ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа "Хөтөл" нь эзэнгүй хаягдсан компани байсан тул төрд авч байгаа гэх мэдээллийг өгсөн. Үүний хариуд өмгөөлөгч Б.Мэргэн “Өвлөн авах хүсэлтийг нь гацаасан” гэсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ. “Цемент шохой”ХК-ийн хувьцааг эзэмшдэг “Хөтөл” компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байсан Мижидийн Бөх-Очир нь 2018 онд нас барсан байдаг. Холбогдох хуулийн дагуу М.Бөх-Очирын хөрөнгийг түүний гэр бүлийнхэн өвлөн авах эрхтэй.Тиймээс энэ асуудлаар “Хөтөл” компанийн хувьцааг 100 хувь дангаараа эзэмшиж байгаад нас барсан Мижидийн Бөх-Очирын том хүү Тулгатай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2020 оноос хойш өв залгамжилж авах хүсэлтээ гаргасаар ирсэн ч, өмч хөрөнгөөсөө татгалзаагүй болохоо ярьсан юм.
-Танай аав “Хөтөл” компанийг ганц эзэмшигч. Аав чинь "Хөтөл"-ийг анх яаж хувьчилж авсан юм бэ?
-Миний аав М.Бөх-Очир гэж хүн байсан. Аав маань 2013 оноос хойш энэ үйлдвэрт ажилласан. Харин 2015 оноос хувьчлагдах үйл явц нь өрнөсөн юм билээ. Би тэр үед АНУ-д суралцаж байсан тул нарийн мэдээлэл багатай явдаг. Сургуулиа төгсөөд 2018 онд Монголдоо ирсэн. Харамсалтай нь, тэр жил аав минь өвчний улмаас нас барсан юм.
-Та аавынхаа компанийг өвлөх хүсэлтээ хэзээ гаргасан юм бэ?
-Аав маань “Хөтөл” компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан. Тиймээс аавыг нас барсных нь дараа ээж, эгч, дүү бид нар тус компанийн хувьцааг адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид болсон юм. Тэгээд аавыг компанийг хэн өвлөх вэ, яаж өв залгамжлах вэ гэж гэр бүлийн хүрээнд хоорондоо ярилцаж байгаад өмчлөх эрхийг нь 100 хувьд надад шилжүүлэхээр шийдсэн. Дүү маань насанд хүрээгүй байсан тул хууль ёсны цор ганц өв залгамжлагч нь би болсон юм.
Ингээд Иргэний хуулийг 531.2-т зааснаар өмчлөгч этгээд нас барснаас нэг жилийн дараа өв хөрөнгийн асуудал яригддаг юм байна лээ. Аав маань 2018 оны арваннэгдүгээр сард нас барсан учраас хуульд заасны дагуу 2019 оныг дуустал өвлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх асуудал хөндөгдөөгүй. Харин 2020 он гарсны дараа өвлөх эрхийг гэрчилгээгээ авахаар хөөцөлдөж эхэлсэн. Харамсалтай нь, дээрээс тушаал өгсөн байсан уу, ямар ч байсан эцгийнхээ хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авах гээд олон нотариат орсон, чадаагүй. Өөрөөр хэлбэл, надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нотариат гэж олдоогүй юм.
Илүү тодорхойгоор яривал 2020 он гаргаад өвлөх эрхийн гэрчилгээгээ авахаар материал бүрдүүлж өгтөл Хөгжлийн банкнаас Нотариатчдын танхимд хандаж “Хөтөл” ХХК болон түүний охин компани “Цемент Шохой” ХК-тай холбоотой өвлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байхы анхааруулсан байсан. Нийт нотариатчидад тус мэдэгдэл очсноор өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах ямар ч боломжгүй болсон доо. Тиймээс манай гэр бүлийнхэн хуулийн фирмд хандан, өвлөх гэрчилгээ авах асуудлаар өмгөөлөгч авсан.
-Та өвлөх эрхээ авахаар өнөөг хүртэл хөөцөлдөж байгаа гэлээ. Гэтэл Засгийн газраас хууль ёсны өв залгамжлагч нь өвчлөхөөс татгалзсан гэж мэдэгдсэн. Та уг компани йн өвлөн авахаас татгалзсан удаа байна уу?
-Өвлөж авахаас татгалзаж байсан удаа байхгүй. Манай гэр бүлийнхэн ярилцаад шийдвэрлэсний дагуу миний ээж, эгч, дүү нар маань “Хөтөл” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь надад эзэмшүүлэхээр болж,өөрсдөө өвлөх эрхээсээ татгалзсан. Тиймээс дахиад хэлэхэд “Хөтөл” ХХК-ийн хувьцааны хууль ёсны цор ганц өвлөгч би болсон. Улмаар 2021 оны гуравдугаар сараас хойш “Хөтөл” ХХК-ийг надаас бусад этгээд төлөөлөх боломжгүй болсон.
Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах асуудал үүсээгүй, би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад "эзэнгүй өмч байсан" гээд төр миний өмчийг булааж авсанд гайхаж байна. Хэрэвзээ, намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой байдаг. Тийм зүйл огтхон ч болоогүй.
-Үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, төрд авах шийдвэр гаргах гэж байгаа тухай мэдээллийг танд өмнө нь өгсөн үү?
-Өгөөгүй. Өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газраас мэдээлэл хийхэд анх сонссон. “Эзэнгүй болчихсон өмчийг төр авлаа” гэж мэдэгдэл хийсэнд одоо хүртэл гайхаж байна. "Хөтөл" компани эзэнгүй өмч байгаагүй юм шүү.
НОТАРИАТЧДЫН ТАНХИМЫГ ШҮҮХЭД ӨГНӨ
-Хөгжлийн банкнаас Нотариатчдын танхим руу өвлөх эрхийн гэрчилгээг олгох материалыг гэрчлэхгүй байхыг анхааруулсан гэлээ. Магадгүй зээлийн барьцаанд тавьсан болохоор тэр байх. Та бүхэн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлаар банкныхантай уулзаж байв уу?
-Хөгжлийн банкны хүмүүстэй уулзахад “Өөр дээрээ хэзээ өвлөж авах вэ, гэрчилгээгээ хэзээ гаргуулах вэ” гэж биднээс асууж байсан. Тэр үед аав нас бараад нэг жил болоогүй байсан тул өвийн эрх нээгдээгүй гэдгээ хэлж байсан. Харин өвлөж авах хуулийн хугацаа нь болсны дараа Хөгжлийн банкнаас Нотариатчдын танхим руу өвлүүлж өгөхөөс татгалзсан бичиг явуулсан байсан. Ийм учраас нотариатад хандах бүрд миний хүсэлт татгалзсан хариу авсаар өнөөдрийг хүргэсэн.
Хөгжлийн банкны асуудал үүссэний дараа манай өмгөөлөгч, шинээр томилогдсон дэд захирал Ж.Эрхэмбаатартай уулзсан. “Хөтөлийн цемент шохой” компанийнхан ч Хөгжлийн банктай уулзаж, “өрөө төлнө” гэдгээ хэлсэн юм билээ. Засгийн газрын шийдвэр гарахаас ганцхан хоногийн өмнө шүү дээ. Уулзалтаар хувьчлалыг цуцална гэсэн зүйл яригдаагүй, гэнэт маргааш өгөөл нь төрд авлаа гээд зарлачихсан. Одоо эргээд бодоходХөгжлийн банкныхан зориуд асуудлыг сунжруулж, нотариатад нөлөөлж байсан юм байна.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар хуулийн байгууллагынхан танаас мэдүүлэг авсан уу. Танай компанийн нэр байгаа учраас асууж байна?
-АТГ-аас хоёр удаа мэдүүлэг авсан. Манай гэрт болон манай ээжийнд нэгжлэг хийсэн. Ямар нэг зүйл хурааж аваагүй.
-Та “Хөтөл”-ийг өвлөн авбал Хөгжлийн банкны өрийг төлөх шаардлагатай болно. Энэ эрсдэлийг тооцож байсан биз дээ?
-Өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулснаар “Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой болно. Хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээр Хөгжлийн банкнаас авсан өмнөх зээлийн эргэн төлөлтийг хариуцах, өвлүүлэгчийн үүрэг, хариуцлагыг шилжүүлж авах байсан. Бид энэ бүх эрсдэлийг анхнаасаа тооцсон. Өмгөөлөгч маань Хөгжлийн банкны нотариатчдын танхимд нөлөөлж буй хууль бус үйлдлийг шүүхэд өгөхийг зөвлөж байсан. Миний хувьд шүүх, цагдаа гэхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг хурдан авч, Хөгжлийн банктай зээлийн асуудлаа яаралтай шийдэх ёстой гэж үзсэн учраас л хэлэлцээрийн замыг сонгосон.
-Өмчийг чинь төрд авахаа Засгийн газар зарласнаас хойш Хөгжлийн банкныхантай уулзсан уу. Цаашид өв залгамжлах эрхээ авахын тулд юу хийх гэж байна?
-Засгийн газар гэнэтийн шийдвэр танилцуулснаас хойш Хөгжлийн банкныхантай уулзаагүй байна. Өвлөгч өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээхээр ёстой тул өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад минь Хөгжлийн банк саад хийх бус зээлдүүлэгч, барьцаалагчийн хувиар дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байсан. Тийм зүйл болсонгүй. Нэгэнт миний өв хүлээн авах, өвлөгдөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хууль бусаар, зориудаар зөрчсөн тул зохих журмын дагуу Нотариатчдын танхимыг шүүхэд өгөх төлөвлөгөөтэй байна.
-Аавыгаа нас барсны дараа "Хөтөл" компанийнхантай очиж уулзсан уу. Тэд та нар ямар нэгэн ногдол ашиг гэж өгдөг үү?
-Одоо манай гэр бүл уг үйлдвэртэй ямар ч харилцаагүй. Гэр бүлээс маань аав л ажил хийдэг хүн байсан. Ээж одоогоор ажилгүй байна.
-Таны ярианаас Засгийн газар “Өв залгамжлагч нь татгалзсан” гэж худлаа гүтгэсэн юм байна.Гэхдээ таны хувьд аавынхаа компанийг цаашид өвлөж авахаас татгалзсан гэдгийг нотолж болохуйц баримт, бичиг бий юу?
-Тийм зүйл байхгүй.
-Энэ бүх үйл явдлыг юу гэж дүгнэж байна?
-Хууль ёсны өв залгамжлагч нь байсаар байхад ямар нэг мэдээлэл урьдчилж өгөлгүйгээр, өмчийг төр булааж авлаа гэж харж байна. Хуулийн хүрээнд өвлөх эрхээ алдах болон өвлөх эрхээсээ татгалзах нөхцөл үүсээгүй байгаа. Ийм нөхцөлд “Эзэнгүй” гэдэг тодотголоор төр хурааж авч байгааг гайхаж байна. Мөн манай гэр бүлд өвлөн авахаас татгалзсан удаа нэг ч байхгүй гэдгийг ахин, дахин сануулъя.
-Танд баярлалаа.
Холбоотой мэдээ