2030 он хүртэл нийслэлд 120  сая мод тарьж, ургуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

2030 он хүртэл нийслэлд 120  сая мод тарьж, ургуулна

2030 он хүртэл нийслэлд 120  сая мод тарьж, ургуулна

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний мод тарих хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. “Тэрбум мод”-ын хүрээнд өнгөрсөн намрын турш орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн. Тус үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр /2022.03.28/ боллоо. Зөвлөгөөнд Байгаль орчны яам, нийслэлийн удирдлагууд болон холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

 ИРЭЭДҮЙД ҮР НӨЛӨӨ ӨГӨХ МОД БОЛГОХ НЬ ЧУХАЛ

Ойгоос мод авч, нийслэлд суулгаад л мод тарьсан тоонд оруулна гэвэл утгагүй. Үүнийг иргэд төдийгүй ойн мэргэжилтнүүд ч хэлж байгаа юм. Тиймээс энэ тал дээр нийслэлээс ямар зохицуулалт хийх талаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангаас тодрууллаа.

-Нийслэлээс ногоон байгууламжийг нэмэх, сэргээх тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Бидний хувьд уялдааг сайн хангаж ажиллах нь чухал гэдэг байр суурьтай байна. Модыг шилжүүлэх, тайрах шаардлага гардаг. Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улсын хилийн зурвасын чөлөөлөлт хийх онцлог зүйл дээр анхаарна. Түүнээс тэрбум мод гэж нэрлээд Монголд тариалсан модыг нэг газраас нөгөөд аваачиж тоолуулах нь ач холбогдолгүй. Анхнаас нь тарьж ургуулж, суулгаж, арчилж, ирээдүйд үр нөлөөгөө өгөхөөр мод болгох нь чухал. Түүнээс биш ойн бүртгэлд орсон байгаа модыг зөөвөрлөж өөр газарт дахин тарьсан мэт болгоно гэдэг бол утгагүй.

Харин улсын тусгай хэрэгцээт газарт тухайн бүс нутаг орвол модыг шилжүүлж болно. Нэг модыг ч тайрахгүйгээр шаардлагатай тохиолдолд өндөр хяналтын дор шилжүүлэх боломжийг бодлогын хүрээнд дэмжинэ.

-Мод тарих хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд арчилгааны тухайн шинэчлэлт хийх үү. Тухайлбал, саарал ус ашиглах гэх мэт?

-Монгол Улс усны нөөц жил ирэх бүрд хязгаарлагдмал болж байгаа. Тэгэхлээр бохир усыг дахин цэвэршүүлэх ажил хийгдэж байна. Улаанбаатарт хэрэглэж байгаа нийт цэвэр усны 4/1 ахуйн хэрэгцээнд болон арчилгаанд хэрэглэж байгаа судалгаа бий. Хувийн аж ахуй нэгжүүдийн өөрсдийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа ажлаас дуурайлал авах боломж ч байдаг. Жишээлбэл, MCS компанийн технологи. Өөрсдийн хэрэглэсэн бохир усыг дахин цэвэршүүлж хот нийтийн байгууламжийн арчилгаанд өгдөг. Энэ мэт жишгийг цаашид нийслэл нэвтрүүлнэ.

-Улаанбаатарт 120 сая мод тарихад тулгамдаж байгаа асуудал байна уу?

-Цаг агаарын нөхцөл. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч хаврын улирал удаан үргэлжилж, хүйтний цаг хурдан болдог болсон. Тэгэхээр мод тарих ажлыг улирлаар, урт хугацаагаар ярихаас илүүтэй хэдхэн сараар ярина гэсэн үг. Мөн цаг агаараас гадна уур амьсгалд тохирсон арчилгааны тогтолцоо хэрэгтэй. Монголын уур амьсгалд тохироогүй арчилгаа хийвэл мод тарих ажил амжилтад хүрч чадахгүй. Тиймээс аль аль талдаа анхаарах ёстой асуудал их байна.

ЭНЭ ЖИЛЭЭС НИЙСЛЭЛ МОД ТАРИХАД БИШ УРГУУЛЖ, АРЧИЛЖ ХАМГААЛАХАД АНХААРНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлд 120  сая мод тарьж, ургуулж, арчлан хамгаалахаар болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12 мянга 948 га газарт 20,7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3,500 га газарт 4,5 сая мод тарина.

 

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29,8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн.

 

Улаанбаатар хот төрөөс гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодитой тооцоолол хийж, шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг үр дүнтэй хэрэглэн, үе шаттай төлөвлөн манлайлан ажиллах болно. Мөн мод ургуулсан сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН БҮС ДЭХ МАЛ АЖУЙГ ГАРГАЖ, ХӨРСИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Шим ертөнцийн ногоон газар сангийн дэд тэргүүн, докторант Г.Бямбасүрэн:

-Хотын ногоон байгууламжийг ярьж байгаа энэ хэлэлцүүлэгт хэд хэдэн асуудал орхигдсон санагдлаа. Тухайлбал, Улаанбаатарын ногоон байгууламж хаагуур хиллэж, аль бүс нутгийг хамааруулдаг талаар ойлголттой байх хэрэгтэй. Угтаа ногоон байгууламжийн бүс нутагт байгаа мал аж ахуйг гаргаж байж тэнд тарих ажил хийх нь зөв.

Улиастайн гол дээр гэхэд бэлчээрийн даац 500 дахин их байна. Түүнээс болж ургамлын бүрхэвчгүй болж цэвдэг нь урсаад хөрс нь гэмтэж байгаа юм.

Ийм нөхцөлд ногоон байгууламж бүрдүүлнэ гэвэл боломжгүй. Мод тарихаас өмнө өвс тариалах, үндэс сэргээх ажлыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөрсөө бэлдээгүй байж шууд мод тарина гэвэл алдаатай гэсэн үг. Хөрс бэхжсэн цагт мод тарих нь дараа дараагийн үеэ бодвол үр ашигтай. Мөн голоос гадна ууланд анхаарлаа хандуулах шаардлагатай. Уулын модон дунд байгаа ургамлыг мал үндсээр нь идсээр байвал ойжуулах ажил бүтэлгүйтнэ.

НИЙСЛЭЛД МОД ТАРЬЖ БУЙ ИРГЭДДЭЭ УРАМШУУЛАХАД ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Ногоон хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Төр иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих нь чухал. Тиймээс ойн стратегийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран эхлүүлээд байна. Ойрын хугацаанд энэхүү стратеги тодорхой болно. Нийслэлд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж буй иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох зэрэг системийг бий болгох хэрэгтэй. Эрхзүйн тодорхой шинэчлэлтүүдийг хийснээр бодит ажил хэрэг биелэлээ олоход чухал юм.

Улаанбаатар хотын нийт газар нутгий дөрөвний нэг хувийг ой сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байгаа аж. Энэ нь хангалттай үзүүлэлт биш гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр талбай ногддог байна. Тиймээс Улаанбаатар хотын хувьд дэлхийн улс орнуудын туршлагаас суралцан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх боломжтойг зөвлөгөөний үеэр хөндөж буй аж.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж