"Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний шигдээс болж, харвах нь ихэссэн"

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

"Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний шигдээс болж, харвах нь ихэссэн"

"Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний шигдээс болж, харвах нь ихэссэн"

Covid-19-ийн дараах хам шинжээр зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэл их гарч буй аж. Тухайлбал, өвдсөний дараа зүрх судасны хамааралтай харвалт ихэсч, даралт өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр эмнэлгийн тусламж хүсэх иргэдийн ачаалал нэмэгджээ. Тиймээс цар тахлаар өвдсөн хүмүүсийн зүрхний өвчлөл, харвалтын талаар сурвалжлага мэдээллийг бэлтгэн хүргэж байна.


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төв. /Өглөөний 10:30 цаг/

Тус төвийн амбулаторийн үзлэгийн дугаар 400 гарчээ. Эмнэлгийн угтах хэсэг хүмүүсийн урсгалаар үл тасарна. Гэхдээ ихэнх хүн дугаар авахдаа тухайн өдрөөс хойш 3-15 хоногийн дараах үзлэгийн хуваарь авч байгаа харагдав. Ачааллын хувьд цар тахлын дараа тус төвөөр үйлчлүүлэх хүний тоо хэд дахин нэмэгджээ. Эмнэлгийн байгууллага улаан бүсийн үеийн онц байдлаа сулруулсан ч эрчимт эмчилгээ, амбулаторийн үзлэг урьд өмнөхөөс хэд дахин ихэссэн байна.

Гадаадын улс оронд хүмүүс улсын эмнэлэгт үзүүлэхдээ ихэвчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Харин Монгол Улсад өвдсөн, биеийн байдал хүндэрсэн иргэд л улсын эмнэлгээр үйлчлүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс иргэдийн хэт бөөгнөрөл, ачааллаас хамааралтай үзлэгийн цагийн олдоц үргэлжийн шүүмжлэл дагуулдаг. Уг нь иргэн бүр өөрийнхөө төлсөн Эрүүл мэндийн даатгалын төлбөрөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ хөнгөлөлттэй үнээр авч байгаа. Гэхдээ өнөө цагт үзлэгийн дугаар ойрын 10 хоногтоо багтвал их болжээ. Тус эмнэлгийн зүрхний төв нь оношлогоо, зүрхний бичлэгээс гадна эхо ангиографийн лабораторийн үйл ажиллагаа, зүрхний титэм судасны оношлогоо, эмчилгээ, пейсмейкер эмчилгээ зэргийг дэвшилтэт технологиор хийдэг. Эдгээрийг даатгалаар улсын тоотой хэдхэн эмнэлэг хийж буй аж. Тэдгээрээс дурдвал, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон нэг, хоёрдугаар эмнэлэг. Зүрхний төвийн хэмжээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд боловсон хүчний асуудал, техник хэрэгсэл гээд олон зүйлс бий.

Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалсан хам шинжийн өвчлөлөөр Монголд зүрхний өвчлөл тэргүүлэх эгнээнд бичигдэж байна. Тиймээс иргэд тодорхой ойлголт, мэдээлэлгүйн улмаас гэнэт цочролд орох, харвах, зүрхний шигдээсээр өөд болж байгаа гэсэн юм.

"ОН ГАРСНААС ХОЙШ COVID-19-ӨӨР ӨВДӨӨД ШИГДЭЭС БОЛЖ ХҮНДЭРСЭН ТАВАН ХҮН ИРСЭН"

Энэ талаар УНТЭ-ийн Зүрхний Төвийн судасны Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Л.Анхбаяраас тодрууллаа.

Covid-19-өөр өвдсөн иргэдийн цус өтгөрөх, даралт ихсэх, гэнэт харвах тохиолдол их байна гэдгийг иргэд хэлж байна. Энэ шинжээр УНТЭ-ийн зүрхний төвд хүмүүс хандаж байна уу?

-2020 оноос хойш зүрх судасны ямар ч эмгэггүй атал Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний төвөөс тусламж үйлчилгээ авах нь ихэссэн. Эмнэлэгт хандаж байгаа тэдгээр хүмүүсээс харвал халдварын дараах хам шинжээр зүрхний эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орсон хүмүүс гол төлөв байна. Манай төв бол зүрх судасны эмгэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлог. Зүрх судасны мэс засал, зүрхний титэм судасны оношилгоо, эмчилгээ, зүрхний эрчимт, эмгэг зэрэг чиглэлээр тусламж үзүүлдэг байгаа.

Covid-19-ийн дараах хам шинжээс шалтгаалж цус нь өтгөрч, шигдээс гэх өвчнөөр оношлогдсон хүмүүсийн тоо өссөөр байна. Он гарснаас хойшхи статистикаас харвал гуравдугаар сарын байдлаар гэхэд Covid-19-өөр өвдөөд 10 дахь хоног дээрээ шигдээс болж, эмнэлгийн тусламж авсан таван хүн байна. Энэ бол их тоо.

-Зүрхний төвд сард дунджаар хэчнээн хүн үзүүлж, эмчилгээ хийлгэдэг вэ. Энэ статистик цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт үү?

-Эмчилгээ, тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн датаг төвөөс тусгайлан гаргадаг. Сарын дунджаас харвал зүрхний эход 1300 хүн, зүрхний өвчлөлөөр 2000-аад хүн, амбулаторийн үзлэгт 1500 гаруй хүн хандаж байна. Эмчийн үзлэгт мөн 210-230 хүн хамрагдаж байгаа.

Covid-19-ийн өмнө манай төв хоёр эмчтэй өдөрт 64 хүн үздэг байсан. Харин цар тахлын дараа гурван эмч болж нэмэгдсэн ч хоногийн үзлэгт багтаж чадаагүй хүмүүс 2-3 хоног хүлээх болсон.

Энэ бол эмчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн гэсэн үг. Covid-19-ийн вирус зүрх судасны тогтолцоонд өөрчлөлт оруулж, суурь өвчтэй байсан хүний өвчнийг сэргээж, эмгэггүй байсан хүнд өвчлөл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, судас өргөсч ядарч сульдана. Нэвчимхий чанарыг ихэсгэснээр үрэвсэл үүсгэнэ. Ингэснээр биед  Covid-19-ийн дараах хам шинжээс шалтгаалсан өвчлөл үүсч байна.

"COVID-19-ӨӨР ӨВДӨӨД ЭДГЭСЭН Ч ЗҮРХ БАЙНГА ДЭЛСЧ, ХЯНАЛТАД ОРСОН"

Нэгдүгээр эмнэлгийн зүрхний тасгийн амбулаторид үзүүлж буй н.Отгонцэрэн хэлэхдээ “Миний зүрх огт өвдөггүй байсан. Covid-19-өөр өнгөрсөн 11 сард өвдөж эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Гарахад эмч цус шингэрүүлэх эм, витамин бичиж өгөөд хэсэгтээ ядарч сульдах учраас сайн унтаж амрах хэрэгтэй гэсэн. Нэгдүгээр сарыг дуустал шинж тэмдэг илрээд, сүүлдээ уурлаж бухимдах нь ихэссэн.

Зүрх  дэлсээд байсан учраас дүүрэг дээр цаг авч, үзүүлсэн. Тэгсэн Covid-19-өөс шалтгаалж байгаа юм. Эход үзүүлж, хяналтад байх хэрэгтэй гээд эм бичиж өгсөн.

Хүмүүсээс сонсоод байхаар I, III дугаар эмнэлэг сайн гэж зөвлөсөн. Тиймээс эхоны цагийн хуваарь авахаар ирсэн. Эхлээд заавал эмчид үзүүлэх хэрэгтэй гэсэн учраас үзүүлэх гээд л хүлээж байна” гэсэн юм.

Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний ар гэрийнхэн хэлэхдээ 20-30 насныхан гол төлөв хам шинжээс шалтгаалж зүрх нь өвддөг болсон. 60-75 насныхан харин шигдээсээр нас барах нь ихэссэн гэв.

Үүнийг эмч нар нь ч үнэн гэдгийг баталсан юм. Тэгвэл эмийн эмчилгээнээс гадна уламжлалт эмчилгээ хэр ашигтай болох нь сонирхол татав. Учир нь Зүрх судасны үндэсний төв, Хаппи веритас, Сонгдо зэрэг эмнэлэгтэй холбогдож асуухад өвчтөний нас, биеийн байдлаас хамаарч зарим тохиолдолд  уламжлалтын аргаар анагаах нь ашигтай. Гэвч олонх хүний биед уламжлалт тохирохгүй байгаа гэх тайлбарыг өгсөн.

"ЗҮРХНИЙ ШИГДЭЭС БОЛОН ХАРВАЛТЫН ҮЕД УЛАМЖЛАЛТЫН ЭМЧИЛГЭЭ ТОХИРОМЖГҮЙ"

УНТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б.АНХБАЯР:

-Зүрх судасны өвчлөлтэй хүмүүст тусгайлсан уламжлалт эмчилгээ гэж байдаггүй. Харин хавсарсан өвчтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ бий. Хам шинжээр хандах хүмүүс нэмэгдсэн. Бидний зүгээс амьсгалын систем талаас дасгал хөдөлгөөн хийх зөвлөгөө өгч байна.

Хөнгөн тохиолдол буюу зүрх дэлсэх, даралт ихсэх багасах зэрэг тохиолдолд уламлжлат эмчилгээ хийлгэж болно. Гэхдээ мэдээж заалтын дагуу. Харин харвасан, шигдээс болсон тохиолдолд уламжлалт эмчилгээ тохиромжгүй.

Уламжлалт эмчилгээний дасгал хөдөлгөөн зүрхийг улам ачаалуулна. Тиймээс хүмүүс аль болох сайн амарч, нойр бүтэн авах нь маш чухал. Covid-19-өөр өвдсөн хүмүүс биеэ тэнхрүүлэхгүй байснаас үүдэж зүрх судасны хамааралтай өвчлөлд өртөх нь ихэссэн гэж харж байгаа. Covid-19-ийн дараах сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөнт дасгал, сэтгэлзүйн засал, реабилитаци зэрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Амьсгал зүрхний дутагдалд орох тохиолдол нь амь насанд эрсдэл үүсэх аюултай.

Улсын томоохон эмнэлгүүдийн зүрхний тасгийн ачаалал огт буурахгүй байгааг эмч, үйлчлүүлэгчгүй онцолсон. Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төвтэй холбогдоход мөн л ачаалал эрс нэмэгдсэн. Болдог бол Covid-19-өөс шалтгаалсан өвчлөлийг дүүргийн нэгдсэн эмнэлгээр тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна гэв. Тус төвийн хувьд төрөлжсөн тусламж үзүүлдэг гэдэг утгаар орон нутаг, нийслэлийн хүмүүсийн ачаалал тасрахгүй байгаа аж.

Гуравдугаар төв эмнэлгээс гадна зүрхний нэгдсэн төв улсад хоёр байдаг. 2020 оны тавдугаар сарын 29-нд гарсан ТУЗ-ийн тогтоолоор УНТЭ-ийн зүрх судасны тасаг зүрхний төв болж өргөжжээ. Үүнтэй холбоотойгоор тусламж үйлчилгээний чиглэлийг нэмж, ерөнхий таван төрлөөр үзлэг, зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг хийж эхэлсэн байна. Гэсэн ч цар тахлын давлагааны дараа эмнэлгийн ачаалал буураагүй аж. Тиймээс өндөр дүнтэй үзлэг оношилгоо, шинжилгээг хувийн эмнэлгүүд ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хийх боломжийг хангах шаардлагатай болжээ. Мөн иргэд өвдөөд эдгэсэн ч дур мэдэн цус шингэлэх эм, бүтээгдэхүүн удаан хугацаанд хэрэглэж өөрсдийгөө эрсдэлд оруулж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв зүрхний хэм алдаж, биед зовиур илэрч л байвал эмнэлгийн байгууллагад хандаж зүрхээ үзүүлэх хэрэгтэйг эмч нар зөвлөлөө. Мөн бага насны хүүхдэд суурь эмгэгтэй эсэхийг тодорхойлох ялангуяа зүрх судас тогтолцооны эмгэгтэй үгүйг заавал тодруулах хэрэгтэй байгааг сануулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж