Гадуурхалд өртсөн хүүхэд зожиг болдог

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Гадуурхалд өртсөн хүүхэд зожиг болдог

Гадуурхалд өртсөн хүүхэд зожиг болдог

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гадуурхал байнга өрнөж байдаг. Тухайлбал шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаагаар нь хүүхдүүд нэгнийгээ ялгаварлан гадуурхахаас гадна царай төрх, биеийн ил хэсэг дэх шарх сорви, мэнгэ нөсөө толбыг нь дооглох, шоглох үзэгдэл сурагчдын дунд түгээмэл байдаг аж. Өөрийн гадаад төрхөөсөө болж дооглуулж, гадуурхагдсан хүүхдэд энэ нь сэтгэлийн маш том хар дурсамж үлдээдэг бөгөөд тухайн хүүхдийн сэтгэл зүйг сэтгэл заслын эмчилгээгээр сэргээн засахад хүртэл хүндрэлтэй байдаг аж.

Гадаад үзэмжээрээ бусдад шоолуулж өссөн тухайгаа Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "ЕБС-д сурч байхад манай ангийнхан намайг "Мангас гарт" гэж дууддаг байсан.  Миний гар дээр  том хар мэнгэ байдаг юм.  Хүүхдүүд "Чи наад гараа сайн угаадаггүй юмуу. Тогооны хөөгөө арилгаач ээ" гэх мэтээр өдөр болгон шоолдог байсан. Гэхдээ анги нийтээрээ биш хэсэг бүлэг хүүхэд байнга тэгж хэл амаараа дарамтална.  Ядаж байхад мэнгэ баруун гар дээр байдаг учир хүндрэлтэй, хичээлээ бичихэд бие тамирт ороход ил харагддаг. Харин их сургуульд ороод  шоолох гадуурхах зүйл байхгүй болсон Гэхдээ багад үлдсэн хар дурсамжаасаа болдог юм уу, одоо хүмүүстэй гар барих автобусны бариулаас барихаар  эвгүй санагддаг. Хэд хэдэн удаа арилгах гэж оролдож байсан. Гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар ширүүн зүлгүүрээр үрж байсан. Гоо сайхны эмнэлгүүдэд очиж эмчлүүлэх талаар бодож байсан ч зориг хүрээгүй. Хүн байгалиас заяасан бие эрхтнээ голох хэрэггүй. Хөндлөнгийн хэн ч бай түүнийг нь тоглоомоор ч гэсэн шоолох эрхгүй шүү дээ" гэж сэтгэл зовж явдаг зүйлээ ярив.

М.Түмэнжаргалын хувьд багадаа халуун сүүтэй цайнд нүүрээ түлснээс болж нүдээ гүйцэт аньж чадахгүй сорвитой болж хоцорчээ. Тэрбээр тухайн үед эмнэлэг хол байснаас яаралтай тусламж авч чадаагүй аж. Нүүрнийх нь сорвиноос болж  хөвгүүд шоолдог байснаас тэрбээр өөр хүмүүстэй харилцахаас эмээдэг, өөрөөсөө ичдэг болсон тухайгаа  ярьсан юм. Тэрбээр "7-р ангид байхад манай ангийн охин сургууль дээр  нүүрний будаг авчирсан юм. Ангийнхаа охидтой хамт будаг шунх сонирхож байтал манай ангийн нэг хөвгүүн “Чи будаад яах юм бэ? Угаасаа арилахгүй шүү дээ” гэж хэлж байсан. Үүнээс хойш хүнтэй харилцахад нөгөө хүүхдийн хэлсэн үг санаанд ороод "Энэ хүн намайг бас тэгж бодох вий дээ, намайг тэгж хэлэх вий" гэж айдаг болсон. Найзууд, гэр бүлийнхэн маань намайг их өмөөрч сэтгэлийн дэм өгдөг байсан ч  би тэр хүүхдийн хэлсэн үгийг одоо хүртэл мартдаггүй юм.  Сүүлийн хоёр жил гэртээ ихэнх цагийг өнгөрүүллээ. Гадуур явсан ч амны хаалттай учир сорив маань ил харагдахгүй. Эрх чөлөөтэй,  хэн ч намайг өрөвдсөн харцаар харахгүй амар байсан. Гэртээ байхдаа аль болох хар бараан дурсамжуудаа мартахыг хичээсэн. Сэтгэл санаа одоо хамаагүй дээрдсэн" гэж ярилаа.

12-р ангийн сурагч А.Орших хамар, хацрынхаа хэсгээр сэвхтэйгээсээ болж бусдад шоолуулдаг гэнэ. Тэрбээр эрэгтэй хүүхэд учир үүнийгээ тоодоггүй байсан ч нэг хүүхдийн эвгүй үйлдлээс болж ичиж зовдог болжээ. Тэрбээр 9-р ангидаа улаан шугамдаа тэнцэж чадаагүй учир өөр сургууль руу шилжсэн аж. Тэрбээр ярихдаа, "Шинэ танил, шинэ хүрээлэл үнэхээр хэцүү санагдаж байсан. Манай ангийн нэг танхай хүүхэд миний нүүр рүү үзгээрээ чичлээд нэг, хоёр, гурав гээд тоолж байсан. Миний сэвх нөсөө толбыг тоолж байгаа нь тэр. Ер нь тэр хүүхэд намайг их өддөг. Хуучин анги хамт олонтойгоо нэгдүгээр ангиасаа хойш суралцсан болохоор миний гадаа үзэмжийг ойлгодог их хүндэтгэлтэй ханддаг байсан" гэсэн юм.

Бага болон дунд ангийн хүүхдүүд дунд нэгнийхээ үзэмжийг яагаад гадуурхаж, шоглох үзэгдэл яагаад байдаг талаар сэтгэлзүйч Л.Нарангоо тайлбарлахдаа, "Бие биенийгээ гадаад үзэмжээр нь доог тохуу хийж шоглох нь ихэвчлэн бага насныханд түгээмэл ажиглагддаг. Яагаад гэвэл энэ насанд хүн болгоныг адилхан байдлаар төсөөлж байдаг. Тэгэхээр бусдаас ялгаатай буюу харагдах байдлаараа онцгойрч ялгардаг хүмүүсийг бага насны хүүхдүүд гайхаж, сонирхож эхэлдэг. Өөрсдөөс нь ялгаатай байгаад буюу урд нь харагдаж үзэгдээгүй мэнгэ сорив, нөсөө толботой хүүхдүүдэд дасаж чадаагүйтай холбоотой" гэсэн юм.

-Өөрийн гадаад төрх, биеийн онцлогоосоо болоод шоглуулж буй хүүхдийн сэтгэл зүй ямар байдаг юм бол?

-Мэнгэ, сорви, нөсөө толботой хүүхдүүдийн зүгээс аваад үзвэл өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдэрч эхлэх магадлал өндөр байдаг. Зарим нь юу ч болоогүй юм шиг хүлээж авдаг буюу дөжирчихсөн байдаг. Зарим нь үүнээсээ санаа зовж, зожигрох, бусдаас тусгаарлагдах, өөртөө итгэлгүй байх, гадаад дүр төрхөндөө сэтгэл хангалуун бус байх зэрэг сэтгэл зүйн сөрөг мэдрэмжтэй байдаг. Энэ нь траума буюу сэтгэцийн гэмтэл үүсгэх магадлал тун өндөр.

-Траума буюу сэтгэцийн гэмтэл эдгэрэх боломжтой юу?

-Траума нь насан туршдаа үргэлжилдэг бөгөөд хэзээ ч арилдаггүй зүйл. Яахав сэтгэл заслын эмчилгээгээр бол багасгаж болдог.

-Тухайн хүүхэд бусадтай харилцахад доголдол гаргадаг уу?

-Харилцааны хувьд  ууртай түрэмгий эсвэл зожиг ганцаардсан, бусадтай нийлдэггүй төрлийн хүүхдүүд болж төлөвшинө. Бусадтай өөрийгөө адилтгаж "Яагаад би бусдаас өөр юм бэ?", "Бусадтай адилхан баймаар байна" гэсэн бодол давамгайлах магадлал ч өндөр байдаг. Гэхдээ амиа хорлолтын хувьд бол нийгмээс ирж буй сөрөг хариу үйлдэл хэдий чинээ байна төдий чинээ амиа хорлох бодол, оролдлого зэрэг нэмэгдэнэ гэсэн үг.

-Сургуулийн орчинд хүүхдээ гадуурхагч гэдгийг эцэг эхчүүд ер нь мэддэггүй байх. Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?

-Ангийн хүүхдүүд ч юм уу, найз нөхөд, гэр бүл нь гадаад төрхөнд тийм ч сүртэй хариу үйлдэл үзүүлж, эсвэл эмзгээр хүлээж авахгүй энгийн байдгаар нь л хүлээж авч харьцвал тухайн хүүхдэд бусдаас ялгаатай юм байна гэж гутрахгүй, "Би бол байдаг л хүн юм байна" гэсэн мэдрэмжтэй байна. Эцэг эхчүүдэд гэж зөвлөхөд хүүхдүүддээ багаас нь хүн бүрийн ялгаатай байдал, давтагдашгүй төрөлхийн онцлог зэргийг тайлбарлаж өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй гэв.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж