ШАР ХҮН ӨМНӨӨС ХАР ХҮН
Оросын Элчин сайд оодорч байна. Дипломат ёс, дэг жаяггүй аашилж, доромжлоод тусгаар улсын нутаг дэвсгэрт доогтой нь аргагүй тохуурхаж сууна. Дотооддоо асуудалтай байгаа сөрөг хүчнийг дайрч доромжилж, бардаж сагсуурсан өнгөөр басамжлаад зогсохгүй өөр хооронд нь өдөөн хатгах болжээ. Улайм, цайм албан ёсны худастаа “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” дипломат ёсонд байж болохгүй өдөөн хатгасан мэдэгдэл гаргаад бөөн асуудал дэгдмэгц “Монгол Улс, тус улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна” гэж мэдэгдсэн бол дараа нь бас “МАН-ын гишүүдээ” гэхчилэн мөнөөх санаагаа дахин “Шийдэл” нэрээр бичин албан ёсны хуудастаа нийтэлжээ. Ингэхдээ “Монгол Улс, тус улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна” гэх утгыг давтана. Бүр байгаад АН, МАН-ын хооронд яс хаяж эвдрэлцүүлсэн өнгө аястай. Учир нь, Элчин сайдын туршилтад монголчууд бүдэрч, хоёр хуваагдан талцсан болохоор галыг улам хүчтэй өрдөхөөр дараагийн байгаа МАН болгов. Тэгэх ч сонирхол бий бололтой. Монгол монголоо үгүйсгэж, Оросыг өмөөрч яс булаалдсан болохоор одоо АН-ыг МАН-аар үгүйсгүүлэх арга тактикт шилжжээ. Шар хүний өмнөөс хар хүн гэгчээр тусгаар улсын сөрөг хүчнийг илтэд басамжилж буй И.К.Азизовт монголчууд өөрсдөө боломж олгоод байна. “Хагаралдуулаад захир” гэдгээс даанч монголчууд сэрэмжилсэнгүй.
ХҮЧИНДҮҮЛЭГЧИЙН СЭТГЭХҮЙ
Далан жил дарлуулж, амьдрахын эрхэнд аврал эрэн дарлагчийг тахин шүтсэн монголчуудын сэтгэл зүйн эмгэг одоог хүртэл арилсангүй. Архи уугаад агсам тавьж, байнга гэр бүлээ хүчирхийлдэг адгийн шаарыг “уухгүй бол хүн л дээ, хөөрхий” гэж өмгөөлдөг эхнэрүүд шиг. Цоожтой хаалганы цаана балбуулж, сэтгэлзүй нь цочирдохоор архи уухгүй байвал таалагдаж, баярлаж, бүр бахархах сэтгэл төрдөг ажээ. Үүнийг Стокгольмын синдром гэж анагаах ухаанд тэмдэглэжээ. Энэ синдром манай нийгэмд газар авсаныг сүүлийн өдрүүдийн дээрх жишээ харуулаад өгөх шиг. Тиймээс өөрсдийгөө адгийн шаар, бусдыг бурхан мэт төсөөлж, өмөөрч байхуй.
Цөөхөн монголчуудынхаа амьдралын аливаа асуудлыг шийдэж чаддаггүй, худал мэдээллээр тархийг нь угааж, өөрсдөдөө ашигтай асуудал байнга зохион эмзэг сэдэв дээр нь дөрөөлөн ашиг хонжоо хайсан улстөрчид нийгмийг бичлэгээс бичлэгийн хооронд талцуулж, зохиомол асуудлаар айдаст автуулж, өөрсдийн хэргээ баллахын тулд үр хүүхэд, орчин тойрон гээд эмзэг сэдвээр нь элдэв бичлэг гарган сэвж, айдаст автуулдаг. Эцэстээ иргэд амьдрах итгэлгүй, төрөөс хамааралгүй амьдрах боломжгүй, нам дагалгүйгээр бизнес хийх боломжгүй гэж сэтгэхүйтэй болсон төдийгүй боломж бүрийг нь хулгайлдаг улстөрчдийн хийж ёстой ажлаа хийснийх нь төлөө баярлан бахдах маягтай.
Ийм болохоор оросууд л биднийг өвчнөөс, харанхуй бүдүүлгээс, хөгжлийн хоцрогдлоос аварсан гэж одоо хүртэл итгэсэн бүхэл бүтэн анги давхарга одоо ч оршсоор буй аж. Гэтэл Монголыг Монголоор нь үлдээх гэсэн бүхнийг гадны гар хөл, тагнуул болгон яллаж, замд нь саад бологч болгоныг үгүй хийж, өөрсдийг нь өөрсдөөр нь аймаглан хядуулсан гашуун түүх шарлаж ч амжаагүй байна.
ХОЙНООС ИРЭЭД ХОТ МАНАЙХ
Монголчуудад нэгдсэн үзэл санаагүй болсон бөгөөд биесээ үгүйсгэх үзэл газар авчээ.
Гэтэл аливаа улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулж, бодит аюул заналхийлэл учруулж буй гол хүчин зүйлүүдийн нэг нь дотоодын зөрчилтэй нөхцөл байдал аж. Монголчуудын байгуулсан эзэнт гүрэн өөр хоорондоо дайсагналцаж нурсан бол талцал хуваагдлаасаа бол бусдын эрхшээлд орж, түүнээсээ арай гэж мултраад дахиад дарлуулсан түүх ердөө 30 өмнө төгсгөл болсон. Гэтэл одоо хэр нь бид алдаанаасаа суралцаагүй төдийгүй ам нээвэл биенээ үгүйсгэх болжээ. Богино хугацааны стратеги хэрэгжүүлэхэд улс орны хүн амын ухамсарт нөлөөлөх үр дүнтэй хэрэгсэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, интернет орчин учраас өөрийнх нь улсад хаасан фэйсбүүкийг ашиглан Оросын Элчин монголчуудыг талцуулж байна. Харин урт хугацаанд үр дүнтэй хэрэгсэл нь дээд боловсролын үйлчилгээ, шинжлэх ухаан, тэр дундаа нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хэрэгждэг аж. Оросууд өнөөдөр урт хугацаанд хэрэгжүүлэн дээд боловсролын үр шимээ хүртэхэд татлаа түтлээ алга.
ХҮНИЙ ХООЛ
Сэтгэлзүй, Сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Баярцэнгэл “Нөгөө талд улс төрийн хэт шоу, сөрөг шийдэл, хохиролтой шийдвэрүүд нь амьдралд хэт хурдан тусгалаа олдог учраас хүмүүст бухимдал төрүүлдэг. Тухайн бухимдал нь нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг. Ер нь нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байна”
Нэгэнт нийгмийн сэтгэл зүй гэмтчихсэн учраас бид хүний хоол болоход ойрхон байна. Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 2,2 сая нь нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэгч аж. Насны хувьд 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая гаруй нь гар утсаа ашиглан нийгмийн сүлжээнд хандаж байгаагаас 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуу байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, энэ орон зайд гаднаас мөлхөө байдлаар нөлөөлөх боломжтой гэсэн үг. Монголоо үзэн ядах, гадныг дахин шүтэх үзэл гаарсаар буй нь нөлөөлж буйн нотолгоо гэлтэй.
Монголчуудын хоол нь ногоошиж, дээл нь охоршжээ.
Холбоотой мэдээ