Барилгын ажил гүйцэтгэж байсан кран унаж иргэдийн өмчийг эвдэж, замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлажээ. Тодруулбал, өнөөдөр /2022.03.29/ 02:00-04:00 цагийн үед краны ажиллагаа саатаж, унасан байна. Тухайн үед барилгын ажил үргэлжилж байсан бөгөөд ямар нэгэн хүн гэмтээгүй гэсэн юм. Ослын талаар дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт болон Тээврийн цагдаагийн албанд ирээгүй байна. Харин тус дүүргийн цагдаагийн албанд тухайн ослыг харсан хүмүүс дуудлага өгчээ.
Кран унасан осол Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нарны хорооллын ойролцоо “Уран ган” худалдааны төвийн хажууд баригдаж буй барилгын гадна болжээ.
Кран шөнө унасан учраас азаар хүн зорчоогүй, бэртэж гэмтээгүй. Харин кран унахад тухайн ойр орчмын хашаа, хашлага эвдэрчээ. Тухайн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан гэж тухайн компанийн зүгээс хэлснийг иргэд хотхоны цахим хуудаст бичсэн байна. Тухайн орчин хотхоны хамгийн хөл хөдөлгөөнтэй бүс байжээ. Тиймээс иргэд амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй үйл явдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин цагдаагийн байгууллагаас асуухад дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийж байгаа. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Урин дулаан болж барилгын ажил эхэлж буй энэ үед иргэд сонор сэрэмжтэй байж аж ахуй нэгжүүд ч аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Өмнө нь аюулгүй байдал хангаагүйгээс кран унаж өсвөр насны хүүхэд болон хоёр хүн, автомашинтай зорчиж явсан иргэд амь насаараа хохирсон жишээ бий. Тиймээс иргэд Мэргэжлийн хяналтын байгууллагад ч шаардлага хүргүүлнэ гэжээ.