Томуугаас болоод эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Томуугаас болоод эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ

Томуугаас болоод эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ

Цар тахлын халдвар буурсан боловч эсрэгээрээ ханиад томуугийн өвчлөл эрс нэмэгдсэн. Бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугаар өвчлөх нь нэмэгдэж, улсын төдийгүй хувийн эмнэлгүүд ч ачааллаа дийлэхээ больжээ.  Ингээд Баянгол дүүргийн эмнэлгээс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе.

Өглөөхөн нь цэцэрлэгтээ явсан хүү маань орой нь гэнэт халуурч, үдшийн 21 цагийн орчим яаралтай түргэн тусламжийн утас руу залгаж, зөвлөгөө авлаа. Гэвч, зовиур нэмэгдэж, халуун нь огт буураагүй тул шөнөөр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах дээр очсон юм. Хаалгаар оронгуут хүүхдээ үзүүлэхээр ирсэн хүмүүс пиг дүүрэн дугаарлажээ. Ханиалгаж, халуурсан хүүхдүүд уйлж, эцэг эчхүүд нь бачимдан, бухимдан, эмч нар амсхийх завгүй үзлэг хийх.  Хоногт хэдэн арваараа хэвтэж байгаа тул эмчийн ярианаас ямар ч байсан өрөө, ор олдохгүй болохоо ойлгов.

Хүүхдээ эмчлүүлэх эмнэлэг олдож байвал шалан дээр ч гудас дэвсээд хэвтэхээс эцэг эхчүүд цааргалсангүй. Харин ч эмнэлэгт гудас дэвсээд ч болтугай хэвтэх боломж гарсанд баярлах нь олон.

Ор олдохгүй нь ойлгомжтой болсон тул Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээс гарч Төмөр замын  хүүхдийн хүлээн авахыг зорилоо. Мөн л хүүхдээ дагуулсан, тэвэрсэн, хөтөлсөн ээж аав нар үзүүлэхээр дугаарлан зогсож  байв. Гэхдээ дүүргийн эмнэлгийг бодвол хүн харьцангүй бага, үзүүлсэн хүүхэд бүхэнд уушги нь хатгаатай, хоолой нь улайж, идээлсэн, халуун өндөр гэх шалтгаантай. Эцэг эхчүүдийн зүгээс өрхийн эмчдээ үзүүлж гэрээр эмчилгээ бичүүлсэн ч засал огт аваагүйг хэлэх. Тус эмнэлгийн хэвтэх ор дуусан учраас коридорт гудас хаяад хэвтэх сонголт үлдэж.  Гэвч, коридор нь хүртэл өвчтөнөөр дүүрчээ. Үүдэн хэсгийн шал хавьцаа гудсаар дэвсээд хэвтлээ.

Зарим эцэг эх, ортой өрөөнд орохын тулд сувилагч, асрагчдыг найрах аж. Харамсалтай нь, хэчнээн гуйгаад  ч тийм боломж бараг байхгүй. Өрөөнөөс хүүхэд гарвал оронд нь орно, ийм дүр зураг улсын бүх эмнэлэгт очиход харагдана.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн томуугийн эмчилгээний 803 ор байдаг. Харин томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнээр 875 орыг шинээр нэмж дэлгэжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн өвчлөл буурахгүй, эмнэлгийн ачаалал нэмэгдсээр байгаа юм.

Хүүхдээ эдгээхийн тулд эмнэлгийн хулдаасан хүйтэн шалан дээр гэрээс ирсэн гудас, хөгжлөө дэвсээд эцэг, эхчүүд хэвтэцгээнэ.  Хэдийгээр амны хаалт зүүх ч цар тахлын ид үе байсан бол яанаа гэж эцэг эхчүүд шүүрс алдан "тавилан"-тайгаа эвлэрцгээв. Эхний шөнө хүүхэд маань халуурсан хэвээр, хэвтсэн дариуд сувилагч эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмчилгээгээ эхлүүллээ.

Ээлжийн эмч, сувилагч нар амсхийх завгүй л нааш цаашаа гүйлдэнэ.  Шинэ хүүхдүүдэд уян зүү тавьж, дусал залгаж, коридорын нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл тариурын төмөр тавцангаа тачигнуулсаар өглөө болгов. Өглөөний 6 цагаас цагийн тариа эхэлнэ. Эмч, сувилагч, асрагч нар борви бохисхийлгүй ажилласаар ээлжнээсээ буух аж.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Тэр тусмаа хүүхдийн эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд томуу, томуу төст эмгэгийн шинжтэй, халуурсан, амьсгаадсан, амьсгал шуугдсан байдалтай ирж үзүүлдэг. Тус эмнэлэгт хавсарсан, хүнд тохиолдлуудыг авч эмчилдэг юм. Тэгвэл ачаалал нэмэгдсэн учраас хүүхдүүдийг хэвтүүлэх 25 ор өнгөрсөн долоо хоногт нэмсэн. Хамгийн олон хүн амтай СХД-ийн нэгдсэн эмнэлэг орныхоо тоог 350 болгож нэмэгдүүлжээ.

Хэвтсэн хоёрдахь өдөр ор суларч тасагт шилжив. Гэвч, нэг хүүхэд эмнэлгээс гарахад зөрөөд хоёр гурваараа хэвтэж байгаа тул шалны "хүрэлцээ" ч хумигджээ. Хэвтсэн хүүхэд, эцэг эхчүүдээс covid-19-ийн шинжилгээ байнга авч байлаа.  Шалан дээр "хэвтэж" байсан хүүхдийн сахиурын  шилжилгээ эерэг гарсан тул тэднийг нэн даруй ХӨСҮТ-рүү шилжүүлэв. Эмнэлгээсээ covid-19 болон элдэв төрлийн халдварт өвчин авах нь ч байна. Эмнэлэг тэр чигтээ ханиад, цар тахал, суулгалт өвчний "улаан бүс" болжээ.  Нэг өрөөнд хэвтэж байсан гурван хүүхэд эмчлүүлж байхдаа халдвар авсан тул ахиад 7 хоног сунгаж хэвтэхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Эцэг эхчүүд ч өөрсдөө хариуцлагагүй, гаднаас чихэр чипс ундаагаар хүүхдээ эрхлүүлэх нь цөөнгүй. Эмч, сувилагчдын зүгээс ханиад томуутай үед ундаа, чихэрлэг зүйлс хүүхдэдээ аль болох өгч болохгүй гэдгийг сануулах ч зөвлөгөөг нь дагаж байгаа нь цөөн.

Хүүгээ сахихын хажуугаар эхний шөнө даарснаас болсон уу хоолой өвдөж, халуурч эхлэв. Гаднаас эм авчруулан давхар өөрийгөө эмчлэхэд хүрлээ. Эмнэлгийн зүгээс сахиурт эмчилгээ хийхгүй заалтгүй аж.

Эмнэлгийн бие засах өрөө авах юмгүй. Гурван жорлонтой нь хоёр нь ажилладаггүй гэх. Нэг нь ачаалалтай, эцэг эхчүүд ч ариун цэвэр сахих нь  дэндүү "бохир". Асрагч нар сахиуруудад сануулах нь үгийг нь тоох ч хүн алга. Ингээд долоо хоносны дараа хэдийгээр уушгины хатгаа нь бүрэн эмчлэгдээгүй ч "эдгэсэн" гэх хүүхдүүдээ эмнэлгээс гаргаж байлаа.

Томуу, томуу төст өвчний халдвар авсан бол яаралтай эмчид хандах, цэцэрлэг сургуульд нь явуулахгүй, гэрээр эмчилгээ зөвлөгөө авч, халдвар хамгаалллын дэглэмэээ барихыг ЭМЯ болоод дүүрэг, хорооны эмч нар сануулж байгаа. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ бага байгаа талаар эцэг эхчүүд байнга гомдоллодог. Ханиуд томууны ид оргил үед хүүхэдтэйгээ шалан дээр хэвтдэг дур зургаасаа хэзээ бид салах юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж