Б.Эрдэнэбат: Инфляцийн хүлээлтийг бууруулах, төгрөгт итгэх итгэлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг өсгөсөн нь зөв

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбат: Инфляцийн хүлээлтийг бууруулах, төгрөгт итгэх итгэлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг өсгөсөн нь зөв

Б.Эрдэнэбат: Инфляцийн хүлээлтийг бууруулах, төгрөгт итгэх итгэлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг өсгөсөн нь зөв

Эдийн засагч Б.Эрдэнэбаттай мөнгөний бодлогын шийдвэр, эдийн засгийн төлөвийн талаар ярилцлаа.


-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2.5 нэгж хувиар буюу огцом өсгөж, есөн хувьд хүргэсэн. Энэ шийдвэр хэр оновчтой гэж та үзэж байна вэ?

-Оновчтой шийдвэр гэж үзэж байна. Бодлогын хүүг арай эрт, арай өндрөөр өсгөх байх гэж хүлээж байв.

-Зарим эдийн засагчид өөр бодолтой байх шиг байна. Макро эдийн засаг талаас хүү өсгөсөн нь яагаад чухал шийдвэр байв?

-Нэрлэсэн хүү гэдэг хоёр зүйлээс бүрддэг. Нэг нь бодит хүү, хоёр дахь нь инфляцийн хүлээлт. Бодит хүүгээ аваад үзвэл Монгол Улсын зээлийн жилийн дундаж нэрлэсэн хүү 14.4 хувь, хадгаламжийн хүү 8.7 хувь байхад зорилтот түвшин нь 6 хувь, түүнээс дээш, доош 2 хувийн л интервал дотор байх ёстой хэмээн Төрөөс баримтлах мөнгөний бодлогодоо тусгасан. Инфляци 15 хувь давчихаад байгаа учраас бодит хүү сөрөг болчихсон. Бодит хүү хасах болох нь эдийн засагт маш олон сөрөг үр дагавартай. Хүн ямар нэг хадгаламж, хуримтлал хийхэд тэр нь өгөөжгүй, банк бусдад зээл олгоход тэр нь ашиггүй, бүр торгуулиад эхэлж байна гэсэн үг. Мөн санхүүгийн капитал илүү өндөр, эсвэл найдвартай өгөөж хайж, эдийн засгийн үр ашиггүй хөдлөх болон үл хөрөнгө рүү зугтах, хөрөнгийн төвлөрөл өндөр байгаа үед бүр манай улсын санхүүгийн тогтолцооноос бусад улсынх руу дайжих эрсдэлтэй. Жишээ татвал, АНУ-д инфляци сүүлийн 40 жилд хүрээгүй түвшинд хүрсэнтэй холбоотойгоор Төв банк нь бодлогын хүүгээ эхний ээлжинд хоёр дахин өсгөсөн нь, хойд хөрш үндэсний мөнгөн тэмдэгтээс зугталтыг зогсоох зорилгоор бодлогын хүүгээ жилийн 20 хувь болгосныг анхаарах ёстой. Инфляцийн хүлээлтийг аваад үзвэл импортын хүнс, ялангуяа улаанбуудайн хувьд Орос-Украины дайнтай холбоотойгоор, транзит тээврийн шууд болон шууд бус зардал өсч буй, гацаа саад, тэдгээрийн шат болгоныг дагасан авлига, хээл хахуулийн хэмжээ нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт байх шиг байна. Зарим хүнсний үнэ ийнхүү гадаад шокоос үүдэлтэйгээр өсөхөд бид харьцангуй үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, аль болох зах зээлийн механизмынх нь дагуу шингээх, дотоодын үйлдвэрлэл хангамж маань хариу үйлдэл үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой.

Гэвч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сагсны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн үнэ барьцаж өсөх, энэ нь цаашлаад бие биедээ гинжин урвалаар нөлөөлдөг орчин руу орох эрсдэлтэй орчин үүсээд байна.

Үүнд Covid-19-тэй холбоотойтоор дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, тээвэр ложистик сааталд орсон болон БНХАУ-ын Засгийн газрын барьж буй ковидыг тэглэх бодлого нөлөөлж, үнэ өсч байна. Эдгээр нөхцөл байдал нь хүүгийн түвшинг өсгөхөөс өөр аргагүй нөхцөл үүсгэсэн. Үүнээс гадна макро эдийн засгийн орчныг харвал Covid-19-ийн нөлөө болон түүнд Засгийн газраас хэрхэн хариу үзүүлсэн нь 2020 оноос хойш Монгол Улсын эдийн засгийг том цохилтод оруулчихаад байна. Бодит ДНБ-ээр хэмжигдэх эдийн засаг маань 2019 оны нэгдүгээр улирлын түвшиндээ ч хүрээгүй байна.

-Богино хугацаанд ковид, геополитикийн нөхцөл байдал зэрэг гадаад хүчин зүйлс эдийн засагт их нөлөөлж байна. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд юу чухал вэ?

-Бид бүтээмж, үйлдвэрлэх чадавх, иргэдийн ажиллах хүчний оролцооны түвшинг дээшлүүлэхгүйгээр богино хугацааны тохиргоо, мөнгөний зөөлөн, сангийн тэлэх бодлого явуулах нь үр дүнгүй байна. Ажиллах хүчний оролцооны түвшин маань 1994 оноос хойш хамгийн доод цэгтээ, ердөө 58.3 хувь болчихоод байна. Өөрөөр хэлбэл ажил хийх ёстой хүмүүсийн маань ердөө талаас илүү нь л ажиллаж байна.

Үүн дээр ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр 8.1 хувь байгааг мөн бодолцвол бидний ажиллах хүчнээ хэрхэн бэлдэж, ашиглаж буй маань эдийн засгийнхаа онцлог, шаардлагад нийцэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Иймд Монгол Улс бүтээмжээ хэмжих, сайжруулах бодлого хэрэгжүүлэх ёстой. Мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих, ажиллах хүчнийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай болгохуйц тогтолцоог бий болгож, хөрөнгө оруулах нь чухал юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж