Төрийн шалгалтыг төлөвлөгөөгөөр биш гомдлоор явуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Төрийн шалгалтыг төлөвлөгөөгөөр биш гомдлоор явуулна

Төрийн шалгалтыг төлөвлөгөөгөөр биш гомдлоор явуулна

Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ 2020 онд 9903 байгууллагын  9920 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс 62.2 хувь буюу 6159 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Үүнээс гадна 2020 онд бизнесийн салбарын ажилтнуудын тоо 50 хувь буурсан байна. Үүнд төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал нь бизнес эрхлэхэд хамгийн их саад болдгийг тэд судалгаанд дурджээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн 16 байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалтыг жилд нэг удаа хийх ёстой гэж заасан.  Тэгвэл төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй. Тодруулбал, хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих юм.

Бизнес эрхлэгч нарт татвар, нийгмийн даатгалын дарамт, шахалт "тушаа" болж байгааг хэлсээр ирсэн. Угтаа эдгээр хяналт, шалгалтыг гурван жилээр хойшлуулсан бол бодит дэмжлэг болох байлаа гэдгийг шүүмлжлэх хүн ч олон байна. Тэгвэл татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хяналт, шалгалтыг зогсоовол улсын төсөв бүрдэхгүй учраас шууд орлого олдог салбаруудын хяналт шалгалтыг зогсоохгүй гэж шийджээ. 

“Хяналт, шалгалтыг зогсоовол уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин сүйднэ. Стандартын шаардлага хангахгүй барилга, хоол үйлдвэрлэл хяналтаас гарна. Эрсдэл маш их гарна” гэдгийг ч гишүүд онцолсон удаатай.

Тиймээс  байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж, хор, хохирол учирсан тохиолдолд  хуулийн хариуцлага хүлээх аж. Харин иргэдийн  гомдол  мэдээллээр төрийн хяналт, шалгалт явуулах эрх зүйн орчин нээлттэй хэвээр. 

Удаан хугацаанд үүдээ барьж, хямралд өртсөн үйлчилгээний байгууллагууд хэл ам, хэрүүл жагсаал болж байж нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хариуцлагын гэрээ байгуулж үүдээ нээсэн. Гэвч төрийн байгууллагынхны элдвийн дарамт шахалт, гэрээний утгагүй заалтуудыг тэвчиж дийлэлгүй хааж буйгаа мэдэгдсэн.  Тиймээс төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоохдоо байгууллагуудтай хийх хариуцлагын гэрээнд өмнөх алдаагаа битгий давтаасай. 

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЗОГСООВОЛ МХЕГ ЮУ ХИЙХ ВЭ? 

МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Иргэд хяналт, шалгалтын байгууллага гэхээр дан ганц МХЕГ гэж ойлгоод байдаг. МХЕГ-аас байцаагчийн эрх авдаг 16 төрийн байгууллага бий. Эдгээр байгууллага 1290 орчим байцаагчтай. Тэгэхээр төрийн 17 байгууллага гурван жилийн хугацаанд зөвхөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага дээр төлөвлөгөөт хяналт, шалгалт хийнэ.  Тиймээс МХЕГ-ын бүх ажил зогсох мэтээр ойлгож болохгүй. МХЕГ ганцхан төлөвлөгөөт хяналт, шалгалт хийдэггүй. Төлөвлөгөөт хяналт шалгалт бол МХЕГ-ын хийдэг нийт ажлын 30 хувь нь. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандан судалгаа, хяналт шинжилгээ, зөвлөн туслах ажиллагаа хийдэг. Гурван жилийн хугацаанд эдгээр  ажлуудаа илүү эрчимтэй хийнэ" гэв.

ДЭЭРХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй.

Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй.

Хяналт шалгалтын үр дүнд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж