Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ

Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ.

Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулахад чиглэж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлоод “Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм гэдгийг тэмдэглээд “Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн” гэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээн Ерөнхий сайд хэлж байсан юм.

Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Энэхүү чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Чуулганаар:
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор хүлээсэн үүрэг, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого;
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа;
Тогтвортой санхүүжилтийн замын зураг;
Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт;
Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөмж. Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг;
Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж