Хөгжлийн банкны захирал Н.Мандуул чанаргүй 25 зээлдэгчийн нэрс, тэдний авсан зээлийн хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн. Үүнээс хойш тус банкийг тойрсон дуулиан одоо ч намжаагүй байна. Энэ асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж байгаа юм.
Энэхүү нээлттэй сонсголд 120 гаруй хүн оролцож байна. Тодруулбал, Сангийн яам, Хуульзүй дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон хэвлэлийн мэдээллийн 21 байгууллага, 15 банкны төлөөлөл зэрэг оролцож байгаа юм.
"30 аж ахуй нэгжийн зээлд албан тушаалтан нөлөөлсөн"
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн 69 орчим хувь нь барьцаа хөрөнгө нь хангалтгүй гэж мэдээлэлд дурдлаа. Хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын хохирлыг бүрэн барагдуулж чадах уу. Улсад учруулсан хохирлыг хэзээ барагдуулах вэ. Ажлын хэсгийн мэдээллийг үзэхэд шүүхийн шийдвэр гарсан гурван зээлдэгч байгаа юм байна. ТОСК, Чингисхаан банк, Инсадай компани багтжээ. Гурван шатны шүүхэд байгаа 20 гаруй зээлдэгч байна. Барьцаа хөрөнгө хангалтгүй байгаа тохиолдолд зээлийг банк бүрэн төлж чадах уу. Улсыг хохиролгүй болгож чадах уу. Зээлийн барьцаанд байгаа орон сууц зарагдаж байгаа талаар мэдээлэл ирлээ. Тухайлбал, Бэрэн компани, Хангай хотхоны байрууд зарагдаж байгаа юм байна. Тус компани Сүхбаатар дүүрэгт 100 гаруй айлын орон сууц зарчихсан байна. Тэгэхээр дээрх орон сууцыг авсан иргэд хохирч байгаа юм биш үү.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрхэмбаатар:
-Одоогийн байдлаар хохирол биш, зээл эргэн төлүүлэх ажил хийж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлж ажиллаж байна. Барьцаа хөрөнгө хангалтгүй байгаа гэдэгтэй зуун хувь санал нэг байна. Хэд хэдэн шалтгаан бий. Ирээдүйд бий болох хөрөнгө, орлого барьцаална гэж гэрээ хийгээд хэлбэр төдий зээл олгосон тохиолдол маш их байгаа. Ирээдүйд орлого нь бий болоогүй, бий болсон үйлдвэрийг барьцаанд буцааж аваагүй жишээ бий.
Жишээ нь “Хөтөл”. Хөтөлийн тухайд бий болсон үйлдвэрээ улсын комисст одоо болтол өгөхгүй байтал АТГ гомдол гаргаж саяхан улсын комисс авсан. Гэрчилгээ гаргаж аваагүйгээс үүдэлтэй барьцааны эрхээ хэрэгжүүлэх чадваргүй болсон байна.
Барьцаа хөрөнгүүд элэгдэж, үнэд хүрэхгүй болсон. Сая ажлын хэсгийн дүгнэлтээр магадалгаа хийгдсэн. Зарим нэг тохиолдолд барилгаа барихын тулд бартерт өгсөн байсан. Иргэдийг хохироохгүйн тулд эдгээр орон сууцыг нээлттэй зарлаж байгаа. Мөн иргэд банкны дансанд төлбөрөө хийсэн тохиолдолд байрыг чөлөөлөх байдлаар хамтарч ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй 330 тэрбумын маргаан бүхий долоон зээлдэгчтэй холбоотой материал бий. Үүний хамгийн том нь “Кь, Эс Си” компани байна.
Хууль зүйн сайдад ажлын хэсэг гаргах хүсэлт гаргасан. Ажлын хэсэг гаргахгүй бол шийдвэр гүйцэтгэгч нар нэлээд ачаалалтай байдаг.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Хөгжлийн банк болохгүй байгааг 2015 онд УИХ-д цөөнх байхдаа ярьж байсан. Долоон жилийн дараа болохгүй зүйлээ яриад сууж байна. Тухайн үед биднийг гүтгэлээ гэж элдвээр гоочилж байсан. Н.Алтанхуяг худлаа ярьж байгаад гарлаа. Хөтөлийн олгосон зээл өмнөх Засгийн газрынх. Надад хамаагүй гэж хэлж байна. Хөтөлд олгосон зээл 2015 оны аравдугаар сарын 5-нд олгосон. 2012 онд Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг байсан. Бүх буруу зүйлийг 2017 оны хууль руу чихэж байна. Энэ бол худлаа. 2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны олгосон зээлийг улсын төсөв рүү оруулсан. Н.Мандуулаа чи Сангийн яаманд байхдаа Хөгжлийн банкны хаа хамаагүй олгосон зээлийг төсөв, улс руу шилжүүлэх ажилд гар бие оролцсон.
Хөгжлийн банкны байрыг зах зээлийн үнээс өндөр буюу 20 орчим тэрбумаар худалдаж авсан гэдэг яриа байгаа. Үүнийг 2015 оноос ярьж байна. Үүн дээр хэрэг үүссэн үү. Шалгах уу. 2018 оны долдугаар сард Монголбанк Хөгжлийн банкийг шалгажээ. Дүгнэлтэд та бүхэн “зүгээр” гэсэн байна. 2021 онд хийсэн шалгалтаар 755.7 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сан байгуул гэдэг зөвшөөрөл олгосон байна. Яагаад 1.4 их наяд төгрөгөөр эрсдэлийн сан байгуулахгүй талаар нь байгуулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-т гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирлыг энэ хуулийн 20.1-4-т заасан журмын дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар ТУЗ-өөс томилж чөлөөлнө гэж заажээ. Н.Мандуул захирал олон улсын сонгон шалгаруулалтад орсон уу.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Би одоогийн байдлаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Зөвхөн Н.Мөнхбатыг яриад байгаа. Гэтэл Н.Мандуул, Б.Батбаяр бүгдээрээ хууль зөрчиж томилогдсон. Хүний олон нийлж байгаад АН-руу асуудлыг хандуулж байна. Ийм байж болохгүй. Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Зээлийг хоёр ангилна. 2012-2016 онд нийтдээ 1.7 их наяд төгрөгийг 2000 гаруй аж ахуй нэгжид өгсөн. Энэ үед тус банк ард түмний банк байсан. 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулж хаврын чуулганаар Хөгжлийн банкинд олгох зээлийг баталдаг байсныг болиулж ТУЗ-д эрхийг нь өгсөн. Энэ хуулийг батлуулахгүй гэж би эсэргүүцээд бараагүй. Хууль батлагдсанаар Хөгжлийн банк 40 хүнд зээл олгосон. Ингээд ард түмний банк байж байгаад дарга нарын банк болсон.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Цаашид яах юм бэ, дарга нараа. Нэг хэсэг хүмүүс нь барьцаа хөрөнгөгүй ийм их мөнгийг авчихдаг юм байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байна л гэдэг. Хоёр гурван хүн хоригдоод дуусна. Хөгжлийн банкны зээлийг төлдгөөрөө гадаадад төлөх ёстой. 2012 оноос эхлэн том зээлийг гаргасан юм билээ. Хөгжлийн банкны эргэн төлөлтийг улсын төсвөөс хийх юм уу. Аж ахуй нэгжүүдийн дансыг нь хаалаа. Бизнесийг царцаалаа. Та нар эргэн төлөлтийг нь хийх юм уу. Одоо тэгвэл бүх бизнесийг нь хураагаад ав л даа. Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газраас яагаад хүн байхгүйг ойлгохгүй байна. Цаашаа явах арга зам нь юу юм бэ. Ямар зарчмаар ялгаатай хүүтэй зээлийг өгсөн юм бэ. Заримд нь гурван хувийн хүүтэй байх жишээтэй. Төмөр замаа тавьж чадахгүй байж тухайн үедээ маруужингийн үйлдвэр барих нь чухал байсан юм болов уу.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Бид одоо байгаа чанаргүй болсон 1.8 их наядын зээлийн багцаа шинж чанараар нь ангилсан. Ангилаад үзэхэд ойролцоогоор 1/3 нь төрийн өмчит компаниудын зарцуулсан төсвийн шинж чанартай зардал байна. Ингэхээр цаана нь нэг их наяд төгрөгийн хувийн хэвшлийн чанаргүй зээлийн багц үлдээд байгаа юм. Одоогоор шүүхийн шатанд явж буй 30 гаруй зээлдэгчийн асуудал байна. Мөн дээрээс нь зарим нь эхнээсээ зээлээ төлж байна.
Өнөөдрийн байдлаар 136 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Энэ бол нэг талаараа амжилт. Бид хэрвээ хууль хяналтын байгууллагатай хамтраад зээлийн эргэн төлөлтөө эрчимжүүлбэл оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгийг барагдуулна гэж харж байгаа.
Бүгдийнх нь бизнесийг булааж авна гээгүй. Эхнээсээ хэлэлцээрт орж байна. Зээлээ барагдуулах тал дээр хувиар тохиролцох санал ирж байна. Тиймээс нөхцөлөө муутгахгүйн тулд янз янзын арга яриад явж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Нийгмээрээ шүгэл үлээж байгаа анхны тохиолдол боллоо. 2015 онд цөөнхийн гишүүн байхдаа ажлын хэсгийг ахалж байсан. Ажлын хэсэг уг нь сайн ажилласан. Хоёр удаа аудитын дүгнэлт гарсан. Гэтэл дүгнэлт гарсан арван хүн ажлаасаа халагдсан. Дээрх дүгнэлт өнөөдрийн үүсэн нөхцөл байдлыг анхааруулж байжээ. Тухайн үед Чингис бонд, Самурай бондын мөнгө эрсдэлтэй банкинд байгааг хэлж байсан. Үүний мөрөөр арга хэмжээ авсан бол өнөөдрийн байдалд хүрэхгүй л дээ. Намайг 2015 оноос хойш Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч гэсэн золбин үг тараасан. Хэд хэдэн удаа шалгуулсан. 2016 онд гишүүн болоод УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах анхны хүсэлтийг түүхэнд анх удаа гаргаж байлаа. АТГ шалгаад надтай хамааралгүйг тогтоосон. Хамгийн сүүлд 2019 онд тус банкнаас авсан зээл байхгүй аливаа өрийн үлдэгдэлгүй гэдэг тодорхойлолт байдаг. Эсвэл баримт худлаа юу. Харамсалтай нь гүтгэлэг явсаар байна.
Өнөөдрийн ажлын хэсгээс дахиад ээлжит гүтгэлэг хийлээ. Эцэстээ улс төрийн өрсөлдөгчөө намнадаг хэрэгсэл болох вий. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зээл авахад нөлөөлсөн хамаарал бүхий гэх 20 улс төрчийг зарлалаа. Энэ тогтоогдсон уу гэж асуухаар хэвлэл мэдээллээр гарсан гэдэг хариулт өгдөг. Үүнийг би гайхаж байна. Би тендерт дуртай хүн биш. Улстөрчийн хамгийн үнэтэй капитал бол нэр төр.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Хөгжлийн банкны асуудлыг олон сар ярилаа. Энэ хэлэлцүүлгээс тодорхой шийдэл гарч их хэмжээний өр шир нэг тийшээ болох байх. УИХ-ын гишүүд олон байр сууринаас хандаж байна. АН, МАН-ын үед аль алинд нь зээл олгосон. Хөгжлийн банкны авсан зээлийн 30 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн зээлийг төрийн өмчит компаниуд авсан юм байна. Тодорхой хариулт авъя. Төрийн өмчит компани буюу ялсан намын улстөрчдийн тэтгэвэрт гарсан хүнийг тэжээдэг, цүнх барьсан залуусын хоргодох байр болсон төрийн өмчит компаниудыг цэгцлэхгүй байсаар энд ямар нэгэн шийдвэр гаргахгүй, хаацайлах асуудал газар авлаа.
Хөгжлийн банк нийт 7.4 их наяд төгрөгийн зээл олгосон
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр,
-УИХ-ын даргын 2022 оны нэгдүгээр сарын 31-ны өдрийн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих талаар Засгийн газар танилцав. 110 хүнтэй, дөрвөн дэд захиралтай баг ажиллаж байна. Хийж буй ажилдаа тохирсон баг ажиллах ёстой. Шалгалтын дүнгүүдийг авч үзвэл зээл олголт, эрсдэлийн удирдлагатай холбоотой 17 зөвлөмжийг өгсөн ч хэрэгжилт туйлын хангалтгүй. Барьцаа хөрөнгийн үнэлгээ нь 59 зээлдэгчийн 754 нэр төрлийн нийт 3.4 их наяд тэрбум төгрөгийн зээлийн үнэлгээ, 3089 ширхэг барьцаа магадлалаар хамрагдсан.
Хөгжлийн банк зээл олгох үед 3.4 тэрбум төгрөгийн их наяд төгрөг байсан. Тус банк 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр 2 их наяд 97 тэрбум төгрөг болгож бууруулсан.
Ирээдүйд бий болох бүртгэлтэй барьцаа хөрөнгө олгосон нь зээлийн дүн нь нэг их наяд 68 тэрбум төгрөг. Магадласан үнэлгээгээр 667 тэрбум төгрөг. Эрсдэлд тооцсон үнэлгээгээр 399 тэрбум төгрөг болж буурсан үзүүлэлт харагдаж байна. Ирээдүйд бий болох бүртгэлтэй барьцаа хөрөнгийн шалгалтаар, 36 компанийн нэг их наяд 69 тэрбум, 49 сая төгрөгийн дүн гарч байна. Эдгээр нь “Болор шүр”, “Бэрэн” зэрэг компанийн нэрс бий.
Санхүүжүүлсэн шууд зээл, дамжуулан олгох зээл, Улсын төсвийн багц гэсэн нийт 3032 төслийн 7.4 их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк байгуулагдснаас хойш олгосон байгаа юм. Зээлийн шаардлага хангаагүй төслийн жагсаалтад нэгдүгээрт ТОСК-тай холбоотой цогцолборууд байна. Мөн Хөгжлийн банкнаас дараах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Ашиглалтад тавих шаардлага нь нэгдүгээрт, нарийвчлан зохицуулаагүй, хоёрдугаарт тодорхой бус, гуравдугаарт төслийн зээл нь байгууллагын санхүүжилтын зээлээс ялгарахгүй.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн дундаж хүү нь арилжааны банкуудын зээлийн дундаж хүүгээс 4.1 орчим хувиар бага. Дундаж хугацаа нь 5.1 жил байгаа нь экспортыг дэмжсэн эдийн засагт нөлөө үзүүлэх урт хугацааны зээл олгож байгааг харуулж байгаа юм. Үүнээс хөгжлийн зээлийг тодорхой болгож аж ахуйн нэгжүүддээ тодорхой болгохгүй бол Хөгжлийн банкны зээл биш гэдгийг энд хэлье.
Хөгжлийн банкнаас 2012-2022 он хүртэл олгосон зээлийг харуулъя.
Зээлдэгчид хугацаа хэтэрсэн зээл нэг жил хүртэлх 11 зээл байна. Тодруулбал, 1-2 жил хүртэл хугацаа хэтэрсэн 12 зээл байгаа бол 2-3 жил хэтэрсэн 16 зээл, 3-аас дээш жил хэтэрсэн 20 зээл байна. Харин хугацаа нь хэтрээгүй 12 зээл байна. Зээлийн үлдэгдлийг харвал 40 зээлийн 1.8 их наяд төгрөгийн асуудал байна. Анхаарал хандуулах 4 зээлийн 204 тэрбум төгрөг байна. Зээлийг зориулалтын дагуу ашигласан нь 28 зээлдэгч байгаа бол зориулалтын бусаар ашигласан нь 37 зээлдэгч байна. Үүнийг задалбал,
- Бүрэн бүс-19
- Зээлдэгч нотлогдоогүй-18 буюу нийт 37 зээлдэгч зориулалтын бусаар зээл ашигласан.
Сангийн яам, Хөгжлийн банкны өгсөн мэдээллээр 20 зээлдэгч 508 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн тооцоо бий. Газар дээрх шалгалтаар 37 зээлдэгч гэсэн дүн гарч байгаа юм.
Зориулалт нь бүрэн бус 19 компани дотор Хөтөлийн “цементийн шохойн үйлдвэр”-ээс авхуулаад “Бэрэн”, “Эрэл” , “Монполимет” зэрэг багтаж байгаа юм.
Мөн нээлттэй сонсголын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зээлдэгчдийн улс төрийн нөлөө, хамаарлын жагсаалтыг танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөгжлийн банкинд 2016, 2019 онд иж бүрэн шалгалт хийсэн. Тус бүрд багагүй ажил хийсэн. Багцалбал 2016 оны шалгалтын дараа 16 дүгнэлт, 90 зөвлөмж гаргасан. Үүнтэй холбоотой хамгийн том ажил нь хуулийн өөрчлөлт. Дараа нь Монголбанк Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийдэг болсон. Шалгуур үзүүлэлтүүдийг тавьдаг болсон. Өмнө нь мэргэжлийн байгууллагууд нь шалгадаггүй байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь өөрийн үйл ажиллагааг шалгадаг байсан юм. 2019 оны шалгалтын дараа чанаргүй зээлүүдийг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Хөгжлийн банкны 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлж, үр ашигтай зардал мөн эсэхийг засаг дээрээ шийдэх нь зүйтэй гэж бидний зүгээс санал болгож байна. Зээлийн багцаа анализ хийхээр 1.8 их наяд төгрөг дээр 400 тэрбумын зээлийг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. 2.2 их наядын багц дээр энэ ондоо арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний гуравны нэг нь төрийн өмчит ААН-үүдэд олгосон зээл байгаа.
Төрийн өмчит ААН-үүдийн авсан 762 тэрбумын зээлийг задалбал Монголын газрын тос, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-г санхүүжүүлсэн. Энэ 762 тэрбум банкны хувьд эргэн төлөгдөх боломжгүй болсон. Оны төгсгөл гэхэд чанаргүй зээлийн хувийг 12-иос доош буулгахаар ажиллаж байна. Ингэсэн тохиолдолд Хөгжлийн банк хэвийн банкаараа ажиллах боломжтой.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанкнаас Хөгжлийн банкинд явуулсан шалгалтын дүнг танилцуулъя. Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдсан ч 2017 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аас баталсан өөрчлөлтийн хүрээнд хянаж шалгах эрхтэй болсон. Энэ хүрээнд Хөгжлийн банк нь банк статустай болсон. Хуулийн дагуу Монголбанкнаас Хөгжлийн банкинд 2018, 2021 онд онд хэсэгчилсэн шалгалт явуулсан.
2018 оны шалгалт явуулах үед нийт 2.4 тэрбум төгрөгийн зээлийн 234 тэрбум нь чанаргүй. Цэвэр зээл нь 2.1 их наяд байсан. Банкны нийт хөрөнгө нь 3.5 их наядын мөнгөн хөрөнгөтэй байсан.
Мөн дөрвөн зээлийг хэсэгчлэн шалгаж доголдол гарсан байсан. Нийт 80 тэрбум төгрөгийн чанарын ангиллыг бууруулсан, эрсдэлийн сан 318 тэрбум төгрөг болгож акт материалыг тухайн банкны гүйцэтгэх удирдлагад хүргүүлсэн. Ерөнхийдөө нийт банкны зохистой харьцааг хангаж байна гэсэн шалгалтын дүн гарсан байдаг. Мөн 2021 оны долдугаар сард Монголбанкийг шалгалт хийх үед Хөгжлийн банкны нийт хөрөнгө нь 4 их наяд төгрөг. Үүний 724 тэрбум төгрөг нь мөнгөн хөрөнгө. 217 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтад. Нийт зээл нь 2.8 их наяд төгрөг.
2017 оны шалгалтын дүнтэй харьцуулахад зээл 400 тэрбум төгрөгөөр л өссөн. Банк 2.8 их наяд тэрбум төгрөгийн зээлээс 500 тэрбумыг нь зээлийн эрсдэлийн сан байгуулсан. Бусад хөрөнгө нь 627 тэрбум төгрөг. Шалгалтаар банкны 40 зээлийн хуваарь зөрчигдсөн, зээлийн хүү хугацаандаа төлөгдөөгүй, үндсэн өрийн төлбөр хуваарьт хугацаандаа төлөгдөөгүй гэсэн зүйлээр Монголбанкны активын зээлийн журмаар тухайн зээлүүдийг ангилсан.
Үе үеийн ерөнхий сайд нарыг дууд!
Энэ үеэр УИХ-ын гишүүдийн төлөөлөл саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн, “ХҮН” намын дарга Т.Доржханд:
-Нээлттэй сонсгол үр дүнтэй байх ёстой. Үүний тулд тодорхой мэдээлэл өгөх хүмүүсийг оролцуулах ёстой. Эрх барьж буй намын дарга Л.Оюун-Эрдэнийг дууд. Ардчилсан намын удирдлага аль талд байна дууд. Тухайн үед засаг барьж байсан Ерөнхий сайдуудыг дууд. Хуулийн байгууллагын удирдлагуудыг дууд. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорыг дууд. Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан Х.Баттулга, “сахал” Д.Эрдэнбилэгийг дууд. Улс төрийн хариуцлага тооцох гэж байгаа бол шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд нь ир.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Хөгжлийн банкны асуудал шоу хийх сэдэв биш. Монгол Улсын парламент бол хариуцлагатай хүмүүсийг дуудаж авчрах хэрэгтэй. Д.Хаянхярваа Сангийн сайд байхаас эхлэн бондын тухай яриа боссон юм. Үе үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд байсан хүмүүс оролцох ёстой. Мөн үе үеийн банкны захирал, ТУЗ-ын гишүүд оролцох хэрэгтэй шүү дээ. Гудамжинд ярьдаг хүмүүс энд цуглавал би УИХ-ын гишүүн гэж энд суух хэрэг байгаа юм уу. Бүрэлдэхүүнээ зөв болгосны дараа нэг УИХ-ын Түр хороог байгуулъя. Энэ нь олон нийттэй байх ёстой. Тиймээс нэг удаагийн шоугаар асуудал шийдэгдэхгүй. Монгол Улс цаашид хөгжихөд алдаа оноогоо хэлэлцэх хэрэгтэй, холбогдох хүмүүс байх ёстой. Хулгай дээрэм хийсэн хүмүүсээ тогтоож, асуудлыг хэлэлцүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Нэгэнт нээлттэй сонсгол хийж байгаа бол оролцогчдын эрхийг тэгш хангах ёстой. Бүх хүн санал бодлоо солилцож хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үгийг хэлүүлье. Үгүй бол УИХ-ын гишүүд танхимд үгээ хэлье. Хөгжлийн банкны хамгийн их чанаргүй өр үүсгэсэн нь 1.8 их наядын төлбөрийг төрийн өмчит компаниуд. Аж ахуйн нэгжүүд л гэж байгаа болохоос АСЕМ гэж 250 тэрбумын зардал, 1.8 их наядын өр зээлийг юунд зарцуулав. Үүнийг хэн хариуцах юм. Шоуны шинж чанартай болж байна шүү. Тиймээс төрийн өмчит компаниудын удирдлагуудыг заавал оролцуулъя.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Буруу зориулалтаар зээл авч, завхарлын үүд хаалгыг нээсэн хүмүүс оролцож саад болох шаардлагагүй. Ажлаа явуулах хэрэгтэй. Харин орлогч газрын захирал нар бус дарга нар нь өөрсдөө оролц. Нийгэмд Хөгжлийн банкны талаар янз бүрийн мэдээлэл байна. Үнэн бодит мэдээлэл хийгээсэй гэж хүсч байна. Ж.Бат-Эрдэнэ дарга аа, та ажлаа хий. Хэвлэл мэдээллийнхэн ажлаа хийг. Өмнө нь бид сөрөг хүчин байхад Хөгжлийн банкны тухай асуудлыг ярьж эргүүлээд өөрсдөө балбуулаад дууссан. Мөнгөнд дуртай сэтгүүлчид хөлсөөр очиж мэдэгдэл хийдэг хүмүүсийг татаад оруулсан үйл явдал давтагдаж байна. Иймд хэвлэл мэдээллийнхэн, УИХ-ын гишүүд нь ч үгээ хэлээ ёстой. Харин гомдол бүрийг сонсоод байвал өнөөдөр ажлаа ч дуусгаж чадахгүй байх. Иймээс Ж.Бат-Эрдэнэ дарга та ажлаа явуул, байгууллагын дарга нарыг дууд. Ирэхгүй хүмүүсийг нь өргөдлийг нь аваад явуулна биз.
Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм. Тэрбээр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Улсын ерөнхий прокурор, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Хөгжлийн банкны захирал, АТГ болон ЦЕГ-ын даргыг нээлттэй сонсголд оролцохыг сануулж, сонсгол эхлүүлэхийг мэдэгдэв. Тэрбээр “Төрийн залгамж халаа гэж бий. Өмнөх сайд, дарга гэхээс илүү дараагийн сайд, дарга нар асуудлаа нэгтгэж нээлттэй сонсголоор оруулж ирж байна. Хуулийн дагуу хийсэн бүх ажлыг нэгтгэсэн. Ийм үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс өмнөх сайд, дарга нарыг оролцуулах шаардлагагүй болов уу. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үгийг нь хэлүүлье. Бидний нээлттэй сонсгол хийж буй зорилго ард түмний мэдэх эрхийг хангуулах зорилготой. Иймд сонсголыг эхэлье” гэлээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн дагуу дуудсан үед ирээгүй бол хариуцлага тооцно гэдгийг ч сануулав.
Холбоотой мэдээ