Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалын дагуу золбин нохой муурны устгал хийж буй. Тиймээс албаныхан гэр хороолол, орон сууцны айл өрхүүд энэ сарыг дуустал өөрсдийн нохойгоо хашаанаасаа гаргахгүй, уяж гинжлэх хэрэгтэйг сануулж байгаа билээ. Санамж өгч байгаа албаны хүмүүс ч ажлаа хариуцлагатай хийхийг иргэд хүсч байна. Өчигдөр /2022.03.27/ золбин нохой устгах үеэр орон сууцны айлын цонх руу андуурч буудсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагыг тухайн хотхоны сууц өмчлөгчдийн холбооноос өгсөн аж. Гэвч айлын цонх буудсан асуудалд СӨХ-ноос ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэжээ.
Цахим хуудаст иргэдийн зүгээс золбин нохой, муурны устгалд тусгайлан өндөр төсөв баталж байгаад дургүйцэж байна. Мөн хүзүүвчтэй нохой буудаж, устгаж байгаад бухимдаж байгаа юм. Үүнээс гадна иргэдийн өмчид хохирол учруулсан СӨХ хариуцлагатай ажиллахыг илэрхийлжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнж дэх “Ханбогд” хорооллын ойролцоо нохой устгалын ажил хийх үеэр айл руу буудсан хэрэг гарчээ. Тус хотхоны СӨХ-ны зүгээс золбин нохой их учир дуудлага өгч, буудуулахаар болсон байна. Цагдаагийн ерөнхий газраас асуухад дуудлагын дагуу очиж танилцаж, шалгаад тухайн хүний гомдлыг барагдуулсан гэв.
ДУУДЛАГЫН ДАГУУ НОХОЙ БУУДАХ ГЭЖ БАЙГААД СУМ АЛДСАН
“Ханбогд” хорооллын оршин суугч хэлэхдээ “Нохой буудахаар ирсэн хүн 06:00 цагийн үед нохой биш, манай цонхыг буудаад явсан. Цагдаад хандаж, манай цонх руу буудсан хүн ирж хохирол барагдуулсан. Гэсэн ч дуудлага өгсөн СӨХ хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн юм. Мөн цаашид ийм асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй гэжээ. Нийслэлийн гэр хороолол төдийгүй ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохойн асуудал тулгамдсан хэвээр байна. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг бөгөөд устгал хийхгүй бол золбин нохойн тоо хоёр дахин нэмэгддэг аж. Энэ талаар нийслэлийн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсээс мөн тодрууллаа.
-Золбин муур, нохойны устгалыг жил бүр хийдэг. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөр тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. 2021 онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Энэ онд ч мөн ялгаагүй устгалын ажил эхлээд явж байна. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нохой, муур устгалын мэргэжлийн компаниудтай хамтран ажилладаг.
Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа.
Мөн төлөвлөгөөт ажлын хүрээнд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газартай хамтран ажилладаг. Төлөвлөгөөний дагуу 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим хувьд нь муур багтдаг. Сүүлийн өдрүүдэд устгалын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Төрийн бус байгууллагын ажилтан, Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ажлыг хянадаг. Харъяа дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах хуваарь гарган дүүрэг хороодтой хамтран өдөр тутам 05:00-10:00 цагийн хооронд ажиллаж байна.
Мөн иргэдийн дуудлагыг хүлээн авах утсыг ажиллуулж иргэдээс ирсэн дуудлагыг шийдвэрлэж ажиллаж байгаа. Нийслэлийн хот тохижилтын газар төвлөрсөн хогийн цэгүүдийг хариуцдаг. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр Хот тохижилтын газраас утгасан нохой, муурыг давтан тоолж, баримтжуулж сэг зэмийг дарж булах болон зууханд шатааж устгадаг.
Байршил, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн зэргээс хамаарч төлөвлөгөөт ажлыг зохион байгуулахад тодорхой хуваарийн дагуу статистик гаргаж, хяналтгүй нохой, мууранд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хэрэв тухайн үед ажиллаж байсан хүн алдаа гаргавал хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой. Бид нийслэлээс гаргасан тушаалын дагуу ажиллах чиглэлтэй. Дүүргүүдийн хувьд хашаанаас нохойгоо гаргаж устгалд оруулсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэх мэдэгдэл гаргасан. Энэ тал дээр эзэн болоод устгалын ажилтны аль, аль талын хариуцлага яригдана. Гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг бүрэн хийсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран эзэнтэй нохой, муурыг жил бүр вакцин, туулганд хамруулах ажлыг хийж байна гэлээ. Тухайн үед ажиллаж байсан хүн хохирлыг барагдуулсан байна. СӨХ-ны зүгээс тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Холбоотой мэдээ