Гадаад харилцааны яамнаас Оросын холбооны улс руу зорчих гэж байгаа иргэдэд анхааруулга, мэдээллийг хүргэж байна. Яамнаас гаргасан мэдэгдэлд, "Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй" гэжээ. Тиймээс иргэд хил дээр очиж хүндрэл учруулахгүй байх, албан зөвшөөрөл гараагүй байхад тээврийн хэрэгсэлтэй нэвтрэх шаардлага тавихгүй байхыг хүссэн байна.
Өнөөдрийн байдлаар хилийн боомт болон Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3-т заасны дагуу хилийн боомтоор тээврийн хөдөлгөөн эхлээгүй аж.
Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлэх заалтын дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан мэдээлэл ирүүлэх ёстой. Энэ нь мэдэгдэх бичиг нь Монголын талд ирээгүй байна.
ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудаст гарсан 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна. Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруй олон нийтэд мэдээлэх болно гэсэн юм.
Холбоотой мэдээ