Цэнхэр түлшний демарш

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Цэнхэр түлшний демарш

Цэнхэр түлшний демарш

“Их-7” (G7)-гийн гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нар ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шаардлагаас татгалзаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Их-7” (G7)-гийн гишүүн орнууд ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Их Британи, Герман, Итали, Франц, Канад, АНУ, Японы удирдагчид Оросын холбогдох шаардлагыг биелүүлэхгүй байхаар тохиролцсон” гэжээ. Учир нь тэд ОХУ-ын шаардлага одоо байгаа гэрээний заалттай зөрчилдөж байна гэж үзэж буй аж.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа ОХУ-ын байгалийн хийн эрэлт, нийлүүлэлт тойрсон асуудлыг онцолж байна.


“ТӨЛБӨР ҮГҮЙ БОЛ ХИЙ БАЙХГҮЙ”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 23-нд Төв банк, “Газпром” компани болон Засгийн газартаа "найрсаг бус" орнууд руу нийлүүлж буй хийн төлбөрийг рубль рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан. Тэрбээр “Бид Европын холбоо, АНУ руу бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж, төлбөрийг доллар, евро болон бусад валютаар авах нь ямар ч утгагүй юм. Тиймээс би төлбөрийг шилжүүлэх багц арга хэмжээг хамгийн богино хугацаанд хэрэгжүүлэхээр шийдсэн. Үүнийг манай байгалийн хийнээс эхэлнэ. “Найрсаг бус” орнуудад нийлүүлж буй байгалийн хийн төлбөр тооцоог Оросын рубль рүү шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, ийм тооцоонд бусад валют ашиглахаас татгалзана” гэж онцлон тэмдэглэсэн билээ.

Кремль түүний өгсөн үүрэг, даалгаврын гүйцэтгэлийн талаарх эхний тайланг гуравдугаар сарын 31-ний өдөр гэхэд гаргах төлөвтэй байгаа аж. Путины хэлснээр, ОХУ нэр хүндээ эрхэмлэдэг тул одоо хэрэгжиж буй гэрээний дагуу хийгээ үргэлжлүүлэн нийлүүлэх юм байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн Даваа гаригт Америкийн "PBS" телевизэд ярилцлага өгөхдөө “Орос улс Европт байгалийн хийгээ үнэ төлбөргүй нийлүүлэх төлөвлөөгүй, тийм буяны үйл хийхгүй. Европын холбоо хий нийлүүлсний төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсан тохиолдолд Москва нөхцөл байдлыг судалж, цаашдын шийдвэрээ гаргана” гэж мэдэгдэв.

Песков хэлэхдээ, барууны орнууд үнэндээ Оросын эсрэг эдийн засгийн бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн гэжээ.

Тэрбээр “ОХУ-ын удирдагч Владимир Путины талаар хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдэлд маш их харамсаж буйгаа илэрхийлээд, Цагаан ордны эзний хувийн доромжлол ноцтой түгшүүр төрүүлж байна гэжээ.

ОХУ-ын Сангийн яамнаас, худалдан авагчид тус улсын гаргасан шийдвэрт дасан зохицож, Оросын мөнгөн тэмдэгт бусдаас дутахгүй найдвартайг ойлгоно гэж найдаж буй талаар мэдэгдсэн байна. Төлбөр тооцоог рубль руу шилжүүлснээр Оросын цэнхэр түлшийг худалдан авагч гадаадын орнууд тус улсаас рубль худалдаж авахаас өөр аргагүй болно гэсэн үг юм. Оросын төв банкнаас албан ёсоор тогтоосон рублийн ханш нь гадаадад санал болгож буй ханшаас эрс ялгаатай байдаг байна.

“Альфа капитал менежмент” компанийн шинжээч Александр Жиоев “Рублийн ханш чангарч байгаа нь хийн худалдааг рубль рүү хэсэгчлэн шилжүүлэх шийдвэртэй холбоотой” гэж “Прайм”-д мэдээлжээ. Тэрбээр валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд дорвитой өөрчлөлт гарахгүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Одоо бүх экспортлогч компани валютын зах зээл дээр орлогынхоо 80 хувийг зарах ёстой. Экспортын хийн нийлүүлэлтийн төлбөрийг манай валют руу шилжүүлснээр хий импортлогчид рубль худалдаж авахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл зах зээл дээр валют худалдах ижил гүйлгээ хийх болно" гэж байр сууриа илэрхийлжээ.

Александр Жиоев "Импортлогчдод төлбөр тооцоог тасалдалгүй явуулахын тулд тодорхой хэмжээний рублийн нөөц хэрэгтэй болно. Энэ нь Оросын үндэсний мөнгөн тэмдэгтийн эрэлтийг нэмэгдүүлж, хориг арга хэмжээний хязгаарлалтыг бага зэрэг бууруулахад тусална" гэж дүгнэжээ.

ОРОСЫН ЭСРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙН

Герман энэ оны эцэс гэхэд ОХУ-ын газрын тос, нүүрснээс хамааралгүй болох зорилт тавьжээ. Тус улсын Канцлер Олаф Шольц “ОХУ-ын эрчим хүчний импортын хамаарлыг бууруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж онцолжээ. Мөн тэрбээр импортын өөр эх үүсвэр олохын тулд шаардлагатай техникийн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг дурдсан байна. Тухайлбал, газрын тос болон нүүрсний импортыг усан тээврээр хийдэг учир энэ ондоо багтан нийлүүлэгчээ өөрчлөх боломжтойг онцолжээ.

Германы  Эдийн засгийн сайд Роберт Хабек "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины шаардлага хэтэрхий нэг талыг барьсан, гэрээний нөхцөлийг зөрчсөн асуудал" гэж хэлэв. Германы Эдийн засгийн яамны төлөөлөгч Роберт Северин импортлогчид гэрээгээ ягштал дагаж мөрдөхийг шаардах үүрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ.

Хятадын хувьд ОХУ-ын эсрэг тавьсан хоригуудыг тойрох арга зам хайна гэсэн мэдээллийг үгүйсгэв. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Хориг арга хэмжээнүүд аливаа улс орныг ОХУ-д туслахаас сэргийлэхээс илүү тус улстай явуулдаг энгийн худалдаанд шаардлагагүй хохирол учруулж байна” гэж онцолсон байна.

Италийн ерөнхий сайд Марио Драги төлбөр тооцоог рубльд шилжүүлсэн нь гэрээ, хэлэлцээр зөрчсөн үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тус улсын газрын тос, байгалийн хийн хамгийн том “Eni” компанийн гүйцэтгэх захирал Клаудио Дескальци Оросын хийн төлбөрийг рублиэр төлж чадахгүй гэж мэдэгдсэнийг “РБК” иш татан мэдээлсэн байна. Тэрбээр "Хийн төлбөрийг еврогоор хийх гэрээнд энэ талаар заагаагүй болно. Үүнийг нэг тал өөрчлөх боломжгүй" гэж хэлээд, "Рублиэр төлөхийг тусгасан шинэ гэрээ шаардлагатай” гэж нэмж хэлжээ.

Молдавын Шадар сайд Андрей Спину “Молдовагаз болон Газпром хоёрын хооронд байгуулсан гэрээнд аль хэдийнэ төлбөрийг орос валютаар хийхээр заасан” гэж хэлжээ.

Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел “Европ хоёр жилийн дотор Оросын хийнээс татгалзана” гэж хэлснийг ТАСС агентлаг уламжлав. Түүний хэлснээр, Европын орнууд хийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг зорьж буй бөгөөд Оросын эрчим хүчний түүхий эдээс хараат байдлаа бууруулахыг эрмэлзэж буй ч түүнийг хориглоогүй" гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар энэ сарын 8-ны өдөр үг хэлэхдээ “ОХУ-ын газрын тос, байгалийн хийн бүх импортод хориг тавьж байна” гэж мэдэгдсэн. Тэрбээр "Энэ нь Конгресс дахь хоёр намын дэмжлэгийг авсан шийдвэр бөгөөд мөн улс даяар дэмжсэн шийдвэр гэж ойлгож болно" гэж нэмж хэлжээ. Ж.Байден ийм хориг арга хэмжээ нь АНУ-д шатахууны үнэ цаашид нэмэгдэхэд хүргэхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Украинд Оросын ажиллагаа эхэлснээс хойш тус улсад нэг галлон (3.785 литр) шатахууны үнэ 75 центээр өсчээ.

АНУ-ын ерөнхийлөгч “Энэ шийдвэрээс хойш шатахууны үнэ улам өснө. Гэсэн хэдий ч би үнийн өсөлтийг барихын тулд чадах бүхнээ хийх болно” гэж мэдэгдсэн байна. Цагаан ордны эзэн мөн “Манай холбоотнууд бүгд Оросын эсрэг одоогоор ийм арга хэмжээ авч чадахгүйг бид ойлгож байна. Харин Вашингтон үүнийг хийж чадна” гэж онцлон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP, TASS, REUTERS, BLOOMBERG, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж