Д.Чинбат: Төр өнчин хүүхдийн өрөм, талхыг булаан авч байна

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Д.Чинбат: Төр өнчин хүүхдийн өрөм, талхыг булаан авч байна

Д.Чинбат: Төр өнчин хүүхдийн өрөм, талхыг булаан авч байна

Хөтөлийн "Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чинбаттай ярилцлаа.


-Төрийн байгууллагын төлөөллүүд хувийн үйлдвэрт хүч түрэн орж ирж, “Өрөө гаргаж өг, данс тооцоотой чинь танилцана” гэж шаардахыг харлаа. Төр хувийн өмчид дэндүү бүдүүлгээр халдаж буй энэ үйлдлийн талаар та юу хэлэх вэ?

-Үнэхээр харамсалтай байна. Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийг төр мэдэлдээ авна гэсэн тогтоол гаргасныг сонсоод үнэхээр “шок”-нд орсон. Өнөөдөр өглөө Б.Цэнгэл дарга тэргүүтэй хүмүүс ирж ажиллаж байна. Өглөө би бичиг авахдаа ч байр сууриа илэрхийлсэн. Түрүүн шаардах хуудас гэж өгч байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Хувийн өмчийг төрийн нэр барьж дээрэмдэж байна гэж дүгнэж байна. Миний илэрхийлсэн байр суурь хэвээрээ байна. Нарийн яривал Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хөндөж буй асуудал. Засгийн газар, Б.Цэнгэл дарга удаа дараа эзэн нь нас барсан учраас төрийн мэдэлд эргүүлж авна гэж хэллээ.

Өв залгамжлалтай холбоотой асуудал шийдэгдээгүй байна. Энэ төслийг анх хэрэгжүүлсэн Бөх-Очир гэдэг залуу 2018 онд нас барсан байдаг. Тэр хүн амьд байсан бол асуудал иймдээ тулахааргүй байсан. Гурван хүүхэдтэй. Хоёр бага нь ээжийн хамт өв залгамжлахгүй гээд хүсэлтээ өгсөн. Том хүү Тулга нь өв залгамжлах хүсэлтээ гаргаад, нотариатын байгууллагад хандсан. Гэвч Хөгжлийн банкнаас өв залгамжлах хүсэлтийг нь зөвшөөрч болохгүй шүү гэсэн бичиг явуулсан байсан. Өдий хүртэл ингээд өв залгамжлалын асуудлаа шийдүүлж чадахгүй яваа. Эцсийн эцэст юу гэж бодож байна вэ гэхээр эцэг нь нас барчихвал тэр хүний үр хүүхэд өвийг нь залгамжлах эрхгүй болж байгаа юм байна, энэ нийгэмд. Явж явж өнчин хүүхдийн өрөм, талхыг төр булааж авч болох юм байна. Үндсэн хуулиар олгогдсон хүний өмчтэй байх үндсэн эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна.

-ТӨБЗГ-ынхан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана гэдгээ урьдчилж та бүхэнд хэлсэн үү, гэнэт ирэв үү?

-Төр хувьчлалыг хүчингүйд тооцож, үйлдвэрийг мэдэлдээ авах шийдвэр гаргасан. Энэ нь бөөн маргаан мэтгэлцээн болж, нийгмийг хоёр, гурав хагалах вий. Дээрээс нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад болох вий, ажилчдын уур амьсгалд нөлөөлөх вий. Эргээд цаанаа аюулгүй ажиллагааны асуудал хөндөгдөнө. Энэ мэдээг сонсоод миний хувьд маш их санаа зовсон. Засгийн газрын хуралдаан болсон орой Цэнгэл даргатай “Бид хуулийнхантайгаа тантай очиж уулзаж, зөвлөлдмөөр байна. Төр хувийн өмч дээрэмдэх ажиллагаа болно. Бид мэдээж хувийн өмчийг төрд өгөхгүй” гэж яриад, дөрөв дэх өдрийн 14:00 цагт хотод уулзахаар тохирсон. Харамсалтай нь, Цэнгэл дарга “Өглөө 10:00 цагт засгийн газарт дуудагдчихлаа. Тийм учраас уулзалтаа хойшлуулъя” гэж хэлсэн. Тэгээд тав дахь өдөр баг бүрэлдэхүүнтэйгээ очно, ажил дээрээ 09:00 цагт бэлэн байгаарай” гэсэн. Манай компанийн зүгээс өнөөдөр өглөө 09:00 цагт бэлэн байсан. Уулзаад ийм асуудал үүсч байна.

-Өглөө ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл танай үйлдвэр дээр ирээд “Хөтөлийн цемент шохой үйлдвэр дефолт зарлах хэмжээнд алдагдалтай ажиллаж байна. Энэ нь улс буцааж авах нэг үндэслэл болж байна” гэж мэдээлсэн. Үнэхээр нөхцөл байдал тийм хүнд байгаа юм уу?

-Монголын эдийн засгийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн үүрч яваа. Covid-19-ийн хүнд хэцүү нөхцөл, инфляци, үнийн өсөлт гээд бүх компани хүнд байдалд байна. Тэгэхээр хувийн компани бүрийг төр мэдэлдээ авна гэсэн үг үү? Би ойлгоогүй. Ямар үндэслэл ярьчихав гэдгийг. Монголд хэдэн зуун аж ахуйн нэгж байгаа шүү дээ. Дампуурсан болгоныг төр авна, эсвэл эцэг нь үхээд, эзэнгүй болсон өмч гээд төр авна гэнэ. Иймэрхүү тэнэг юм яриад байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

-Эзэнгүй өмч гэж яриад байна. Гэвч талийгаачийн том хүү өв залгамжлалын асуудлаа хөөцөлдөөд, асуудал шийдэгдээгүй байгаа юм байна. Асуудал юун дээр гацаад шийдэгдэхгүй байгаа юм бол?

-Хөгжлийн банкнаас Нотариатын танхим руу бичиг явуулсан байдаг юм. Зээлийн маргаан бий. Бид хоёр банкнаас зээл авсан. Хоёр банктайгаа адил түвшинд харьцаад явдаг. Манайтай маргаантай байгаа учраас өв залгамжлалын асуудлыг нотариатаар батлуулж болохгүй шүү гэж анхааруулсан бичиг өгсөн байдаг. Тиймээс бүх нотариат баталж өгдөггүй хүндрэл үүсээд байгаа юм.

-Хөтөлийн “Цемент шохой” хувьцаат компанийг мэдэлдээ авахын тулд өв залгамжлалын асуудлыг нотариат дээр гацааж байгаад, төр мэдэлдээ авах гээд байна уу гэсэн хардлага төрж байна л даа. Та юу хэлэх вэ?

-Би яг тэгж хардаж, тантай 100 хувь санал нэг байна. Үнэхээр урд нь хонгил үүсгэчихлээ, манан үүсгэчихлээ гэж сонсож байсан. Ерөнхийлөгч, засгийн газар, хууль шүүх гээд бүх эрх мэдэл нэг намд шилжчихээр хонгил үүсгэж байгаад бүх асуудлыг мэдэлдээ авдаг. Бүр төлөвлөгөө гаргадаг гэж яригддаг шүү дээ. Цаасан дээр төлөвлөгөөгөө зурчихаад, яг түүнийхээ дагуу ажиллаж, хүний өмчийг дээрэмддэг. Урд нь яригдаж байсан энэ бүхэн яг үнэн юм байна. Өнөөдөр манай компанид тохиолдож буй процесс яг ийм юм болж байна. Энэ нөхдүүд төлөвлөгөө гаргасан. Тиймээс хувийн өмчийг булааж авч байгаа энэ үйлдэл зохион байгуулалттай гэж бодож байна.

ХӨГЖЛИЙН БАНК ЯГ БАЯН АЙЛЫН ТЭНЭГ БАЦААН ШИГ БАЙНА

-Та гүйцэтгэх захирлын албан тушаалыг хэдийнээс хашиж байна вэ?

-Оны өмнөхөн, арваннэгдүгээр сарын дундуур ажлаа хүлээж авсан.

-Хөгжлийн банкныхантай та бүхэн уулзаж, асуудлаа ярилцсан уу?

-Би ажил авснаасаа хойш хоёр удаа уулзсан. Хөгжлийн банк ямар ч шийдвэр гаргаж өгдөггүй. Миний өмнө ажиллаж байсан захирал Шоовдор, "Хөтөл" компанийнхан 11 удаа бичиг явуулж, таван удаа уулзсан байдаг. Сонсоод л хаядаг, ямар ч шийдвэр гаргадаггүй. Ганц манай компанийн асуудал яригдаагүй. Хөгжлийн банкнаас зээл авсан МАК, Монполимет гээд яг адилхан үйлдвэр зээл авсан. Долларын ханшийн зөрүү дээр компани алдагдал хүлээгээд балраад байна. Үүнийг монгол төгрөгөөр хөрвүүлээд өгчихөөч, хугацаагаа сунгаад өгөөч гэхээр ерөөсөө авч хэлэлцдэггүй. Товчхон хэлэхэд, Хөгжлийн банк баян айлын тэнэг бацаан шиг байна. Төрд очоод гомдол ярьдаг. Энэ өрөө төлөхгүй байна, энийг зодоод, чихийг нь аваад өгөөч гээд. Яг ингээд суугаад байгаа байхгүй юу.

Компанийн зүгээс Хөгжлийн банкинд гомдолтой байгаа юм. Манай компани Худалдаа хөгжлийн банкинд өнөөдөр яг адилхан зээлтэй. Төсөл хэрэгжихэд яг адил ам.долларын зээл авсан. Яг адил хүсэлт тавьсан. 2015 онд Худалдаа хөгжлийн банк манай хүсэлтийг хүлээж аваад, монгол төгрөгөөр шилжүүлсэн. Өнгөрсөн сард хүртэл зовлон жаргалыг хараад, зээлийнхээ төлөлтийн графикийг өөрчилж, хүүгээ бууруулаад явсан. Худалдаа хөгжлийн банк үйлчилгээ маш сайн үзүүлж байна. Харин Хөгжлийн банк худлаа гомдол тавиад, уйлаад суугаад байгаа юм. Өнөөдөр ийм хүнд байдалд орж байгаа асуудал Хөгжлийн банкны удирдлагууд, менежменттэй шууд холбоотой.

-Энэ талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу? ТӨБЗГ-ынхан та бүхнийг зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй гэсэн асуудал ярьсан.

-Маш олон удаа санал тавьсан, төлбөр төлөх маш олон менежментийн арга боломж байна. Үнэхээр өр төлбөртэй, эсвэл манай компанийн хувьцааг аваач гэсэн санал ч тавьсан. Ерөөсөө шийдэж өгдөггүй. Бид бүтээгдэхүүнээр өр төлбөрөө төлье гэсэн санал тавьсан ч шийддэггүй. Нэг боломж нь зээлийг хөнгөлөлттэй зээлээр сольж болж байгаа байхгүй юу. Зах зээл дээр мөнгө босгоод, танай зээлийг нэг өдрийн дотор төлье. Энэ дээр хамтарч ажиллаач гэхээр бас шийдэж өгдөггүй. Тэгтэл эднийх өртэй учраас өвийг нь шилжүүлж болохгүй гэдэг. Өртэй учраас гээд гадаад, дотоодын зах зээл дээр компанийн нэр хүндийг унагаж, үнэхээр шавартай хутгаж дуусч байна. Үүн дээр маш их гомдолтой байна. Их муу менежменттэй банк байна гэж ойлгож байна.

-Төр маш түрэмгий, дээрэнгүй байна. Өнөөдрийн үйл явдлын үеэр ч тодорхой харагдлаа. Иймэрхүү байвал Монголд хувийн хэвшил хүмүүсийг ажлын байраар хангаад, үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүндрэлтэй байх болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Маш хүнд байна. Төрийн бодлогыг Хөгжлийн банкны асуудал бужигнаснаас хойш ойлгохгүй байгаа юм. Зурагтаар гарахаараа сайхан шоудах юм. Жигтэйхэн гоё тайз засаад, аж үйлдвэрийн тэддүгээр хувьсгал, баахан аж үйлдвэр барина, уул уурхайг хөгжүүлнэ, гадаадынхан монголчууддаа хөрөнгө оруулаач ээ гээд хашгираад байдаг. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гээд сүртэй сүртэй юм яриад байдаг. Бодит байдал яг өнөөдөр таны харсан энэ байдал. Хэрвээ ийм байвал Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихгүй. Бид өнөөдөр хамаг муугаараа хэлүүлж байна. Ийм байдалд оръё, буруутан болъё гэж хүсч байгаа хүн үйлдвэр барь. Би тэгж хэлмээр байна. Гаднынхан үүнийг хараад ойлгож байгаа шүү дээ. Юун Монгол руу хөрөнгө оруулах. Дээрээс нь юм хийе гэж зориглож байсан монгол залуусын хүсэл, мөрөөдлийг нухчин дарж байна. Энэ жишээ нийгэмд үнэхээр муухай буруу үлгэр дууриал болж байна. Маш харамсалтай.

-Төрийн нэрээр хувийн компанид дайран орж, өрөө гаргаж өгөхгүй бол хүч хэрэглэнэ гэж дөвчигнөж байгаа төрийн хүнийг харах гутамшигтай байлаа. Хувийн компанийг хуулиар хамгаалдаг биз дээ?

-Хамгаална. Хэн ч халдах эрхгүй. Хууль бусаар хүний хувийн өмч рүү халдвал тэр нь хулгай, дээрэм болно. Тэр нь төр байна уу, хувь хүн байна уу, компани байна уу ялгаагүй. Хууль бусаар хүний юмыг зөвшөөрөлгүй авбал хуулийн хариуцлага хүлээх ёстой.

-Үйлдвэрийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийг авчирсан байна. Тэр хүн "Хувьчлалаар компанийг үнэгүйдүүлж авсан" гэж мэдээлэл хийлээ. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ бол худлаа. Энэ ганц Наранбаатарын хэлж байгаа үг биш. Өмнө нь Нямдорж, өнөөдөр Цэнгэл дарга хүртэл хэллээ, 1.4 тэрбумаар авсан гэж. Яг үнэндээ 41.3 тэрбум төгрөгөөр авсан. Компанийн зүгээс урд нь сэтгүүлчдэд хандаагүй, асуудалд маш тэвчээртэй хандсан. Уг нь зээлийн л асуудал шүү дээ. Зээл төлөлтийн график зөрчсөн асуудал л байгаа. Гэтэл улс төржүүлээд, сэвээд. Дандаа худал, гуйвуулсан мэдээлэл тарааж байна. Компанийн зүгээс хууль эрх зүйн хувьд учир нь олдоно гээд хүлээцтэй байсан. Өнөөдөр бид хэвлэлд хандаад, мэдээлээл өгөх тал дээр их алдаа хийж дээ гэж бодоод сууж байна.

Ил тод, хэвлэл мэдээллийнхэнд 1.3 тэрбум биш ээ, 41.3 тэрбум шүү гээд мэдээлэл өгөх байж. 295 тэрбум төгрөг гээд хашгираад байна. Яг үнэндээ 61 сая ам.доллар. Тухайн үеийн ханшаар 81 тэрбум төгрөгийн л асуудал. Өнөөдөр инфляци өссөн, үүнийг зохицуулах нь төр засгийн үүрэг шүү дээ. Компанийн үүрэг биш гэж бодож байна.

Долларын ханшийг 3000 хүргэчихээд, бүх эрсдэлийг нь бизнес эрхлэгч үйлдвэрлэгч нарт үүрүүлчихдэг. Төр өөрөө юу ч хийдэггүй, нөгөө л Хөгжлийн банкны асуудал гээд гайхуулаад яваад байдаг.

Нэхээд байгаа 61 сая ам.доллар өнөөдрийн ханшаар 181 тэрбум төгрөг болно. Зөвхөн ханшийн зөрүү дээр компанид 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнийг Хөгжлийн банк нэхээд яваад байгаа юм. Ийм эрүүл бус бизнесийн харилцаа байж болохгүй. Хөгжлийн банкнаас зээл авч, юм хийхээр зүтгэж буй залуус, МАК, Монполимет гээд аж ахуйн нэгжүүд яг ижилхэн ийм зовлонтой байна. Энэ дан ганц манай компанийн зовлон биш. Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн зовлон.

"НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ГАЛЗУУРУУЛЖ БАЙГААД ДЭЭРЭМДДЭГ МАШ БАЛИАР ТАКТИК"

-Төрийн үйл ажиллагаанд эвлэрч боломгүй нэг муухай арга заль байх шиг. Өөрийн мэдэлд авахын тулд онилсон “объект”-оо үнэн, худлыг гуйвтал зарим хэвлэл, нийгмийн сүлжээгээр сэвж балбаж байгаад, хүмүүсийг итгэтэл молигодоод, булааж дээрэмдэж авдаг муухай жишиг тогтох нь…

-Маш балиар тактик. Би түрүүн хонгил гээд ярилаа шүү дээ. Түүнд итгэдэггүй, арай ч үгүй байлгүй дээ гэж боддог байсан. Өнөөдөр биеэрээ туулж байна. Яг төлөвлөөд, онилоод, нийгмийн сүлжээгээр сэвээд, ард түмний тархийг угаагаад, нийгмийн сэтгэл зүйг галзуу болгож байгаад, бууд дүүжил ал, гэж сэтгэл зүйг нь бэлдэж байгаад, тэгээд санасандаа хүрч байна. Харамсалтай байна.

-Төрийн төлөөллүүд сая “Дараа уулзъя” гээд гарлаа. Та бүхний зүгээс эрхээ хамгаалж цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Төсөл хэрэгжүүлсэн “Хөтөл” гээд манай толгой, хөрөнгө оруулагч компани бий. Хууль ёсны хоёр хуулийн зөвлөх нь, өв залгамжлалын хоёр өмгөөлөгч нь манай дээр хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Хэдийгээр захирал нэртэй боловч би өнөөдөр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөлсний ажилчин. Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна. ТУЗ-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр өмчлөгчийн, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Үр ашигтай захиран зарцуулах ёстой. Ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, аюулгүй жигд ажиллагаа, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байна. Өнөөдрийн гарч байгаа маргаан бол хувийн өмчийг төрийн өмч рүү шилжүүлэх асуудал яригдаж байна. Өмчлөгч биш учраас би өмчийн эзний өмнөөс шийдвэр гаргах эрхгүй.

Цаашид асуудал Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу үнэн зөв шийдэгдээсэй л гэж хүсч байгаа юм. Энэ дээр манай өмгөөлөгч нар ажиллаад шийдээд явна. Миний хувьд нэг талдаа гартал нь энэ үйлдвэр, уурхайг, энэ 800 гаруй ажилтан, Хөтөлийн дулаан хангамж, Эрдэнэтийн шохойн хангамж, дээрээс нь барилгын цементийн зах зээлд аль болох хямд, чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, аюулгүй үйлдвэрлэл явуулж, энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд яваасай л гэж хүсч байна. Энэ дээр л гол санаа зовж байна.

-Хүмүүсийн дунд Засгийн газар хятадуудтай цементийн зах зээл дээр хамтарч ажиллах гээд дотоодын компаниудаа шахаж байна гэсэн хардлага байна. Танд ямар нэгэн хардлага төрж байна уу?

-Надад энэ нь мэдрэгдээд байна. Би бас яг тэгж бодож байна. Үйлдвэрлэл нь хэвийн явагдаж, жигд ажиллаж буй компанийг нийгмийн сүлжээгээр муу муухайгаар сэвээд, бүдүүлгээр нэр хүндэд халдаж байна. Хоёрдугаарт, өнөөдрийн түрэмгийлсэн үйл ажиллагаа, компанийн жигд ажиллагааг алдагдуулах гэсэн санаа. Энэ явж явж цаана нь гаднын гар, хөл байгаа юм биш биз дээ. Түүнээс монголчууд иймдээ хүртэл муудалцаж, зодолдох ард түмэн биш байхгүй юу. Надад тийм бодол төрсөн шүү.

-Өнөөдөр эдийн засагч Л.Наранбаатар "Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн ажилчид тоног төхөөрөмжөө хулгайлж, зөөж байна" гэсэн мэдээлэл цацлаа. Үнэхээр тоног төхөөрөмжөө зөөж байгаа юм уу? 

-Наранбаатар бид хоёр нэг багшийн шавь, нэг сургууль төгссөн. Би 1995 онд Техникийн их сургуулийг уул уурхайн инженерээр төгссөн. Наранбаатар надаас хоёр насаар дүү. Өөрийгөө олон улсын жорк стандартын зөвлөх гэж ярьж байна. Мэргэжлийн хувьд, салбарын хүний хувьд би маш сайн танина. Үнэлж явдаг. Харамсалтай нь, өнөөдөр уулзаагүй нэлээд удсан хоёр сонин тохиолдлоор эргэж уулзлаа. Уулзах уулзахдаа хоёулаа сошиалаар од болж уулзлаа. Мэргэжлийнхээ түвшинд бас хоёулаа сайн, муудаа тулаад авлаа.

Хөгжилтэй юм болж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийнхэн хулгай хийж байна гэж зураг үзүүлэхэд би маш их харамссан. Энэ бол гүтгэлэг шүү. Нэгд, манай ажилчдыг гүтгэн доромжилж байна гэж харж байна. Хоёрдугаарт, компанийн бизнесийн нэр хүндэд халдаж байна. Наранбаатарыг компани, хамт олны нэр хүндэд халдаж, ингэтлээ попорч, гутаан доромжилж гүтгэнэ гэж итгээгүй явсан. Түрүүн би "Наранбаатар аа, чи манай ажилчдыг хулгайч гэж гутаан доромжилж байна. Компанийн нэр хүндэд халдаж байна. Чамайг шүүхэд өгнө шүү" гэдгээ хэлээд гараад ирсэн. Арай ч тэгж попорч болохгүй. Мэргэжлийн совесть гэж байдаг. Өнөөдөр найзынхаа өмнөөс харамсаж байна. Мэргэжлийн совесть нь хааччихав аа. Энэ ажлыг авахын тулд ямар муухай попорч, чичирч байна аа. Би бол ичээд яваад өгсөн байгаа (инээв.сурв).

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж