Урин цаг наашилж, гадаа хэдий нартай, дулаахан байсан ч үзэсгэлэнгийн уур амьсгал тэс өөр байв. Хар цагаан гэрэл зургуудыг дэлгэсэн тус үзэсгэлэнд сэтгэл түгшээсэн хөгжмийн ая нүргэлж байлаа. Цар тахлын үеийн монголчуудад үлдсэн бүх хар бараан дурсамж дунд эргээд очих шиг гунигтай санагдав. Зөвхөн хар, цагаан өнгө бүдэг гэрэл, пост хөгжим дуугарна. Тэд илэрхийлэх гэж буй санаагаа музейн орчинтой сайтар уялдуулжээ. Үзэгчид чимээгүйхэн гэрэл зураг бүрийн урд удаан зогсоно. Ёстой л өнөөдрөөс, өөр бусдаас алдагдсан мэт.
Залуу гэрэл зурагчид, амьд хөгжмийн хамтлаг хамтарсан "Алдагсад" гэрэл зураг ба амьд хөгжмийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэсэн нь энэ. Үзэсгэлэн үүдээ нээгээд ес хонож буй. Амьд хөгжимтэй хосолсон гэрэл зургийн үзэсгэлэн тэр бүр дэлгэгддэггүй. Тийм учраас шинэлэг бас өвөрмөц байлаа. Ийм мэдрэмжийг тэд үзэгчдэдээ өгөхийг чухалчилжээ.
"Алдагсад" үзэсгэлэнгийн гол зорилго нь цар тахлын үеэр хүмүүст тулгарч буй нийгмийн болон сэтгэл зүйн асуудлууд, оршихуйн хямрал, мэдрэмжүүдийг урлагаар бүрэн төгс илэрхийлэх аж.
Үзэгчдэд чөлөөтэй, өөрөөрөө байх орчинг бүрдүүлэн үзэсгэлэнгийн баруун хойд буланд хивс дэвсжээ. Залуусын зарим нь тойрон сууж, зарим нь хэвтсэн харагдана. Тэд хоорондоо үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдлээ хуваалцана.
Үзэсгэлэнд модернист яруу найрагч Б. Галсансүх оролцох ёстой байсан ч хувийн шалтгааны улмаас ирсэнгүй. Модернист яруу найрагч Б. Галсансүхгийн шүлэг яг ийм орчинд сонсохыг хүссэнээ залуус нуусангүй. Залуус үзэл санаагаа ямар хэлбэрээр илэрхийлж болно. Тэд урлагаар дамжуулан өөрсдийн үзэл санаа зорилгыг олонд хүргэж буй нь тун сонирхолтой агаад олзуурхууштай санагдав. Хоёр жил хөл хорионд байсан хүмүүсийн урлагийн цангааг тайлах шиг.
"Deap Sea Vincent" хамтлагийн дуучин Ц.Ариунбулган:
-"Алдагсад" үзэсгэлэнг нээх болсон шалтгаан нь цар тахалтай холбоотой. Дэлхий дахин маш их хохирол амссан шүү дээ. Хүн болгон ямар нэг үнэт зүйлсээ алдсан. Зарим нь хайртай хүнээ алдаж, зарим нь бизнесээ, зарим нь цаг хугацаа, уран бүтээлээ гэх мэт маш олон зүйлс алдсан. Гэхдээ алдсан ч маш олон шинэ зүйлсийг таньж мэдэж авсан. Тиймээс бид энэ олон хэцүү мэдрэмж, алдагдсан цаг хугацааг өөрсдийнхөө хэмжээнд урлагаар дамжуулан илэрхийлэхийг хүссэн юм. Манайх Монголдоо цор ганц пост рок урсгалаар тоглодог хамтлаг. Ямар нэг том арга хэмжээн дээр тоглоход нийцдэггүй хамтлаг. Бидний бүтээж буй дуунууд илүү баримтад тулгуурласан байдаг. Ямар нэг болсон үйл явдал, түүнээс мэдэрсэн мэдрэмжүүдээ дуу хөгжмөөр илэрхийлдэг гэсэн үг. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей бол Улаанбаатар хотод буй нэн эртний барилгуудын нэг. Музейгээс олон уран бүтээлч төрөн гарсан. Хэдий пост модерн орчин үеийн урлагч бид түүх өв соёлоо хүндэтгэх үүднээс музейг сонсгосон гэв.
Гэрэл зурагчин Г.Ананд:
-Хоёр гэрэл зурагчны 40 гаруй бүтээлийг дэлгэж байна. Өмнө нь гэрэл зурагнуудаа өчнөөн харсан. Гэхдээ өнөөдөр үзэгчийн нүдээр харахад маш хүчтэй мэдрэмж мэдрэгдэж байна. Гоё харагдах үүднээс үнэтэй цаасан дээр зургуудаа хэвлэх боломжтой байсан. Гэхдээ илүү амьд сүнслэг мэдрэмж төрүүлэхийн тулд өөрөө гараараа зургуудаа цаасан дээр нааж өлгөсөн. Өгүүлэх санаандаа илүү ач холбогдол өгөхийг хүссэн. Хөл хорионы хоёр жилийн хугацаанд хүмүүс маш олон зүйлийг алдсан. Бидний амьдарч буй нийгэмд маш олон зүйлс өрнөлөө. Миний хувьд алдсан гэхээсээ олж мэдэж авсан зүйл олон хоёр жилийн хугацаа байлаа. Хийж бүтээх, ур чадварын хувьд дээшлэх боломжуудаа алдсан. Эсрэгээрээ өөрийгөө таних хугацаа байсан гэж дүгнэж байна гэв.
Зохион байгуулж буй залуус үзэгчид ч сэтгэл хангалуун байлаа. Үзэгчид "Xөнгөн гунигтай гэхдээ маш тайван мэдрэмж төрүүлж байна", "Үзэсгэлэнгийн уур амьсгал, өнгө маш гоё мэдрэгдэж байна. Зураг болгоноос өөр өөр мэдрэмжийг мэдэрч байна" гэдэг сэтгэгдлийг хэлж байв.
"Video maker" Б.Итгэл:
-Миний хувьд "Play time" амьд хөгжмийн фестивальтай хамтарч ажилладаг учраас амьд хөгжмийн хамтлагуудыг мэднэ. Шинээр пост рок хамтлагууд шинээр хүчтэй гарч ирж байгаад баяртай байна. Пост рок төгс төгөлдөрт илүү тэмүүлдэг урсгал. Эсэргүүцэл "punk" хөгжимд илүү гоцолж байдаг бол пост рок урсгалын дууг сонсоход анхаарал төвлөрөл маш их шаарддаг. Үүгээрээ хар цагаан гэрэл зурагтай илүү зохицож байгаа юм.
Үзэсгэлэнгийн уур амьсгалаас хөндийрөх нэг хором ч байсангүй. Хамтлагууд харанхуй орчинд хөгжим тоглоно. Үзэгчид пост рок хөгжмийн хөнгөн хэмнэлд толгойгоо хөдөлгөнө. Бүгд хөл хорионы хугацаанд юу алдаж, юуг ойлгож мэдэж авснаа тунгааж, амар амгаланг мэдэрцгээнэ.
Ц.ХОНГОР
Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ