
Төрийн нууц задруулсан гэх Ц.Жаргалсайхан өнөөдөр шүүгдэгчийн ширээнд сууна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Ц.Баатар генералаас хойш төрийн нууцад холбогдох хэргээр шүүгдэх хүн гараагүй. Өдгөө УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан төрийнхөө нууцыг хувийн эрх ашгаар харийнханд дамжуулсан хэргээр яллах дүгнэлтээ шүүгчийн индэр дээрээс сонсоно. Түүний үйлдсэн гэх хавтаст хэрэг нууцын зэрэглэлд багтаж байгаа. Тиймээс Чингэлтэй дүүргийн шүүх Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэнэ. Түүний үйлдсэн гэх хэргийн талаар албаны эх сурвалжийн албан бусаар өгсөн мэдээллээр, Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх баримт бичгийг авсан. Түүнийгээ БНХАУ-ын холбогдох албан тушаал хашдаг танилууддаа цахим шуудангаар илгээсэн нь нотлогджээ. Хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж нууц мэдээлэл гаргасан Гадаад харилцааны яамны хоёр албан тушаалтныг буруугүй гэсэн. Мөрдөн байцаагчийн саналыг хяналтын прокурор хүлээн зөвшөөрч Гадаад харилцааны яамны албан тушаалтнуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг Ё.Сагсай прокурор хянаж Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ. Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар яллагдагч буруутай нь нотлогдвол 5-8 жилийн ял сонсох учиртай. Гэхдээ шүүх маргааш (өнөөдөр) шийдвэрээ гаргана гэдэгт эргэлзэж байгаагаа эх сурвалжууд хэлсэн. Учир нь төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүнийг шүүх хурал анх товлосон өдрөө болох нь ховор. Өмгөөлөгч ирээгүй, прокурор чөлөөтэй, шүүх бүрэлдэхүүн бүрдээгүй гэх мэт шалтгаанаар хоёроос дээш удаа хойшилдог жишиг бий. Ингэж шүүх хурлыг хэдэн сар, бүр хагас жилийн турш хойшлуулах нь шүүгдэгчид ашигтай аж. Тодруулбал, шүүгчдэгчийн урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа хоног ял эдэлсэн хугацаанд багтдаг. Гэтэл албан тушаалтан, эрх мэдэлтнүүд “Ганц худаг”-т саатуулагдаж байгаа нэрийдлээр дураараа, эрх чөлөөтэй шахам байдаг гэх. “Ганц худаг”-т саатуулагдаж байгаа нэртэй гадуур сагс тоглож, гэрийнхэнтэйгээ уулзаж байгаад сэтгүүлчидтэй таарсан олны танил сэжигтэн цөөнгүй бий. Нөгөө талаар олон нийтэд дуулиан тарьсан хэрэг хэсэгтээ олны анхаарлын төвд байдаг. Тэр үед шүүх олон жилийн хорих ял өгдөг гэх таамаг өмгөөлөгчдийн дунд байдаг аж. Тиймээс үл ялих шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлуулж, олны анхаарлаас ангид шүүлгэх сонирхол яллагдагч талд байдгийг хуулийнхан нуугаагүй. Ц.Жаргалсайхан сэжигтнээр татагдсанаасаа хойш хоёр сар гаруй “Ганц худаг”-т саатуулагдаж байгаа. Тэрбээр хоригдож байх хугацаандаа батлан даалтад гарах санал гаргаагүй аж.
Анхан шатны шүүх Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг шүүхээс халгаад байгаа. Улсын яллагч амарсан, өмгөөлөгч сургалтад сууж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хоёр удаа хойшлуулсан. Өнгөн дээрээ шүүх бүрэлдэхүүн бүрдэхгүй байгаа мэт боловч цаанаа шүүгдэгчид улсад учруулсан хохирлоо барагдуулахад цаг хугацаа хэрэгтэй байсан нь ойлгомжтой болоод байгаа. Шүүх хурал хойшилсны хүчинд Д.Сүрэнхорын ар гэрийнхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай өр барагдуулах гэрээ хийсэн. Тиймээс хохирогч “Д.Сүрэнхор улсад учруулсан хохирлоо барагдуулсан. Бид гомдолгүй” гэсэн утгатай албан бичиг шүүгчид өгчихсөн байгаа. Нэгэнт хохирлоо барагдуулсан бол Д.Сүрэнхор өршөөгдөх нь гарцаагүй. Иймээс л шүүх хурал хойшлох нь түүнд ашигтай байсан юм. Харин дипломатч Д.Цахилгааны хүүд ямар сонирхол байгаа бол. Шүүх хурал товлосон хугацаанаасаа бус шүүгдэгчийн сонирхлоор болох эсэх нь шалтгаалдаг нь нууц биш. Шүүгдэгч шүүлгэхдээ бэлэн биш бол өмгөөлөгчдөө ирэхгүй байхыг даалгахад л хангалттай. Нэгэнт ийм нөхцөлийг хуулиараа зөвшөөрдөг учраас шүүх Ц.Жаргалсайханыг шүүхдээ Д.Сүрэнхорынх шиг халгах болов уу гэдгийг өнөөдөр харах л үлдлээ. Шүүх хурал хойшиллоо гэвэл лав л Ц.Жаргалсайханы “шийдвэр” байх шүү.
Ц.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ
Өдөр тутмын сонины сэтгүүлчээс УИХ-ын Тамгын газарт зөвлөх хүртэл албан тушаал хашиж байгаа Ц.Жаргалсайхан гэж хэн бэ. Тэрбээр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Д.Цахилгааны хүү. Түүнийг сайн эцгийн буянаар өдий зэргийн албан тушаалд заларсан гэж ч ярьдаг. Ц.Жаргалсайхан 1990-1996 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины гадаад мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Тэндээсээ “UB post” сонин байгуулж, 1998 оныг хүртэл эрхлэгчээр нь ажилласан. Харин 1998 онд сэтгүүлзүйгээс хазайж ЮНЕСКО-гийн төсөлд ажиллах болжээ. Улмаар 2000 оноос УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагчаар ажилд оржээ. Зохион байгуулагч Ц.Жаргалсайхан 2002 онд тушаал дэвшин УИХ-ын Тамгын газрын зөвлөх, 2007 онд дэд зэргийн түшмэлийн зэрэг, дэв хүртсэн байна. Тэрбээр арван жил хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газарт чухал албан тушаал хашиж явсны эцэст шүүгдэгчийн сандалд суусан нь энэ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин