Шангрилагийн хойд талын замд зам тээврийн ноцтой осол өнгөрсөн шөнө /2022.03.28/ гарлаа. Тодруулбал, шөнийн 22 цаг 59 минут цагийн орчимд Мерседес бенз маркийн автомашин замын хажууд такси барих гээд зогсож байсан гурван иргэнийг дайрч хүнд гэмтээжээ.
Тухайн жолоочийн урьд нь явж байсан автомашин осол гаргаж, мөргөлдсөнөөс зайлах оролдлого хийхдээ ийнхүү замын хажууд зогсож байсан гурван хүнийг дайрсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр автомашины жолооч эрүүл байсан аж. Мөргүүлсэн гурван иргэнийг Гэмтэл, согог судлалын төвд хүргэжээ. Тэднийг яаралтай хагалгаанд оруулсан бөгөөд биеийн байдал нь сайнгүй байна.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ, "2022 оны гуравдугаар сарын 28-наас 29-ны шилжих шөнө 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд гарсан зам тээврийн ослын дуудлага мэдээлийг дагуу хэргийн газрын үзлэгийг хийж шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд Т.Приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэнээс Мерседес Бенз маркийн автомашинтай мөргөлдөж улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрч байна. Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн гурван иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв