"Орос, Мьянмар нэгнийхээ ар талыг сайн даах юм"

Хуучирсан мэдээ: 2022.03.30-нд нийтлэгдсэн

"Орос, Мьянмар нэгнийхээ ар талыг сайн даах юм"

"Орос, Мьянмар нэгнийхээ ар талыг сайн даах юм"

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард эхэлсэн Хунтын армийн төрийн эргэлт 8000 гаруй иргэнийг шоронд тодорхойгүй хугацаагаар хорьж, нэг өдрийн дотор 160 хүний аминд хүрсэн аймшигтай явдал болж өрнөсөн. Энэ жил Хунтын армийн ерөнхий командлагч, ахлах генерал Мин Аун Хлаин шинэхэн цэргийн дүрэмт хувцсаа гайхуулсаар Мьянмарын Зэвсэгт хүчний жагсаалд оролцов.

Иргэдийн хүслээр удирдаж байсан Ан Сан Су Чиг Хунтын зэвсэгт хүчин тодорхойгүй хугацаагаар шоронд хорьсны дараа НҮБ-ын Хүний эрхийн комисс дэлхийн улс орнуудад Мьянмарт хориг арга хэмжээ авахыг санал болгов. Тиймдээ ч АНУ, Их Британи, Канад зэрэг орнууд Мьянмарт зэвсэг нийлүүлэхээ түр хугацаагаар хойшлуулсан юм.

Мөн Беларусь, Энэтхэг, Пакистан, Украин, Өмнөд Солонгос, Израиль зэрэг улс Мьянмарт төрийн эргэлт гарахаас өмнө их хэмжээний зэвсэг борлуулж байсан. Гэвч "хүн төрөлхтний эсрэг үйл ажиллагаа явуулсан" гэсэн үндэслэлээр Мьянмарт зэвсгийн борлуулалтаа зогсоосон байна.

Дэлхийн томоохон зэвсэг үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчид Мьянмарын төрийн эргэлтийг эсэргүүцэн хориг арга хэмжээнд нэгдсэн бол байнгын түнш болсон хэдэн улс бий. Тэднээс нэрлэвэл, ОХУ, Хятад болон Серби юм. ОХУ-ыг тус улсын байнгын түнш гэж хэлж болно. Учир нь Украины нөхцөл байдлыг үл харгалзан, одоог хүртэл Мьянмарт агаарын пуужин, нисэх онгоц зэргийг нийлүүлж буй. Хятадын хувьд газрын техник хэрэгсэл, буу, их буу зэргийг нийлүүлдэг бол Серби сумны хэрэгцээг нь хангадаг.

Энэ жилийн зэвсэгт хүчний жагсаалд ОХУ-ын элч төлөөлөгчид хүндэт зочноор оролцов. ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Александр Фомин болон түүний баг хамт олон нисэх онгоц ашиглан үзүүлбэр үзүүлж, Орос Мьянмарын харилцаа хэр бат бөх болохыг харуулжээ.

Мьянмар дахь НҮБ-ын Хүний ​​эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Том Эндрюс тус үзүүлбэрийг “Орос, Мьянмар бол урт хугацааны хамтрагчид. Орос улс зэвсэг нийлүүлэгч байсаар ирсэн. Харин Мьянмар Оросын шаардлагатай гэсэн түүхий эд, бараа материалыг олгож ирсэн” гэж тайлбарлажээ.

Япон улсын хувьд Хунтын төрийн эргэлтээс хойш зэвсэг нийлүүлэхээ больсон ч Мьянмарын офицер, сонсогчдыг бэлтгэсэн хэвээр. Үүний адил Орос дан ганц зэвсэг нийлүүлэгч биш юм. Жилээс жилд Мьянмарын Батлан хамгаалах салбар ОХУ-д айлчлан, дайны техник хэрэгсэл, стратегид суралцсаар иржээ.

Мьянмарын шударга ёсны төлөөх байгууллага (JFM) тус улсад цэрэг, армийн туслалцаа үзүүлдэг Оросын төрийн өмчит зэвсэг нийлүүлэгч компаниудад хориг арга хэмжээ авахыг НҮБ-аас хүссэн байна. ОХУ-ын төрийн мэдлийн батлан ​​хамгаалахын конгломератуудын жагсаалтад 15 холдинг компани, 70 аж ахуйн нэгжийн цогц сүлжээ болох “Ростех” багтдаг. Тэдгээр компанийн ихэнх Мьянмарын армид сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний эд анги, газрын гадаргуу дээрх техник хэрэгсэл олгодог.

"Ростех"-ийн хамгийн том охин компани "Рособоронэкспорт" Мьянмарын армид, төрийн эргэлт гарснаас хойш олон тооны зэвсэг, техник, тэр дундаа их буу илгээсэн. Ингэснээр Мьянмар Оросын харилцааг чухалчилж байна гэж хариу тайлбар өгсөн юм.

“Рособоронэкспорт”-ын тэргүүн 2021 оны долдугаар сард Мьянмарын зэвсэгт хүчинтэй нягт хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мьянмарын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ сард “Рособоронэкспорт”-ын удирдах албан тушаалтан Хунтын армийн удирдагчидтай уулзаж, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцсан гэж мэдээлжээ. Мөн цэргийн албан тушаалтнууд Мьянмар дахь Орос, Беларусийн төлөөлөгчидтэй ч уулзаж, цаашдын харилцаагаа бататгасан гэж мэдээлэв.

"Рособоронэкспорт"-ын нэгэн адил "Tactiles Missiles Corporation" нь Мьянмарын армийн агаарын хүчний технологийн томоохон нийлүүлэгч юм. Тус компани 2019 онд агаарын зэвсэг бэлтгэх системийг агаарын цэргийн хүчний ангид нийлүүлжээ. Мөн “JSC Concern VKO” компани Мьянмарын армид “газар-агаар” ангиллын пуужингийн засвар үйлчилгээ, эд ангиудыг нийлүүлсэн байна.

Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Мьянмарын өөр нэгэн түншийг холдуулна гэж ажиглагчид үзэж байна. Тус түнш нь Хятад бөгөөд ажиллагаа даахгүй эд анги, чанаргүй зэвсэг нийлүүлсэн гэж яригдах болжээ. Мөн Хятад улс газар ангиллын зэвсэг ихэвчлэн нийлүүлдэг байна. Тиймдээ ч Мьянмарын агаарын довтолгоог илүүд үздэг сонирхлыг нь татаж чадахгүй юм. Сүүлийн жилүүдэд Мьянмар Хятадаас худалдан авалтаа багасгаж байгаа нь яах аргагүй Оросын ашигтай саналтай холбоотой аж.

Мьянмар батлан хамгаалах салбартаа жилд 2.5 тэрбум ам.доллар төсөвлөдөг. Үүний 500 сая ам.доллар нь зэвсэг худалдан авалтад зарцуулагддаг байна. ОХУ-ын хувьд төлбөр тооцоондоо уян хатан ханддаг нь Мьянмарын удирдлагуудын сайшаалд бүрэн нийцдэг. Учир нь Мьянмар төлбөрөө 100 хувь ам.доллараар хийж чадахгүй тул Орост байгалийн чухал түүхий эд, эрдэнийн чулуу, мод зэргийг нийлүүлж, зэвсгийн хангамжаа авдаг байна.

Шинжээчдийн үзэж байгаачлан Орос, Мьянмарын хамтын ажиллагаанд саад бэрхшээл тулгараад байдаггүй. Жейнсийн Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах мэдээний албаны дарга Жон Греватт “Орос, Мьянмар хэзээ ч эцсийг нь үзтэл цэргээ татахгүй. Тэд дайрсаар байх болно. Үүнтэй адил тэд нэг нэгнийхээ хэрэгцээг хангаж, ар талыг нь сайн даах юм” гэж  хэлжээ.

Эх сурвалж: AL JAZEERA 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж