МҮОХ-ны удирдлагууд шинэчлэгдэв. Улс төрийн хүрээллийнхэн Сү.Батболдын хүү Баттүшиг аавынхаа улс төрийн халааг авах ажлыг эхлүүлж байна энэ явдлыг дүгнэж байна. Түүний дэргэд намын дарга ахаасаа гурван гэмээ цайруулах эрх авсан Ц.Сандуй зогсоно. Өнөөдөр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 1980-аад оны залуус төрийн алба, элдэв сонгуульт байгууллагын нүүр царай болон өнгөнд гарч ирэв. Хар бор ажилд нухлагдаж, ах нарынхаа цүнхийг барьж, агсам тавиулж, арыг дааж, авгай хүүхдийг нь тойглож, цаг нь ирэхэд тэргүүн эгнээнд зогсоно гэж зүтгэж ирсэн арын эгнээнийхэн хойно хоцров. Доод үе нь ах нарынх нь орыг шууд залгаж байна. Энэ явц Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд намын тэргүүн эгнээнд гарч ирсэнээр эхэлсэн бөгөөд бүх шатанд өрнөж байна.
Ийм үйл явц эргэлтийн үед болдог бөгөөд тайван амгалан үед нэн ховор үзэгдэл ажээ. Тэдний талаар “алдагдсан”, “гээгдсэн”, “завсрын”, “төөрсөн” үеийнхэн гэх нэршил ч бий болжээ. Энэ нэр томьёонд анх дэлхийн I, II дайны хооронд залуу нас нь өнгөрсөн хүмүүсийг хамруулж байжээ. Дайнаас эргэн ирээд хэвийн амьдралдаа нийцэж чадахгүй тарчилж, эрэмдэглэгдсэн сэтгэл зүйгээсээ болоод хямарч байгаа тухай бишгүй олон кино гардаг билээ. Мөн чанартаа бол тэд шууд арын эгнээнд шилжсэн явдал билээ.
Монголд ч үүнтэй ижил төстэй үйл явц өрнөжээ. 1921 онд хувьсгал хийсэн удирдагчдын хоёроос бусад нь залуус байв. Ардчилсан хувьсгал ч ялгаагүй. Дөч рүү дөхсөн ганц л нөхөр ардчилсан хувьсгалчдын дунд байжээ. Ялгаатай нь гэвэл, зуун жилийн тэртээх хувьсгалын дараа аливаа нийгмийн хүндийг нуруун дээрээ үүрч явдаг, туршлагатай, боловсрол эзэмшсэн дунд насныхныг зайлуулахын тулд оросууд Бошгыг халах залуучуудын эвлэл гээчийг байгуулж, эрдэм мэдлэггүй, ойворгон залуусаар дүүргэн уламжлал, дээд үеийнхнийх нь эсрэг тавьжээ. Энэ нь ч амжилттай болсон билээ. Харин гучаад жилийн өмнө ардчилсан хувьсгалын удирдагчид, тэдний үеийн залуус цагийн эрхээр нас ахиж, одоо л нөлөөгөө алдаж буй төдийгүй түүндээ ч хашин морь шиг дурамчхан байна. Энэ хооронд тэдний арыг дааж ирсэн доод үеийнхэн буюу 1970-аад онд төрөгсөд ачааны хүндийг үүрэлцсээр ирсэн ч тэргүүн эгнээнд гарч ирж чадалгүй арчуулжээ.
Ах нараа мөргөж, дээд үеийнхнийг нь “дэвсэлж” гарч ирж буй залуус бол 1980-аад оны залуус. Тэдний ерөнхий хэв шинж нь увайгүй. Хамгийн ёс жудаггүй, ашиг хонжоо, албан тушаал, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс сийхгүй дүр төрхтэй.
Тэдэнд арчуулаад өнгөрч буй үеийнхэн шиг тууштай зан, шударга ёсны баримтлал тун чиг ховор. Дээр нь шилжилтийн үед боловсрол эзэмшсэн болохоор дээд үеийнхнээсээ доогуур. Бичиг үсэг ч бүрэн тайлагдаагүй шахуу доодчууд.
Тэдний хамгийн том төлөөлөл болсон Ерөнхий сайдыг ажиглахад ерөнхий хэв шинж нь илэрнэ. М.Энхболдыг унагаахаар тэмцэл явуулахдаа яаж шазуур зууж, дээд үеийнх нь төлөөлөл болсон хуулийн зөвлөхтэй ямар дээрэнгүй харилцсаныг харж л байсан байх. Онцлог нь тэд тэргүүн эгнээнд гарч ирсэн ч аливаа асуудал тулгарахад ард нуугдаж, асуудал шийдэгдэхэд ил гарч талархал хүлээх дуртай.
Нийгэмд тулгарсан асуудлыг эр зориг, ур чадвар, эрдэм мэдлэгээр шийдэхээс илүүтэй эрх мэдэл, хоосон сүржигнэл, хэсэг бүлэглэлийн дэмжлэгтэй гал намжаах байх ханддаг.
Хэзээ ч нийгмийн тулгамдсан асуудлыг барьж авна гэж байхгүй.
Саяхан эр цэргийн баяраар монголчуудыг архинд жишж буй талаар хэлэлцүүлэг өрнөж, Ерөнхийлөгч архитай тэмцэл зарлах тухай яриаг сонсоод залуусын холбооны ерөнхийлөгч залуу тэнэглэсэн нь архи асгах байв. Асуудлыг огт өөрөөр хардаг, илүү боловсролтой, илүү гаргалгаатай залуу үе үүнийг нь шоолохуйд мань ерөнхийлөгч асгасан архинд харамсаад байгаа бол дахиад 2000-ыг асгана гэж эргүүтэх жишээтэй. Эцэстээ хандалт авах зорилгоор тэгж тэнэглэсэн гэж тайлбарласан билээ. Ийм л хөгийн.
Гучин жилийн турш бизнес хийгээд авч унаагүй унааг тэд л унадаг. Цүнхэндээ нэг компанитай. Түүгээрээ тендер авч, ихэнх мөнгийг идчээд яг гүйцэтгэх компанид нь хусам төдийхөн өгөх жишээтэй. Зүгээр шахуу баяжсан болохоор шүтдэг юм нь ердөө мөнгө. Төрийн албыг яаж наймаалцаж, төсвийн мөнгийг хэрхэн зувчуулах талаар л толгойгоо гашилгана.
“60 тэрбумын схем”, “ЖДҮ”, Хөгжлийн банкны хэрэг гээд иргэдийн боломжийг, улс орны хөгжлийг хулгайлсан хэргийн эздийг харвал тэдний төлөөлөл жин дарна.
Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэх ойлголттой болохоор өөрсдийн залгамж халаа гэсэн гэгээн гоё ойлголт тэдэнд байхгүй.
Гэвч тэд гараад ирсэн. Нийгмийг авч явсан үеийнхэн луйврын шинжтэй, зөвхөн өөрсдийгөө, ах дүү, амраг саднаа л боддог байснаас нийтээрээ доошоо оржээ. Улайм цайм луйвар хийчээд тэрийгээ юу ч болоогүй юм шиг ярьдаг, төрд тасралтгүй ажилласан хэр нь тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй болчихсон ахимаг насныхнын балгын үймээнийг ашиглаад увайгүй үеийнхэн гараад ирсэн хэрэг. Гэхдээ тэд чадвараараа гарч ирээгүйг дахин дахин сануулмаар.
Тэд энэ нийгмийн бодлогыг тодорхойлоод байгаа мэт өнөөдөр ойлгогдож байгаа ч үнэндээ тэд бол бусдын хөдөлмөрийг шимэгчид.
Азаар шимэгчид удаан амьдрах боломжгүй билээ.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ