээ ашигладаг. Өндөр чанарын цементийг дотоодод стандартын дагуу үйлдвэрлэнэ гэдэг амаргүй. Тэр дундаа цар тахлын жилүүдэд бизнес эрхлэгчид амаргүй даваатай нүүр тулсан. Гэлээ ч дотоодын үйлдвэрлэл зогсолтгүй үргэлжлэх боломжтойг харуулж буй юм. Зүгээр ч нэг харуулаад зогсохгүй Монголд жишиг бүтээн байгуулалт бий болгох боломжтойг үзүүлж байна.

“Монцемент” үйлдвэр Европын холбооны улсад дөрөв байдаг WHR технологийг Азид, тэр дундаа Монголд анх нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь өвөрмөц онцлогтой. Өндөр температур бүхий халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэдэг систем юм. Эрчим хүчний гэнэтийн тасалдлаас болж үйлдвэрийн гол техник зуух унтарвал буцааж асааж халаахын тулд долоо хоног шаарддаг байна. Нэг удаад 200 гаруй сая төгрөгийн өртөг гаргадаг тул хүндрэл учруулдаг гэсэн юм. Харин WHR технологи нэвтрүүлснээр цагт 5000 мВт эрчим хүч буюу өөрсдийн ашиглаж буй нийт эрчим хүчний 40 хувийг үйлдвэрлэлээсээ гаргаж авдаг байна. Ижил жишиг бүхий үйлдвэр одоогоор дотоодод нэг ч үгүй ажээ.

ЖИШИГ ЦОГЦОЛБОР ГЭЖ НЭРЛЭХИЙН УЧИР

Дорноговийн Өргөн суманд одоогоос долоон жилийн өмнө жишиг, эко технологиуд нэвтрүүлж, жилдээ нэг сая тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадал бүхий энэхүү хуурай аргын цогц үйлдвэрийг барьжээ. Цогц гэж нэрлэж буйн учир нь тус үйлдвэрийн нэг хэсэг болох 120 тонн цемент үйлдвэрлэх багтаамжтай клинкер боловсруулах үйлдвэр Улаанбаатар хотод бий. Энэ бүтээн байгуулалт Монголын барилгын салбарт олон зүйлийн үлгэрлэл болжээ. Импортын цементээс илүү өндөр чанарын түүхий эдээр үйлдвэрлэсэн бүх төрлийн цемент, мөн өөрийн салаа 3.5 км төмөр замтай. Задгай цемент тээвэрлэх зориулалт бүхий Европ стандартын өөрийн хоппер вагоны баазтай. Хамгийн гол нь тасралтгүй ажиллах хүчин чадал бүхий бүрэн автомажуулагдсан үйлдвэртэй ажээ.

Цемент үйлдвэрлэх үйл ажиллагааны хувьд юуны түрүүнд түүхий эдээ бэлтгэж, буталж хадгалдаг. Уурхайгаас ирж буй түүхий эд чанарын хувьд ялгаатай байдаг учраас агуулахад түүхий эдийг ийн жигдрүүлдэг байна.

Энэ бол үйлдвэрлэлийн эхний шугамд өрнөх процесс. Клинкерийн шугамын дараа цементийн шугам руу шилжинэ. Тодруулбал, хэвтээ тээрэм, агуулах силос, савлах болон автомашин, вагонд ачдаг байна. Энэ үйл явцыг удирдлагын төв буюу хяналтын хэсгээс дэлгэцээр хянана. Үйлдвэрлэлийн ажиллагааны дараа чанарын итгэмжлэгдсэн лабораторид ордог байна.

ЧАНАРТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХЭД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ЯЛГАВАРЛАЖ БОЛОХГҮЙ

“Монцемент” үйлдвэрийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиунаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Төрөөс дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллахаа амалдаг. Та бүхэн тэрхүү дэмжлэгийг хүртэж чадаж байна уу?

-Үгүй. Ганцхан жишээ хэлэхэд, цар тахлын үед хэрэгжсэн түр журам. Төр цементийн салбарынхныг ялгаварласан. Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор эрчим хүч, дулааны үнийг хөнгөлсөн. Энэ хөнгөлөлтөд уул уурхай, цементийн үйлдвэр ороогүй. Угтаа манай үйлдвэрлэл уул уурхайгаас өөр шүү дээ.

Ядаж хууль тогтоомжийн хувьд аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих тохиолдолд импортоор орж ирэх техник, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө гэж заасан.

Энэ заалт хэрэгждэггүй. Гадаадын улс орны төлөөлөгчидтэй хамтарч ажиллах гэхээр хэрэгждэггүй хуулийн заалтыг хараад гайхдаг. Хэрэгжилтийг нь хангуулах тал дээр удаа дараа холбогдох албаныханд хандсан ч тоймтой хариу ирээгүй л байна. Тиймээс төр цементийн салбарынханд хатуу ханддаг гэхэд хилсдэхгүй.

-Цементийн үнэ өсөхөд юу голлон нөлөөлж байна вэ. Үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх үү?

-Өсөлтийн талаар бид урьдчилж хэлэх боломжгүй. Хил гааль, түүхий эдийн үнэ нэмэгдсээр байвал бид өнөөдрийн үнийн дүн дээр тогтоож барих боломж хомс. Цементийн үнэ өсөх гол шалтгаан нь нүүрс. Нүүрсний үнэ сүүлийн жилүүдтэй харьцуулахад 130 хувь өссөн. Өмнө нь 65 мянган төгрөг байсан бол одоо 166 мянган төгрөгөөр ирж байна. Үүнээс гадна түлш гэхэд 20 хувийн өсөлттэй. Сарын өмнө дизель түлшийг 2575 төгрөгөөр авч байсан бол өнөөдөр 3045-аар авч байна. Үйлдвэр дээр маш олон техник хэрэгсэл ажиллаж байгааг та бүхэн харж байна. Мөн ажилчдын цалин, орон сууцны зардал өсөх хандлагатай байна. Түүхий эд, материалын үнэ багадаа 30-70 хувь өссөн. Засвар хийх шаардлагатай шугамуудад цаг алдалгүй хийх хэрэгтэй. Тэр бүхэнд зарцуулах зардал өндөр.

-Хилийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжвэл зардал буурах боломжтой юу?

-Өнгөрсөн оны аравдугаар сард урд хөрш хилээ хаасантай холбоотой нэлээд хүндрэл үүссэн. Тээвэр, логистик гацаанаас эхлээд олон зүйл бий. Урьд нь Замын-Үүдээс нэг вагон ачааг 300-400 мянган төгрөгөөр тээвэрлэдэг байсан. Одоо нэг вагон ачааг 35 сая төгрөгөөр оруулж ирж байна.

Хил дээр тогтоосон лимитээс шалтгаалж хүлээлгийн хугацаа ч уртассан. Хэвийн үед өдөрт 200-300 машин нэвтэрдэг байсан бол одоо сугалаагаар 50 машин л нэвтрүүлж байна.

Зардлаас гадна цаг хугацааны алдагдалд орсон. Нэг контейнер ачаа 56 мянган юань болсон. Цар тахлаас өмнө 5000 юань байсан гэх мэтчилэн өртгүүд үйлдвэрлэлийн зардлыг ихээр нэмэгдүүлж байна. Энэ хүчин зүйлээс шалтгаалж бид цементийн үнийг тогтвортой байлгах үнэхээрийн боломжгүй нөхцөлд хүрсэн. Ам.долларын ханш өсөхөөр түүхий эдийн үнэ ч түүнийг дагаад өсч байна.

Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 100 гаруй тэрбум төгрөг бий. Тус зээлийг ам.доллараар олгосон. Одоо ямар асуудал үүсээд байна вэ гэхээр ханшийн зөрүү. Тухайн үед ам.доллар 1850 төгрөгтэй тэнцэж байсан. Харин одоо 2950 төгрөг болсон зэрэг асуудал байгаа юм.

ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД БОДИТ
ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

Иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн баталгаа олгоно гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгамдсан асуудал. “Монцемент” үйлдвэр 1000 гаруй ажилтантай бөгөөд 60 хувь нь Дорноговь аймгийн хүмүүс.

Хүний нөөцөөс гадна Өргөн сумыг халуун, хүйтэн цэвэр устай холбоход 11.2 км усны шугам хоолой, эрчим хүчнээс 53.3 км агаарын шугам татаж, орчин үеийн тоноглолтой 110 кВт станц барьжээ. Түүнчлэн үйлдвэрийн ажилчид болон Өргөн сумын иргэдэд зориулан орон сууц, хүүхдийн өдөр өнжүүлэх, спорт төв зэргээс бүрдсэн “Шинэ өргөн” хороолол барьж буй юм байна.

Зах зээл дээр барааны үнэ тасралтгүй өсч буй энэ үед төрөөс тодорхой менежмент хийж ажиллахыг хувийн хэвшлийнхэнд үүрэг болгосон. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан дотоодын үйлдвэрлэгчид цементийн үнээ буулгахгүй бол импортын цементийг татвараас чөлөөлнө гэх сүржин мэдэгдэл хийсэн билээ. Гэхдээ Засгийн газраас гаргасан бодлого шийдвэр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байна.

Хүнд нөхцөлд үйлдвэрлэлээ таслахгүй явуулж буй компаниудад бодит дэмжлэг хэрэгтэй. Дэмжиж чадахгүй бол төр шударга өрсөлдөөнийг зах зээлд орхиж, бүтээн байгуулалтад шууд нөлөөлөхөө болих нь зөв биз ээ. Төрөөс энэ талаар одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй. Албаны хүмүүс ч мөн жигшээд байгаа үйлдвэрлэлийн процесстой өөрсдөө биечлэн танилцах нь зүйтэй байх. Тэр цагт дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх талаар хэрэгжих боломжтой бодлого, шийдвэр гаргаж магадгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж