МҮОХ: Шилэн болж, олимпийн олон аварга төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

МҮОХ: Шилэн болж, олимпийн олон аварга төрүүлнэ

МҮОХ: Шилэн болж, олимпийн олон аварга төрүүлнэ

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны гишүүдийн ээлжит VIII чуулган өчигдөр/2022.03.28/ болж ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч болон бусад удирдах албан тушаалтнуудаа сонголоо. Энэ өдрийн гол анхаарал татсан асуудал нь олимпийн хороог хэн толгойлох гэдэг байв. Нийт гурван хүн нэр дэвшсэн. Тодруулбал, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, биатлоны холбооны тэргүүн Э.Мөнх-Очир нар байсан юм.

Гэвч сонгууль эхлэхийн өмнө АН-ын даргын сунгаанд хүч үзэж буй Х.Баттулга “спорт, улс төр хоёр ангид байх ёстой” гэх мэдэгдлийг МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисст хүргүүлж, нэрээ татсан. Ийнхүү үлдсэн хоёр нэр дэвшигчийн дунд санал хураалт болж, Б.Баттүшиг хуралд оролцсон гишүүдийн 92 хувийнх нь дэмжлэгийг авч ялалт байгуулав.

"ОЛИМПИЙН ХОРООГ НЭЭЛТТЭЙ, ШИЛЭН БАЙЛГАЯ"

Тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудлаа ерөнхийлөгчийн суудлаар сольж, тушаал дэвшсэн Б.Баттүшиг “Олон улсын аудитын байгуулгаар дамжуулан олимпийн хороог нээлттэй, шилэн байлгая. Бүх юм дижитал болчихлоо. Иргэд олимпийн хорооны вебсайтаар л ороход шилэн данстай, тамирчдаа хэрхэн дэмждэг нь нээлттэй байна гэж би мөрийн хөтөлбөр дээрээ тусгасан. Би ганцаараа олон улсын олимпийн хорооны гишүүн болсон юм биш. Надаар дамжаад манай спорт холбоод, аймаг дүүргийн төлөөллүүд олон улстай харьцах гүүр болж болно. Олон улсын хөтөлбөрүүд, чуулган, төрөл бүрийн тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, төлөөлөгчдийг авчрах боломжтой юм байна гэж харсан” гэв.

Үүний дараа дэд ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тус сонгуульд хамгийн их санал авсан нь тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, удаах санал авсан нь дэд ерөнхийлөгч болдог учиртай. Нийт найман нэр дэвшигч өрсөлдсөнөөс МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан Ч.Наранбаатар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Каноэ холбооны ерөнхийлөгч О.Одбаяр дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдсон.

Дэд ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэж таамаглаж байсан Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм.

ДАХИН ОЛИМПИЙН АВАРГА ТӨРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Барьцаа ахиулж, дэд ерөнхийлөгчөөс тэргүүн дэд ерөнхийлөгч болсон Ч.Наранбаатар “Бидний гол зорилго 2024 оны Парисын олимпоос алтан медаль авах. 16 жилийн дараа дахин олимпийн аварга төрүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Шинэ ерөнхийлөгч Б.Баттүшигтай хамтарч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Мөн 2022 оныг спортын холбоод, олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих жил болгон зарлаж байгаа. Саяхан Францын элчин сайдтай уулзаж, Монголын тамирчдыг Парисын олимпод бэлдэх, тус улсын хот, мужуудтай хамтран ажиллах зэргээр урьдчилан ярилцсан. Өвлийн спорт, спортын шинэ төрлүүдээ дэмжих ажлуудыг хийнэ” гэв.

Харин дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон О.Одбаяр ярихдаа “Энэ том гэр бүлийн удирдлагын багт орж ажиллах болсондоо баяртай байна. Удахгүй Биеийн тамир, спортын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ дээр тамирчдын эрх ашгийг хэрхэн тусгах вэ? тамирчны замнал нь дууссаны дараа ямар боловсролтой, ямар амьдрал ахуйтай байх вэ? баталгааг нь хэрхэн хангах вэ? зэрэг олон асуудлуудыг энэ хуульд тусгахаар ажиллах болно. Түүнээс гадна тамирчдын эрүүл мэнд дээр ажиллах ёстой. Бэртэл гэмтлийн асуудлууд бий. Үүнээс урьдчилан сэргийлсэн даатгалтай, дэлхийн элит зиндаанд өрсөлдөж буй тамирчид олон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах талаар миний бие судалж, ар талыг нь бэхжүүлнэ” гэв.

VIII чуулганаар мөн тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв. Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.

Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал /66 санал/, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр /65 санал/, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар /64 санал/, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа /61 санал/, Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан /61 санал/ нар бусдаасаа хамгийн олон санал авч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон аж.

Харин МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болов. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд МҮОХ-ны геснекээр томилогдож байсан билээ.

МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн гишүүнд 12 хүн нэр дэвшин, саналыг илээр хураан доорх нэр бүхий гишүүдийг сонгов.

  1. Д.Болормаа – 78 санал (Тэшүүр),
  2. Г.Ерөөлбат – 68 санал (Гимнастик),
  3. Ц.Чингарьд– 67 санал (Волейбол),
  4. Д.Тэрбаатар – 67 санал (Хөл бөмбөг),
  5. П.Гансүх– 66 санал (Чөлөөт) нарын таван хүн сонгогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж