Таксин Чинаватрагийн хөрөнгийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Таксин Чинаватрагийн хөрөнгийг хураажээ

Тайландын Ерөнхий сайд асан Т.Чинаватра өнгөрсөн долдугаар сараас Монголд тухалж, өнгөрсөн хугацаанд Японы парламентын доод  танхимын дарга Мунэо Сузуки зэрэг гадаад, дотоодын улстөрчидтэй  сэмхэн уулзаж байгаа тухай хэвлэлүүдэд бичиж байсан. Тэрбээр урьд нь ч гэсэн олон нийтийн анхааралд өртөлгүйгээр Америк тивийн орнууд, Орост очин их гүрнүүдэд өөрийнхөө улс төрийн байр суурийг дэмжих лобби бүлэг үүсгэн тэднээр дамжуулан Тайландын шинэ эрх баригчдад шахалт үзүүлэхийг хичээж байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал түүнд хүндхэн цохилт болсон нь дамжиггүй.

Тайландын Дээд шүүхээс Т.Чинаватра болон түүний гэр бүлийнхнээс өргөн барьсан давж заалдах өргөдлийг хэлэлцэн “Хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр баталсан. Харин дараа өдөр нь Тайландын Бизнес, эдийн засгийн судалгааны төвийн захирал “Тайландын Засгийн газраас Ерөнхий сайд асан Таксин Чинаватрагаас хураасан хөрөнгийг ирэх онд хэрэгжүүлэх “Хүчирхэг Тайланд” хөтөлбөрт хэрэглэх юмуу энэ онд шаардагдах зээллэгийн эх үүсвэрт ашиглах боломжийг хэлэлцэх хэрэгтэй” гэжээ. Ингэснээр Таксин Чинаватраг засгийн эрхэнд байх хугацаандаа олсон 46.37 тэрбум баат (1.5 тэрбум орчим ам.доллар)-ыг хураан авч, түүнд өмнө нь байсан гэх 30.24 тэрбум баат (нэг тэрбум орчим ам.доллар)-ын хөрөнгийг нь үлдээх тухай өмнөх шатны шүүхийн шийдвэр эргэлт буцалтгүй болсон юм.

Тайландад өрнөсөн  улаан цамцтаныг хөдөлгөөнийг өнгөцхөн харахад Т.Чинаватраг л засгийн эрхэнд дахин гаргахын төлөө тэмцэж буй гэлтэй. Гэвч Тайландын нийгэмд оршиж буй олон ээдрээтэй асуудалд холбогдсон аж. Тайландын нийгмийн эрх баригчид улаан цамцтаны хөдөлгөөнийг төрүүлсэн цаад шалтгаан буюу хот, хөдөөгийн иргэдийн орлогын хооронд үүссэн зааг улам нэмэгдэж байгааг үгүйсгэн дорвитой шинэчлэл хийхээс цааргалдаг. Энэ нь ангийн ялгааг цаашид улам нэмэгдүүлж, ард түмнээ хагаралдуулах нөхцөлийг бүрдүүлснээс Т.Чинаватра тэргүүтэй улстөрчдөд эрс тэмцэл өрнүүлэхээс өөр сонголт үлдээгээгүй. Хаан тэргүүтэй нийгмийн хуучинсаг элит хэсгийнхэн Тайландын улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт дорвитой өөрчлөлт хийх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлснээр л эх орондоо тогтвортой байдал бүрдүүлэх боломжтой гэж сөрөг хүчнийхэн үздэг. Гэвч хоёр талд нэгнээ хүлээцтэй сонсох чадвараар сул, улс төрийн яриа хэлэлцээрт одоогоор ахиц бага байна.

А.Вежижава тэргүүтэй Засгийн газрынхан хууль ёсыг сахиулж, хүчирхийлэлд хүргэсэн хэргүүдийг шударгаар шүүн улс төрийн шинэчлэл хийнэ гэдгээ амласан. Гэвч сөрөг хүчнийхэн тэднийг хэргийг шалгахдаа нэг талыг хэт баримтлан мөрдөж байгаагаас гадна сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаас татгалзаж, хүч хэрэглэх аргыг идэвхтэй хэрэглэн сөрөг хүчний хэвлэлүүдийг дарамталж байгааг хэлдэг. Энэ бүхэн нь хамтран ажиллах хүсэл бага байгааг харуулж байгаа юм.

Т.Чинаватра болон түүний хамтран зүтгэгчид хөдөө орон нутгийн болон хотын ядуусыг Тайландын улс төрийн томоохон хүчин болгоход гол үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл Тайландын төрд олон жил ноёрхсон хуучин элитүүд байр сууриа тавихгүй, аливаа шинэчлэл хийхээс зайлсхийж байгаагаас Т.Чинаватраг дэмжигчдийн хүрээ улам тэлж, ард түмний нэлээд хэсгийг хамарсан шинэчлэлийн төлөөх хөдөл-гөөн өрнөсөн. Мань эр ч улс төрийн амьдралыг хурдан орхих бодолгүй байсан тул эсэргүүцлийн хөдөлгөөнийг алсаас удирдаж байв. Гэвч Т.Чинаватра бүх хөрөнгө, эрх мэдлээ эргүүлэн авахыг шаардаж байсан нь шинэчлэл хийж, илүү эрх тэгш нөхцөл байдлыг бий болгохыг шаардсан ард түмний хөдөлгөөнийг мухардалд оруулсан гэж үздэг.

Т.Чинаватраг анх 2001 онд Ерөнхий сайдаар сонгож, 2005 онд дахин сонгосон. Улс төрд анх орохдоо л тэрбээр чинээлэг бизнесмэн байсан юм. Тэрбээр анх улс төрд орхдоо Тайландын зүүн хойд хэсгийн хөдөөгийнхний дэмжлэгийг түлхүү авсан бөгөөд одоо ч гэсэн тэр хэвээр аж. Учир нь Т.Чинаватра Ерөнхий сайдын албыг авмагцаа өөрийн ажил хэрэгч арга барилаар хямд эмнэлгийн үйлчилгээ, хүү багатай зээлийн тогтолцоог хөдөөгийн сонгогчдод бий болгосон нь тэдний сэтгэлд нийцжээ. Хөдөөгийн иргэд түүнийг авлигад автсан гэж буруутгадгийг мэддэг хэрнээ Т.Чинаватра тэр мөнгөнийхөө нэг хэсгийг ч болтугай гэж сайшаадаг байв.  Харин бусад тай улстөрчдийг хуваалцах бодолгүй гэж дүгнэдэг байжээ. Т.Чинаватра нийслэл Бангкокт нэр хүнд харьцангуй муу бөгөөд цэрэг, бизнесийн элитүүд түүнийг эрх мэдэлд нь заналхийлж байна гэж үздэг юм. Дундаж давхаргынхан ч гэсэн тэдний баялгийг ядууст тарааж, өөртөө эрх мэдэлд хүрэх замаа засдаг гэж түүнд ам муутай байдаг. Түүнийг эрх мэдлээ хадгалахын тулд хууль бус олон арга хэрэглэсэн, бэлэн мөнгө тараах, мөнгө амлах зэргээр сонгогчдын  саналыг худалдан авсан гэж буруутгадаг. Гэсэн хэдий ч ядуусын сэтгэлийг татаж, Тайландын нийгэмд үгүйлэгдэж буй шинэчлэл, ардчиллын туг нь болж чадсан. Одоо энэ эрхэм ямар “хор” найруулж байгааг мэдэх юмсан.

Д.МӨНХБОЛД

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж