“Бодлогын хүүг нэмсэн нь инфляцийн хүлээлтийг тогтворжуулахад чиглэсэн”

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

“Бодлогын хүүг нэмсэн нь инфляцийн хүлээлтийг тогтворжуулахад чиглэсэн”

“Бодлогын хүүг нэмсэн нь инфляцийн хүлээлтийг тогтворжуулахад чиглэсэн”

Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Ц.Мөнхбаярын Bloomberg TV Mongolia телевизэд өгсөн ярилцлагаас хүргэж байна.


-Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2.5 нэгж хувиар өсгөж, 9 хувьд хүргэх шийдвэр гаргаад байна. Хүлээлтээс нэлээн өндөр хувиар өсгөсөн шийдвэр байсан болов уу. Шийдвэрт нөлөөлсөн гол хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү?

-Гадаад зах зээл дээр үүссэн хүндрэл нь хоёр нөхцөл байдлыг бий болгож байна. Нэг талаасаа эдийн засгийн өсөлт бидний төсөөлж байснаас бага гарах төлөвтэй. 2022 оны эдийн засгийг бид 5.5 хувиар өснө гэж төсөөлж байсан бол 2.6 хувь болж буурахаар төсөөлж байна. Голлох салбарууд сэргэж байгаа ч гэсэн олборлох үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, барилга, үл хөдлөх, тээврийн салбарт уналт үргэлжилсэн хэвээр байна. Уул уурхайн салбар жишээ нь сүүлийн есөн сар дараалан уналттай байна. Эдийн засгийн өсөлт буцаад тэнцвэрт төлөв рүү гээ шилжих хугацаа 2 жилээр хойшилсон хэвээр байгаа. Ковид болон геополитикийн нөхцөл үүнд нөлөөлж буй. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд гарч байсан сэргэлт саарах, зээлийн өсөлтийн эерэг нөлөө хүссэн түвшинд хүрээгүй байгаа зэрэг нь эдийн засгийг дэмжих чиглэлийн бодлого хараахан үр дүндээ хүрээгүй буюу дөнгөж сэргэж эхэлж байгаа төлөв харагдаж байна.

Нөгөө талд, энэ үүссэн нөхцөл байдалтай холбоотой гадаад, дотоод тэнцвэр алдагдаж байгаа. Валютын ханшийн хүндрэл нь гадаад тэнцэл дээр гарч буй сигнал юм. Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал энэ улиралд өсөж, дотоодод нийлүүлэлтийн хүндрэлтэй холбоотойгоор инфляци хүлээлтээс давчихсан явж байна. Иймд нэг талд эдийн засгийн сэргэлтийг дэмжих, нөгөө талд тэнцвэрээ хангах асуудал байна. Бид юуг илүү харгалзаж үзсэн бэ гэвэл өмнө нь энэ хүндрэлийг түр хугацааны хүндрэл гэж бодож байсан бол илүү удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй болчихлоо. Бодлогын хүүгээ нэг оронтой тоонд оруулаад 23 сар, 6 орчим хувь дээр 13 сар болчихсон байна. Энэ бол харьцангуй урт хугацаа. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд бодлогын хүүд өөрчлөлт оруулсан. Бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн нь төгрөгийн худалдан авах чадварыг хадгалахад нэмэр болж, инфляцийн хүлээлтийг тогтворжуулахад чиглэсэн.

-Мөнгөний бодлогын шийдвэр нь үр нөлөөгөө үзүүлэх гэж тодорхой хугацаа шаарддаг. Хүүг өсгөсөн энэ шийдвэр урт хугацаанд ямар байдлаар зах зээлд нөлөөлөх бол?

-Төв банкны үнэт цаасны хүү нь зах зээл дэх суурь хүү юм. Энэ хүүн дээр үндэслэж зах зээл дээр бусад бүх хүү тогтож буй. Тэр агуулгаараа мөнгөний бодлогын үйлчлэх сувгаараа мэдээж хугацаа шаардагдана. Гэхдээ богино хугацаандаа хүү өсгөснөөр валют болон мөнгөний зах дээр шууд нөлөө үзүүлнэ. 2-3 улирлын хоцрогдолтойгоор бодит сектор, санхүүгийн секторт нөлөөлнө.

Хамгийн чухал нь төв банкны бодлогын хүүг тогтоохдоо ирээдүйг харж шийдвэр гаргаж байгаа учраас хүмүүсийн өнөөдрийн үйл хөдлөлд нөлөөлж байна. Жишээ нь, бизнес эрхлэгч байсан бол авах зээл үнэтэй болох юм байна гэж бодно. Хөрөнгө оруулалт одоо хийвэл эдийн засгийн эрэлт тал дээр энэ нь нөлөөлөх учраас одоогийн хөрөнгө оруулалтаа нэг улирлаар хойшлуулъя, нөхцөл байдлыг харгалзъя гэдэг ч юм уу зэргээр шууд өнөөдөр нөлөөлж байна.

Хэрэв санаж байгаа бол 2008 онд буюу 14 жилийн өмнө хүүгээ ханштай холбоотойгоор 4.25 нэгж хувиар, 2016 онд дахин 4.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж байв. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл эдийн засгийн бүтэц хэвээрээ, мөчлөг дагаж шоконд өртдөг хэвээр байгааг харуулж байна. Долоон жилийн зайтай мөнгөний бодлогыг огцом чангаруулж буй нь хөгжлийн бодлого, тэр тусмаа нийлүүлэлтийн талын бодлого боловсруулж буй хүмүүст маш том сигнал өгч байна гэсэн үг.

-Холбооны нөөцийн банк энэ оныг дуустал хурал бүртээ бодлогын хүүгээ өсгөх сигнал өгсөн. Монголбанкны хувьд цаашид хүүгээ өсгөх цикл рүү орлоо гэж хэлж болох уу. Он гарснаас хойш хоёр удаа нэмэгдүүлээд байна?

Гол мессэж бол яг л ийм байгаа. Гадаад нөхцөл байдал түр хугацааны биш урт хугацааных боллоо. Үүнтэй холбоотойгоор бид бодлогын төлөвөө чангаруулах чиглэлд өөрчилж байгаа гэх мессэжийг өгч байна. Цаашид гадаад нөхцөл байдал хэр өөрчлөгдөх, эдийн засгийн тэнцвэр хэр хангагдахаас шалтгаалж бодлогын хурд шийдэгдэнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж