Гаалийн байгууллага давхар хяналт, дарамтгүй байх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Гаалийн байгууллага давхар хяналт, дарамтгүй байх ёстой

Гаалийн байгууллага давхар хяналт, дарамтгүй байх ёстой

Цар тахал, хилийн хориг, дайны нөлөөгөөр эдийн засгийн хямралд дахин нэрвэгдэж болзошгүй нь. Экспортын “гацаа”-наас үүдэн валютын орлого буурч улмаар нөөц шавхагдаж  байгаа нь үүний тод илрэл. Ирэх зургаан сард эдийн засаг хасах үзүүлэлт рүү орж магадгүй гэсэн таамгийг ч  эдийн засагчид дэвшүүлэх болов. Ийм нөхцөлд хилийн боомтуудаа нээж, экспортын “гацаа”-наас гарах нь шийдвэр гаргагчдын толгойн өвчин болоод удлаа. Энэ нь биднээс шалтгаалахгүй гадаад хүчин зүйлс нөлөөлж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байв. Тэрбээр “Биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн мэднэ. БНХАУ-д Covid-19-ийн халдварын тохиолдол урьд өмнө нь байгаагүйгээр өндөр бүртгэгдэж байна. Үүнээс болж хилийн боомтууд хязгаарлагдмал байна. Биднээс шалтгаалж буй зүйл нь маш сайн хичээж байгаа” гэсэн юм. Гэхдээ бүх буруу нь урд хилийн хориг, хойд талд дайнаас шалтгаалахгүй.

Хэдийгээр улсаас явуулдаг хяналт шалгалтыг бодлогоор цөөрүүлж, эдийн засгийн эргэлтээ нэмэх, хүнд нөхцөлөөс гарах тухай яригдах болсон ч өнөөдрийг хүртэл шийдлээ олоогүй байна.

Ийм нөхцөлд гаалийн байгууллагын хүнд суртал, хяналт шалгалт гэх нэрээр бизнес эрхлэгчдээ дарамталдаг нь хилийн боомт, экспортыг гацаах бас нэгэн тээг болж  байна. Улмаар алдагдсан цаг хугацаанаас үүдэн хэчнээн тэрбум төгрөгийн орлого алдсаныг тооцоолоход бэрх.

Улмаар гаалийн байгууллагын хүнд суртал, давхар хяналт шалгалтыг шийдвэрлэх гарц нь цахим шилжилт гэж шийдвэр гаргах түвшний хүмүүс үзэж байна. Гаалийн ерөнхий газарт “Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг угтаж “Боомтын шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг өрнөх үеэр ийнхүү онцолсон.


ДАВХАР ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ АРИЛГАЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ГОЛДИРОЛД ОРУУЛЖ БАЙНА

Сангийн дэд сайд С.МӨНГӨНЧИМЭГ: 

-Гаалийн байгууллагын цахимжилт 80-90 хувьтай байна” гэдгийг онцлов. Тэрбээр “Гаалийн ерөнхий газарт бүх боомтын гарах, орох үйл ажиллагааг хянадаг. Газар дээр нь гадаад худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулахын тулд хил, гааль дээр төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын хоорондын уялдаа холбоо их чухал байна.  Иймд гааль, хилийн болон мэргэжлийн хяналт гэсэн дөрвөн байгууллагын уялдааг хангах, давхардлыг арилгаж худалдааг хөнгөвчлөх үүднээс энэ оноос хилийн мэргэжлийн хяналт гааль хоёрын үйл ажиллагааг нэгтгээд байна. Энэ бол төрийн үйлчилгээг нэг голдиролд оруулж буй үйл ажиллагаа юм гэлээ.


ТӨР ГЭЖ ХАРДАХ СЭРДЭХ БУС ИЛТГЭЛЦЭЛД ҮНДЭСЛЭСЭН СИСТЕМИЙГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн дарга Г.ОРГИЛ: 

-Боомтын шинэчлэлийг урт хугацаанд харж байгаа нь сайн хэрэг. Үүнийг дэмжиж байна. Урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд улс төр тогтвортой, бодлого нь хэрэгждэг байх ёстой. Ерөнхийдөө урт, дунд, богино хугацааны асуудлыг бүгдийг нь харсан бодлого хэрэгжүүлэх нь чухал. Зөвхөн өнөөдөртөө Тяньжинд гацсан чингэлэг тээвэр, Эрээн дэх гацааг яриад л байвал энэ асуудал шийдэгдэхгүй. Урт хугацаанд хэрэгжүүлэх ажлаа эхлүүлэхгүй бол асуудал ужгирна.

Өнөөдрийн байдлаар тээврийн зардал 2-3 дахин нэмэгдсэн энэ үед Хятадын талтай яриа хэлэлцээр хийх, одоо байгаа системүүдээ өөрчлөх боломж бий. Хятадтай хиллэдэг боомтуудаа олон улсын боомт болгох хэлэлцээ хийх шаардлагатай.

Дэд бүтцийн тухайд олон улсын жишигт хүртэл хүлээнэ гэвэл бид амжихгүй. Иймд статусыг нь өөрчлөх хэрэгтэй. Үүнд Засгийн газар нь боломж гаргаж өгвөл хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөгжүүлж хамтран ажиллана. Нөгөөтэйгүүр гаалийн хяналт шалгалт байх ёстой. Гэхдээ менежментийн тухайд гаалийн байгууллад жилээс жилд сайжирч байна гэж ойлгож байгаа. Гол нь гаалийнхан итгэлцэлд үндэслэсэн системийг хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Төр гэдэг үүднээс бүгдийг хардаж сэрдэх бус аль болох бизнес эрхлэгчдээ дэмжиж, хяналт шалгалтыг богино хугацаанд хийх, харах өнцгөө өөрчлөх нь чухал болов уу.


ЛАБОРАТОРИ БАЙГУУЛСНААР ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭЖ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИХ АЛХАМ БОЛНО

ГЕГ-ын Төв лабораторын дарга С.ЦЭРЭНЧИМЭД: 

-Гаалийн шинэчлэлийн хүрээнд хилийн боомтод  таван салбар лабораторитой болсон. Ингэснээр гадаад худалдааг хөнгөвчилж байна, гаалийн лабораторийн магадлан шинжлэх хугацааг хоёр дахин бууруулсан.

Дээр нь шинжилгээ хийх, гаалийн бүрдүүлэлтэд цаг алдах хугацаа  25-30 хувиар буурсан.

Хилийн боомтуудад лаборатори маш чухал. Иймд боомтуудыг олон улсын жишигт хүргэх, лабораторуудыг байгуулах шаардлагатай. Энэ хүрээнд Гашуунсухайт, Боршоо, Шивээхүрэн, Хөшигтийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд гаалийн лаборатори байгуулна. Цаашид Бичигтийн боомт, Ховдод лабораторитой болсноор бизнес эрхлэгчид цаг хугацааг хэмнэх, экспортыг дэмжсэн арга хэмжээ болно. Ерөнхийдөө гаалийн лаборатори байгуулж байгаа учир нь хяналт шалгалтыг л түргэвчлэх зорилготой. Зарим үед дээжийг буруу авч шинжилгээг дахин давтуулах,  мөн хорт бодисоо шинжлүүлэхгүй буцаагдаж байгаа нь бизнес эрхлэгчидтэй ч холбоотой. Бид лаборатори байгуулж хүчин чадал нэмэгдүүлж байгаа нь цаг хугацааг л хэмнэж байна. Энэ нь бизнес эрхлэгчдийг жинхэнэ утгаар дэмжиж байгаа юм.

Мөн гаалийн хяналт шалгалтыг богино хугацаанд хийдэг болохыг тулд автомат дээжлэгчтэй болж байна. Ингэснээр дээжийг буруу авахгүй, буцаагдах асуудал дахин гарахгүй. Хамгийн гол нь гаалийн байгууллагад чадварлаг боловсон хүчин, хүний нөөцийн асуудал тулгамдаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж