Байр суурь: Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өсч, хэрэглээ буурна

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Байр суурь: Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өсч, хэрэглээ буурна

Өнгөрөгч долоо хоногт Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмлээ.  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Олон улсын харилцааны хүндрэлээс шалтгаалан манай улсын эдийн засаг, инфляцид дам болон дам бусаар нөлөөлж байна. Эдийн засгийн тодорхой бус байдал улам нэмэгдсээр байгаа. Өнөөдрийн байдлаар инфляци улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатарт 15.2 хувьтай байна.  Эдийн засгийн хүндрэл, инфляцийн хэлбэлзэл түр зуурынх байх гэж бодож байсан нь геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй болоод байна. Үүнтэй холбоотой Мөнгөний бодлогын хорооноос  мөнгөний бодлогын хүүг 9 хувьд хүргэж нэмлээ" гэж мэдээлсэн . Иймээс дээрх асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. Бодлогын хүү нэмэгдсэнээр төгрөгийн ханш чангарах эерэг талтай  ч сөрөг тал нь зээлийн хүү нэмэгдэж, арилжааны банкууд жижиг зээл олгохоос цааргалдаг гэж үздэг. 


"ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ БУУРАХ ВИЙ ГЭЖ МОНГОЛБАНКНААС АВЧ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ ЮМ"

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА: 

-Монголбанкны бодлогын хүүд намын бүлэгээс чиглэл өгч болохгүй. Монголбанк өөрийн гэсэн хуультай. Эдийн засгийн онолоор явах ёстой. Дэлхий даяар эдийн засаг хүндэрч, валютын нөөц багасахад төв банкнаас авдаг арга хэмжээ нь мөнгөний бодлогыг буюу Мөнгөний зөвлөл хуралдаж бодлогын хүүг нэмдэг. ОХУ-д 20 хувь хүртэл нэмсэн. Монголд эдийн засгийн эффект нь зургаан сарын дараа орж ирнэ. Нөгөө талаар зээлийн хүүд нөлөөлнө. Зээл өндөр дүнгээр гарч, ерөнхийдөө барилгын салбараас  эхлэн бусад салбарт нөлөөлнө.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 60-70 хувь нь гадаадаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн. Гадаад валютын нөөц буурах вий гэж Монголбанкнаас авч байгаа арга хэмжээ юм байна лээ. Эдийн засгийн онолоор мөн ийм байдаг. Нэг талаас экспортын бараа бүтээгдэхүүн гарах нь хязгаартай болчихлоо. Гадаад валютын нөөц орж ирэхгүй байна. Дээрээс нь манай бизнес эрхлэгчдийн хувьд орж ирж буй бараа бүтээгдэхүүн үнэтэй орж ирж байна. Нэг талд дайн болж буй учраас өөрсдийнхөө хэрэгцээг авч үлдээд илүү гарвал зарна. ОХУ бол бүс нутгийн хамгийн том хүнс үйлдвэрлэгч, экспортлогч, транзит тээвэр хийдэг бүс нутаг. Энэ дээр яах вэ гэдгийг Засгийн газар бодлогоо боловсруулж орж ирнэ гэлээ. Тиймээс надад ч гэсэн нарийн мэдээлэл байхгүй байна. Би Засгийн газрын гишүүн биш шүү дээ.

"БОДЛОГЫН ХҮҮ ӨССӨНӨӨР ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨСНӨ. ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨССӨНӨӨР ХҮМҮҮСИЙН ХЭРЭГЛЭЭ БУУРНА"

Эдийн засагч Ө.ГАНЗОРИГ:

-Бодлогын хүүг 9 хувь болгож байгаа гол шалтгаан, зорилгыг сүүлийн үед зарим улс төрч тайлбарлахдаа Монголбанк долларын ханшийн өсөлтийн эсрэг болон инфляци өндөр байгаатай холбогдуулж авсан арга хэмжээ гэж ярьж байна. Эдийн засагч хүний хувьд би үүнийг буруу гэж бодож байгаа. Монгол Улсын инфляци иргэдийн гар дээр их мөнгө овоорсноос болоод өсөөгүй.  Долларын ханшийн өсөлт ч ялгаагүй иргэд гэнэт доллар аваад, тансаг зүйл худалдаж авснаас болоогүй. Монгол Улсын эдийн засгийн хувьд инфляцитай бодлогын хүүг өсгөж тэмцэнэ гэдэг үр нөлөөгүй гэж үзэж байна. Би 20 гаруй жил энэ улсын эдийн засгийн салбарт ажиллаа. Валютын ханшийг мэддэг, олон улсын сертификаттай дилер хүний хувьд хэлж байна. Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр хүмүүсийн хэрэглээ буурна. Хэрэглээ буурснаар инфляцийг тогтооно гэж эдийн засгийн онолд тайлбарладаггүй. Инфляци үүссэн шалтгаан нь бараа бүтээгдэхүүний хомсдол. Үүнийг жирийн иргэн хүртэл ойлгож байгаа шүү дээ.

"БОДЛОГЫН ХҮҮГ АРАЙ ЭРТ, АРАЙ ӨНДРӨӨР ӨСГӨХ БАЙХ ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙВ"

Эдийн засагч Б.ЭРДЭНЭБАТ:

-Оновчтой шийдвэр гэж үзэж байна. Бодлогын хүүг арай эрт, арай өндрөөр өсгөх байх гэж хүлээж байв. Нэрлэсэн хүү хоёр зүйлээс бүрддэг. Нэг нь бодит хүү, хоёр дахь нь инфляцийн хүлээлт. Бодит хүүгээ аваад үзвэл Монгол Улсын зээлийн жилийн дундаж нэрлэсэн хүү 14.4 хувь, хадгаламжийн хүү 8.7 хувь байхад зорилтот түвшин нь 6 хувь, түүнээс дээш, доош 2 хувийн л интервал дотор байх ёстой хэмээн Төрөөс баримтлах мөнгөний бодлогодоо тусгасан. Инфляци 15 хувь давчихаад байгаа учраас бодит хүү сөрөг болчихсон. Бодит хүү хасах болох нь эдийн засагт маш олон сөрөг үр дагавартай. Хүн ямар нэг хадгаламж, хуримтлал хийхэд тэр нь өгөөжгүй, банк бусдад зээл олгоход тэр нь ашиггүй, бүр торгуулаад эхэлж байна гэсэн үг. Мөн санхүүгийн капитал илүү өндөр, эсвэл найдвартай өгөөж хайж, эдийн засгийн үр ашиггүй хөдлөх болон үл хөрөнгө рүү зугтах, хөрөнгийн төвлөрөл өндөр байгаа үед бүр манай улсын санхүүгийн тогтолцооноос бусад улсынх руу дайжих эрсдэлтэй. Жишээ татвал, АНУ-д инфляци сүүлийн 40 жилд хүрээгүй түвшинд хүрсэнтэй холбоотойгоор Төв банк нь бодлогын хүүгээ эхний ээлжид хоёр дахин өсгөсөн бодлогын хүүгээ жилийн 20 хувь болгосон.

Инфляцийн хүлээлтийн хувьд импортын хүнс, ялангуяа улаан буудайн хувьд Орос Украины дайнтай холбоотойгоор, транзит тээврийн шууд болон шууд бус зардал өссөн, хилийн хорио нөлөөлсөн. Зарим хүнсний үнэ гадаад шокоос үүдэлтэйгээр өсөхөд арьцангуй үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, аль болох зах зээлийн механизмынх нь дагуу шингээх, дотоодын үйлдвэрлэлдээ дэмжлэг үзүүлэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж