Хятад: Бүх Боинг 737-800 онгоцны нислэгийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Хятад: Бүх Боинг 737-800 онгоцны нислэгийг зогсоов

Хятад: Бүх Боинг 737-800 онгоцны нислэгийг зогсоов

Хятадын “Eastern Airlines” компанийн Боинг 737 онгоц өнгөрсөн долоо хоногт Гуанси мужийн ууланд осолдсон. Онгоцонд явсан 123 зорчигч болон нислэгийн багийн есөн гишүүн бүгд нас барсан болохыг Хятадын иргэний нисэхийн удирдах газраас мэдээлсэн. Онгоц осолдсон газраас 40 метрийн зайд, 1.5 метрийн гүнээс нислэгийн мэдээлэл бүртгэгч буюу хар хайрцаг олджээ.

“Нислэгийн бичигч – Нээж болохгүй” гэсэн бичигтэй улбар шар өнгийн зүйл барьсан эрлийн ажилтны зураг “CGTN”-д нийтлэгдсэн. Хар хайрцагны зарим хэсэг эвдэрсэн ч мэдээллийг гаргаж авч болохуйц байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн Лхагва гаригт бүхээгийн дуу хураагч олдсон байна. Ийнхүү шаардлагатай бүх зүйл олдсоныг эрлийн баг Бээжин рүү илгээсэн байна.

Ослын улмаас уулын энгэрт 20 метр орчим гүн нүх үүсч, хог хаягдал, сэг их хэмжээгээр тархжээ. Осол харьцангуй алслагдсан бүс нутагт болсноос гадна бороо шороотой цаг агаар хавсарснаар эрлийн ажиллагаа нэлээд хүндрэлтэй болжээ. Албаныхны мэдээлснээр эрлийн багийнхан голомтоос 36 мянга орчим онгоцны хэлтэрхий олсон байна.

Онгоц газар руу хамраараа унахаас өмнө 8800 гаруй метр өндөрт хүрсэн болохыг нислэгийг хянах үйлчилгээ үзүүлэгч “FlightRadar24” тогтоожээ. Нислэгийн давтан үзүүлбэрээс харахад онгоц хоёр ч удаа шумбах үйлдэл хийсэн бөгөөд 2100 метр өндөрт гарсныхаа дараа огцом өндрийг авсан байна. “CGTN”-ээс гаргасан мэдээллээс харахад онгоц 1300 гаруй метрийн өндөрт радарын хамгаалалтаас гарсан гэв.

Онгоцны өндөр огцом буурч байгааг мэдээд нислэгийн удирдлагын багаас нисгэгчидтэй холбоо тогтоохыг удаа дараалан оролдсон боловч хариу өгөөгүй гэж албаныхан мэдэгдэв. Тухайн үед цаг агаар хэвийн байсан бөгөөд онгоц гэнэт унах хүртлээ нислэгийн удирдлагатай хэвийн харилцаж байсан ажээ. Түүнчлэн нисгэгчдийн эрүүл мэнд ч ямар нэгэн асуудалгүй байсныг “Eastern Airlines” мэдэгдэж байна.

Ням гаригийн үдээс хойш бүх зорчигчид нас барсан гэдэг мэдээлэл батлагдахад эрлийн багийнхан ажлаа түр зогсоож, гурван минут чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлсэн байна. Түүнчлэн Ши Жиньпин дарга Хятадын эрх баригч намын дээд хурлын өмнө хохирогчдын дурсгалыг хүндэтгэн чимээгүй зогсжээ. ДНК-ийн шинжилгээгээр онгоцонд явсан бүх зорчигчийн хэн болохыг өчигдөр /2022.03.28/ тогтоосон. Мөн зорчигчдын иргэний үнэмлэх, банкны картыг олсон байна. Иргэний нисэхийн албаныхан одоо хохирогчдын шарил, эд зүйлсийг шилжүүлэх, ангилахаар ажиллаж байна. Хохирогчдын шарилын үлдэгдэл, эд зүйлс одоо Вужоугийн оршуулгын газарт байгаа гэв. Үлдсэн ар гэрийнхэнд нь сэтгэл зүй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр 1180 сэтгэл зүйн тусламжийн ажилтнуудыг илгээжээ.

Хятадын дөрвөн том агаарын тээврийн компанийн нэг “Eastern Airlines” болон түүний охин компаниуд бүх Боинг 737-800 буюу нийт 223 онгоцны нислэгээ зогсоов. Онгоцнуудад ямар нэгэн асуудал үүсээгүй, зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор ийн нислэгээ зогсоосон гэжээ.

Эх сурвалж: NPR, AVIATION TODAY, ANADOLU AGENCY, ARIRANG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж