Украины байгалийн хийн Нафтогаз компани нь 12 сая өрхөд үйлчилдэг боловч Оросын пуужингийн улмаас ихээхэн хохирол амссанаар 300 мянган өрхийн нийлүүлэлтийг таслахаас өөр аргагүйд хүрчээ. “Хэрвээ засварлаж чадахгүй бол нийлүүлэлтээ бүрэн зогсоох шаардлагатай болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Юрий Витренко хэлсэн. Оросууд довтолж эхэлснээс хойш Нафтогазын хоёр ажилтан Херсон хотын дулааны станцад амиа алджээ.
Гэтэл Оросууд Украин руу довтолсон атлаа Европ руу борлуулж буй хийнхээ 30 орчим хувийг эзлэн түрэмгийлсэн улсаараа дамжуулан илгээсээр байна. Украины эрх баригчид Оросын байгалийн хийн импортыг нэн даруй зогсоохыг Европын холбоонд уриалсан. Гэвч Герман, Австри, Итали, Словак, Унгар, Чех тэргүүтэй улсууд жилд 40 тэрбум шоо метр байгалийн хий дамжин өнгөрдөг хоолойд саад учруулах ямар ч үйлдэл хийгээгүй байна.
“Энэ бол улс төрийн түвшинд яригдах эмзэг сэдэв. Бид Европын холбооны түншүүддээ Оросын байгалийн хий, газрын тосны худалдан авалтыг багасгах юм уу, эрчим хүчний экспортод авдаг бүх хөрөнгийг царцаах хэрэгтэйг уриалсан” гэж Витренко хэлжээ.
Орос улс урт хугацааны гэрээнийхээ дагуу байгалийн хийгээ Украинаар дамжуулан тээвэрлэсээр ирсэн. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард хоёр улс Украины хоолойгоор дамжин өнгөрөх таван жилийн гэрээнд гарын үсэг зурсан. Тэгвэл, Нафтогазын гүйцэтгэх захирал Витренко үүнийг огт өөр өнцөгөөс харж байна. “Орос улс эрчим хүчний экспортоос нэг тэрбум хүртэл ам.доллар авдаг. Хэрэв тэд экспортоо бууруулбал дайныг санхүүжүүлэх боломжгүй болно. Иймээс тэд орлогын урсгалаа тасалдуулахыг хүсэхгүй байна” гэжээ.
Эх сурвалж: MSN
Холбоотой мэдээ