УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас хүндхэн байсан эдийн засагт Орос, Украины асуудлын улмаас эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүд асуулт асууж, дэлгэрэнгүй ярилцсан. Бүлгийн хурлаар олон улсын хурцадмал байдлын улмаас эдийн засагт үүссэн хямралыг богино хугацаанд давж гарах шийдлийг УИХ гаргах ёстой гэж үзсэн.
Тиймээс Засгийн газрыг ойрын хугацаанд тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулж, УИХ-д оруулах чиглэл дээр тогтлоо.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хууль нь орон сууцны эзэмшлийн газрыг оршин суугчдад нь эзэмшүүлэх зорилготой. Уг хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд хэлэлцсэн. Хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр, өөр байсан. Тиймээс гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс МАН-ын бүлэг завсарлага авсан. Бүлгийн хурлаар уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газар ямар чиглэлд санал оруулж ирэхээр тогтсон бэ. Монгол Улсын эдийн засаг деполт зарлах хэмжээнд хүрсэн гэх юм?
-Нэгдүгээрт, нүүрсний экспорт болон бусад экспортууд хязгаарлагдмал нөхцөлд явж байна. ОХУ болон Европоос орж ирдэг импортууд саатсан. Үүнтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээ авах шаардлага үүсч байна. Орос, Украины дайны улмаас дэлхий нийтэд шатахууны үнэ өсч байна. Ер нь олон улсын нөхцөл байдал маш богино хугацаанд өөрчлөгдөж байна. Цаашдаа олон улсын хэмжээнд шатахууны төлбөрийн асуудал ам.доллар, рублиэр хийх талаар хүртэл ярьж байна. Шуураад өнгөрөх биш энэ нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилнэ гэдгийг судлаачид ярьж байна. Тиймээс хүндрэлийг даван туулах хөтөлбөр гаргах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг дефолт зарлах хэмжээнд хүрээгүй. Валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар байна. Эдийн засгийн бүх эргэлт зогсоогүй. Хязгаарлагдмал хүрээнд ч гэсэн Хятад руу экспорт гарч байна. Өдөрт 350-400 автомашин нүүрс, зэс, төмрийн баяжмал төмөр замаар гарч байна. Замын-Үүд боомтоор импортын бараа, Турк улсаар дамжиж Европоос тодорхой хэмжээний бараа орж ирж байна. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас орлого буурч, нөөц багассан.
-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн үү ?
–Энэ асуудлыг бүлэг дээр яриагүй. Засгийн газраас ойрын үед шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барина. Тиймээс тухайн үед нь бүлгийн хурлаар ярина.
-Улсын төсөвт тодотгол хийх эсэх талаар ярив уу?
-Асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Ам.долларын ханшид нөлөөлж байгаа олон хүчин зүйлс байгаа.Үүний нэг гол хүчин зүйл нь импорт. Тиймээс тэлсэн төсвийн бодлогоо хумих, хөрөнгө оруулалтаа багасгах, төсөвт тодотгол хийх эсэх талаар ярьж байна.
Газрын тухай багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэдийд хэлэлцэх вэ?
–Уг хуулийг Засгийн газар өргөн бариагүй. Засгийн газар дээр ярьж байгаа юм билээ. Бидэнд өгсөн мэдээллээр Барилга, хот байгуулалтын яам Газрын тухай багц хуулийн төслийг боловсруулаад дууссан гэсэн. Ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барина.
Холбоотой мэдээ