Сонгинохайрхан дүүрэгт өсвөр насны дөрвөн хүүхэд цахилгаан шатанд хоёр согтуу хүнд хутга тулган, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 27-ны өдөр 23:50 цагт “СХД-ийн 16 дугаар хороо … байрны орцон дотор хоёр согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн байна” гэх мэдээлэл ирсэн байна. Улмаар алба хаагчид хэргийг шалгахад 49 настай, эрэгтэй Д, 48 настай, эрэгтэй Б нар нь согтуудаа тус байрны лифтэн дотор 13-16 насны дөрвөн хүүхдэд зодуулсан гэдгийг тогтоожээ. Бүлэг гэмт хэрэг үйлдсэн хүүүхдүүдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Харин хохирогчид эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.
Дашрамд дурдахад, Эрүүгийн хуулийн 6.2.1-т "Гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан. Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг байна. Зарим тохиолдолд 14 насандаа хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх зэрэг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй байна.
Хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд 14 нас хүрээгүй буюу бага насны хүүхэд нь өөрийн үйлдлийн хор уршгийг бүрэн ухамсарлах чадваргүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрээгүй бол тухайн хэргийг үйлдэгч эсвэл хохирогч ч бай бага насны хүүхэд л гэж үздэг учраас ял оноох эрхзүйн бололцоогүй аж. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгохыг заасан байдаг.
Ингэснээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх юм бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Эрүүгийн гэмт хэргээс гадна, иргэний зөрчил буюу бусад мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцна гэж тус тус заажээ.
Холбоотой мэдээ