Талибаны Хятадтай хамран хэрэгжүүлэх зэсийн том төсөл- Мес Айнак

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Талибаны Хятадтай хамран хэрэгжүүлэх зэсийн том төсөл- Мес Айнак

Афганистанд олон зууны турш хадгалагдаж ирсэн Буддагийн баримлууд талибанчуудын анхаарлыг ихээр татах болов.  Улмаар нэгдүгээр зууны үед лам нарын барьсан хийдийн туурийг талибанчууд хамгаалалтдаа авчээ. АНУ-ын дэмжлэгтэй Афганистаны армитай тулалдаж байхдаа Талибаны захирагч эргэн тойрны уулуудыг эзлэн авмагцаа хийдийн туурийг хамгаалалтдаа авчээ. Гэтэл Афганистаны төрийг авахын өмнө талибанчууд тэсрэх бөмбөг ашиглан соёлын өвүүдийг сүйдэлж байсан нь саяхан.

Тэдний хандлага ингэж өөрчлөгдсөн нь соёлын өвийг хамгаалахад биш Хятадаас олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахад чиглэжээ. Учир нь энэхүү Буддагийн баримлуудын дор хэдэн зуун метрийн гүнд дэлхийн хамгийн том зэсийн орд байгаа гэж тэд итгэж байгаа аж. Талибаны засгийн газар зэсийн энэхүү нөөцийг ашиглан Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татахыг санаархаж байна. Кабул хотоос зүүн өмнөд зүгт 40 км зайтай орших Логар мужид орших Мес Айнак туурь нь Талибаны засгийн газрын хэрэгжүүлэх эдийн засгийн хамгийн том төсөл болох боломжтой гэжээ. Дороо зэсийн нөөцтэй гэгдэх Мес Айнак нь 400 гаруй буддын хөшөө бүхий 40 га талбайг хамарсан хийдийн цогцолбор юм. Судалгаагаар тус газарт 12 сая тонн зэсийн нөөцтэй гэж тогтоогджээ.

Афганистан нь нэг их наяд ам.доллараар үнэлэгдэх байгалийн баялгын нөөцтэй гэж тооцогддог ч улс төрийн үргэлжилсэн зөрчил, дайны улмаас эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсаар иржээ. Тухайлбал, Афганистан нь лити, төмөр, зэс болон үнэт чулууны нөөцтэй гэж тооцогддог.

Өдгөө АНУ-аас цэргээ татаж, Талибан бүлэглэл засгийн эрхийг авснаар нөхцөл байдал тодорхой байдлаар тогтворжсон учраас хөрөнгө оруулалт татахад анхаарч байна. Афганистаны засгийн газрыг түлхэн унагааж, төрийн эрхийг авсан талибанчуудыг олон улс хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эдийн засгийн хориг тавьж, гадаадад дахь хөрөнгийг нь царцааснаас валютын хомсдолд орсон. Энэ нөхцөлд Иран, ОХУ, Турк зэрэг олон улсаас Афганистанд хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байгаа ч Хятад улс илүү шуурхай, шаргуу ажиллаж байна. Хятадын хувьд ховор металийг эзэмших нь хүчирхэг үйлдвэрлэгч орон байр сууриа хадгалахад чухал үүрэгтэй. Тиймээс талибанчууд Афганистаны төрийг булаасан ч Хятадын засгийн газраас Кабулд дипломат үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байв.

Талибанчууд өнгөрсөн оны наймдугаар сард Кабулыг эзэлж, дараа нь Афганистаны төрийн эрхийг авмагцаа уул уурхай, шатахууны сайдыг Хятадын компаниудтай харилцаа тогтоохыг үүрэг болгожээ. Үүний дагуу Афганистаны гадаад харилцааны яамнаас Хятадын “MCC” групп, Жианьси зэс компанитай холбоо тогтоосон байна. Улмаар өнгөрсөн зургаан сарын хугацаанд “MCC” групптэй Афганистаны талаас хоёр удаа цахим уулзалт хийж, 2008 онд байгуулсан гэрээг өөрчлөлгүй, олборлолтоо эхлүүлэхийг хэлэлцжээ. Афганистаны ерөнхийлөгч асан Хамид Карзайн захиргаа 2008 онд Хятадын хувь нийлүүлсэн “MCC” / China Metallurgical Group Corporation/ групптэй 30 жилийн гэрээ байгуулж, Мес Айнакаас өндөр чанарын зэс олборлох гэрээ байгуулсан. Гэвч төсөл ложистик, гэрээний асуудлаас үүдэн удаан хугацаанд саатсан бөгөөд 2014 онд Хятадын ажилчид Афганистанаас явснаар бүрэн зогссон аж. Тухайн үед хятад ажилчдын эсрэг тогтмол халдлага гарч байснаас үүдэн эргүүлэн татжээ.

Өдгөө Хятадын талаас татварыг бууруулж, рояалтийн хувийг 19.5 буюу хоёр дахин буулгах, зэсийн олборлолтын тонн тутамд эзэмших засгийн газрын хувийг дахин тохиролцохыг эрэлхийлж байгаа аж. “MCC” группын  техникийн зөвлөл ирэх сард Кабулд очихоор төлөвлөж байгаа аж.

Афганистаны хувьд Мес Айнакийн гэрээ нь жилд 250-300 сая ам.долларын орлого олох төдийгүй гэрээний үргэлжлэх хугацаанд 800 сая ам.долларын татвар, төлбөр авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж