Засгийн газар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол баталсан. Төр хувийн компанийн өмчийг мэдэлдээ авах шалтгаан байсан уу, үгүй юү гэдгийг тодруулахаар манай сурвалжлах баг Хөтөл тосгоныг зорин Улаанбаатараас хөдөллөө.
Баасан гаригийн өглөөний 06.00 цаг. Улаанбаатараас орон нутаг руу зорчих замын хөдөлгөөн ямар ч ачаалалгүй байв. Зарим газар, уулын бэл орчмоор цасан эмжээртэйг эс тооцвол хөдөө орон нутагт хаврын орог саарал өнгө давамгайлах авай.
Гурван цаг орчим давхисаар бид зорьсон газартаа ирлээ. Улмаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн ажилтнуудтай уулзаж, зорьж ирсэн шалтгаанаа тайлбарлав. Төд удалгүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБГЗ)-ын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хүрэлцэн ирлээ. Тэд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ирсэн нь энэ байв. Түрэмгий гэж жигтэйхэн. Гайхах, эгдүүцэх зэрэгцсэнийг хэлэх юун.
“Цемент шохой” ХК-ийн хурлын танхимд ТӨБГЗ-ын дарга Б.Цэнгэл үйлдвэрийн ажилтай танилцана хэмээн 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг авчирснаа танилцуулав. Улмаар Засгийн газрын шийдвэрээр төр өмчөө мэдэлдээ авахаар ирсэн, үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчээр солино хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр “Бидэнд өрөө гаргаж өг. Бид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Та нар өрөө гаргаж өгөх үүрэгтэй. Компанийн эзэн нас барсан. Эзэнгүй болсон учраас төр өмчөө авах гэж байна” гэсэн шаардлага тавив.
"ХЭВИЙН АЖИЛЛАЖ БУЙ ҮЙЛДВЭРИЙГ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧИЙГ ТӨРД ДУР МЭДЭН ШИЛЖҮҮЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ"
“Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Чинбат “Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай үйлдвэр үндсэндээ гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дулааны станц Хөтөлийн 100 гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Дулааны цахилгаан станц жил бүр гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Хувьчлал явагдсанаас хойш нийт 36 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Шохойн үйлдвэр жилийн дөрвөн улиралд 24 цагаар тасралтгүй ажилладаг.
Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг технологийн шохойгоор хангах үүрэгтэй. Баяжуулах үйлдвэр Эрдэнэтийг шохойгоор хангахад хүндрэлтэй байна. Учир нь, Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор сүүлийн хоёр сар манай дээр маш олон төрлийн шалгалт хийж байна. Данс хаасан. Хөрөнгө битүүмжлэх асуудал яригдсан.
Засгийн газраас гарсан шийдвэрт маш их гайхаж байна. Хувьчлалыг яагаад буруу явагдсан гэж үзэж байгаа юм бэ. Үндэслэлийг нь сонсмоор байна. Компанийн зүгээс төр хувийн өмчийг дээрэмдэж байна гэж үзэж байна. Зөв бурууг нь цаг хугацаа харуулах биз. Надад хэвийн явагдаж байгаа үйлдвэрийг, хувьцаа эзэмшигчийн өмчийг төрд дур мэдэн шилжүүлэх эрх байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлөөс тийм шийдвэр ч өгөөгүй. Манай компани төрийн байгууллага биш. Өрөө гаргаж өгөх боломжгүй” гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж яваа албаны хүмүүс ёс зүй, харьцаа маш муутай, дээрэнгүй юм билээ.
Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах гэж ирсэн манай сурвалжлах багийн хувьд төрийн байгууллагын дарга хувийн компанид хүч түрэн орж ирж, өрөө гуйгаад, өгөхгүй бол “өөр арга хэмжээ” авна хэмээн сүрдүүлж буй дүр зураг үнэхээр өрөвдөлтэй харагдаж байлаа.
Бүх зүйл хууль ёсны дагуу явагдах ёстой. Гэвч тэдэнд хууль тогтоомж түй ч хамаагүй нь тодорхой байлаа. Тэнд бас нэг бус этгээд хөөрхөн “жүжиг” тоглосныг дурдахгүй өнгөрч боломгүй нь. Төр төлөөлж яваа хүмүүсээс нүдний шилтэй нэг залуу үйлдвэрийн удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр микрофонуудыг унтрааж, мэдээлэл өгүүлэхгүйг хичээн, нааш цааш гүйн, тагнуул туршуул хийгээд ч байгаа юм уу, бүү мэд, утсаараа бичлэг хийн, ямар нэг байдлаар саад хийхийг оролдож байв. Ёстой л нөгөө “суганы үс”, гар хөл гээч нь л ийм юм байдаг байх даа гэсэн бодол эрхгүй төрүүлсэн юм.
Олон хэвлэл мэдээллийн байгууллага дагуулан ирсэн төрийн түшмэл болж буй үйл явц лайваар цацагдаж, хүмүүст үнэн бодит мэдээлэл түгээд, асуудал бишдээд ирэнгүүт үйлдвэрийн удирдлагуудад "Хоёр цагийн хугацаа өгье" гэсээр гарч одсон юм. Тэр хугацаанд өрөө гарган өгч, ажлаа шалгуулахгүй гэсэн шийдвэрээ өөрчлөхгүй бол хүч хэрэглэхээ ч мэдэгдэж, шаардлага өгөв. Шаардлагаа хам хум бичихдээ ямар үед ямар тамга тэмдэг хэрэглэхээ ч мэддэггүйгээ төрийн албаныхан тодхон харуулав. Энэхэн хооронд төрийн байгууллага ямар арчаагүй, увайгүй болсныг харахад үнэхээр харамсалтай байлаа.
Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй, 800 орчим ажилтантай цементийн үйлдвэрийн үйл ажиллагааг харлуулах, муучлах зорилготой “төрийн ажиллагаа” тэнд хангалттай явагдав. Дагуулж ирсэн хэвлэлийнхэндээ байсхийгээд л яриа өгч, энэ үйлдвэрийн өмчлөл хуудуутай болсон, тухайн үед төрийн өмчийн газар алдаа гаргасан. Алдаа гаргаж болдог, одоо алдаагаа засахаар ирлээ. Эзэнгүй өмчөө төр авна. Та нарт шүүхдэх эрх нь нээлттэй” гэх мэтчилэн пээдэлзэх нь нүд халтирмаар.
НОТАРИАТЧДЫН ТАНХИМ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ӨВИЙГ НЭЭХГҮЙ БАЙНА
Хөтөлийн “Цемент шохой" ХК-ийн хуулийн зөвлөх Э.Хашчулуун энэ үеэр "Төр хувийн хэвшлийг дээрэмдэж байна. Энэ үйлдэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. ТӨБЗХГ-ын 108 тоот тогтоол байна. Уг тогтоолоор ТӨБЗГ өөрсдийнхөө хийсэн 2015 оны худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. Энэ гэрээ нь 2017 онд дүгнэгдээд дууссан. 41 тэрбум төгрөгийг өгч төрийн өмчийн хороотой гэрээгээ дүгнээд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг худалдаж авсан ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл хүчингүйд тооцож байгаа гэрээний 6.2- т заасан “Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх заалтыг мөрдөхгүй байна. Өнөөдөр Хөтөлийн үйлдвэрийг худалдан авсан компанийх нь хувьцааг хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна.
Энэ хөрөнгө анхнаасаа ТӨБЗХГ-т байгаагүй. Байгаагүй хөрөнгийг Засгийн газрын тогтоол гаргаж, хүчингүй болгосон ч гэсэн төрийн өмчид шилжих ёсгүй. Энэ бол дээрэм. 2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд “Хөтөл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нас барсантай холбоотойгоор 2019 өв залгамжлах эрх нь нээгдсэн. 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хууль ёсны өв залгамжлагч өв нээлгэх хүсэлтээ гаргасан ч нотариатчдын танхим өнөөдрийг хүртэл өвийг нээхгүй байна.
Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байхад ЗГХЭГ-ын дарга нь өв залгамжлагчгүй мэтээр нийгэмд зарлачихлаа. Үүний араас ТӨБЗГ-ын дарга нар нь ажлаа авахаар ирж байна. Энэ үйлдлийг АТГ-д өгч шалгуулна. Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ. Энэ хөрөнгийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг Монгол Улсын шүүх шийднэ. Түүнээс биш төрийн нэг агентлагийн дарга шийдвэр гаргаад, захирал томилдог асуудал ардчилсан Монгол Улсад байхгүй. Эсвэл Монголын төр коммунизм руу буцаж байгаа юм уу” гэв.
Хоёр цагийн дараа…
Шийдвэр өөрчлөгдсөнгүй. “Цемент шохой” ХК-иас шаардлагын хариугаа сонсгож, хуулийн дагуу бүх асуудлыг шийдэхээ илэрхийлэв. Хотоос ирсэн төрийн төлөөллүүд хэлэх үггүй болж, “Дараа уулзъя” хэмээн гарч одсон юм. Удалгүй үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан ч өрөө гаргуулж, үйлдвэрийн үйл ажиллагаа, тайлан тооцоотой танилцах хүсэл нь талаар болов.
Хот руу буцвал том дарга нартаа “бангадуулах” нь тодорхой тул Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс хүч хэрэглэхээр шийдсэн нь илэрхий болж, “Цемент шохой” ХК-д цагдаа нар хүч түрэн орж ирэв. Улмаар гаднаас хүн оруулахгүй, гадагш нь хүн гаргахгүй “горим” тогтоолоо. Сураг сонсох нь ээ, өрөөнүүдийг битүүмжилж, түр орлон гүйцэтгэх захирал ажилдаа орж буй бололтой.
Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн үйлдвэрийн дарга цагдаа нар хамгаалалтад гарч, хаалга үүд таглан зогсож буйтай холбогдуулан үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, Хөтөл даяар дулаан тасарч, хөлдөх эрсдэлтэйг мэдэгдэв.
Үйлдвэрийн ажлын цаг 17:00 цагт тардаг ажээ. Тиймээс үйлдвэрийнхэн гэрийн зүг явж, төрийн хүмүүс хувийн компанийг булаан авч үлдсэн үнэн бодит процесс энэ буюу.
ЭЗЭН НЬ НАС БАРСАН ХУВИЙН ӨМЧ БҮРИЙГ ТӨР БУЛААЖ, ДЭЭРЭМДЭЖ АВАХ УУ?
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа Хөтөлийн цементийн үйлдвэрийг “Бараг эзэнгүй өмч” гэж хэлсэн. Нохой зан л даа. Ард нь асуудал үүсэхийг тэр сайн мэдэж байгаа болохоор тэр биз.
Учир нь Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал таалал төгсч, том хүү Б.Тулга нь өв залгамжлалын асуудлыг хөөцөлдөж буй аж. Гэвч бүх нотариат өв залгамжлалын хүсэлтийг нь баталж өгөхгүй өнөөдрийг хүрчээ. Дээрээс даалгавартайгаар, зориудаар өв залгамжлалын асуудлыг гацааж байна гэсэн хардлага үндэслэлтэй болохыг тус үйлдвэрийг “дээрэмдэж” авсан ажиллагаа тод харуулав.
Б.Тулга өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтдээ "Миний эцэг М.Бөх-Очир 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Улмаар түүний Улсын бүртгэлийн 9011174063 дугаар, регистрийн 5268052 дугаартай "Хөтөл" ХХК-ийн нэг бүр нь 1000 (нэг мянга) төгрөгийн үнэтэй, нийт 200.000 (хоёр зуун мянга) ширхэг энгийн эрхийн хувьцаа буюу гаргасан 100 хувийн хувьцааг өвлөж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтэй байна.
Бид гэр бүлээрээ хэлэлцэн тохирч, "Хөтөл" ХХК-ийн хувьцааг надад өвлүүлж, эзэмших эрхийг шилжүүлэхээр шйидвэрлэсэн. Тодруулбал, миний эгч Б.Хулан, ээж Ч.Чимэг, дүү Б.Төгөлдөр нар нь хувьцааг өвлөх эрхээсээ татгалзаж, үүнийгээ баталгаажуулсан. Иймд миний эцэг М.Бөх-Очирын дангаар эзэмшиж байгаа буюу хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа Улсын бүртгэлийн 9011174063 дугаар, Регистрийн 5268052 дугаартай "Хөтөл" ХХК-ийн нэг бүр нь 1000 (нэг мянга) төгрөгийн үнэтэй, нийт 200,000 (хоёр зуун мянга) ширхэг энгийн эрхийн хувьцааг өвлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү. Холбогдох баримт бичгийг хавсаргав" гэжээ.
Ц.Нямдорж “Хувьчилж авсан сүүлийн хүн нь нас барсан бөгөөд өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. Ингээд өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй компани болж хувирсан. Хуулийн байгууллага эл асуудлыг шалгаж байна” гэж мэдэгдсэн нь бодит үнэнээс зөрж байгаа юм.
Өв залгамжлалын асуудал хуулийн хүрээнд эцэслэн шийдэгдээгүй байхад “Эцэг чинь үхсэн учраас чи өв залгамжлах эрхгүй. Төр өмчөө буцаан авна” гэж хандаж буй нь айдас төрүүлнэ. “Үхсэний хохь амьдын зол” болгож байгаа нь энэ төрийн үнэн төрх ямар увайгүй, дарангуй болсныг илтгэх мэт.
Төр нэг гараараа хувь хүний өвлөх эрхийг гацааж, нөгөө гараараа эзэнгүй өмч гэж хураан авахаар дайрч байгаа нь хэт балмад, хууль бус үйлдэл болов.
Засгийн газар нэг муу тактикт гаршиж байна уу гэлтэй. Өөрт ашигтай, хонжоотой юу л байна түүнийг дээрэмдэж авахын төлөө эхлээд зарим хэвлэл болон нийгмийн сүлжээгээр үнэнийг худал, худлыг үнэн болтол сэвж балбаж байгаад, олон нийтэд итгэл үнэмшил төрүүлснийхээ дараа дээрэмдэж, мөн хэн нэгнийг золионд гаргадаг болсныг хэлэх хүн олон байна.
Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьд ч энэ байдал давтагдав. Төр дараагийн дээрэмдэх "объект"-оо хэдийнэ тоочиглосон гэх мэдээлэл ч чих дэлслээ.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ