Оросуудын эзгүйд Япон уран гулгалтын ДАШТ-ийг эзэгнэв

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Оросуудын эзгүйд Япон уран гулгалтын ДАШТ-ийг эзэгнэв

Оросуудын эзгүйд Япон уран гулгалтын ДАШТ-ийг эзэгнэв

Уран гулгалтын ДАШТ гуравдугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд Франц улсын Монпелье хотод боллоо. Энэ удаагийн дэлхийн аваргад Оросын тамирчдыг оролцуулаагүй учир бусад орны тамирчдад боломж гарч ирсэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэн түрүүлэх вэ гэдэг асуулт анхаарал татаж байв.

Японы Каори Сакамото энэ төрөлд түрүүлж, дэлхийн аварга хэмээн дуудуулах эрхтэй болжээ. Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн түүний хувьд нийт 236.09 оноо авч, мөнгөн медаль хүртсэн Бельгийн Лоена Хендриксээс даруй 18.39 оноо илүү байсан аж. Харин Америкийн Алиса Лью хүрэл медаль хүртэв.

Дэлхийн аварга болсон Каори Сакамото алтан медаль хүртсэнийхээ дараа “Дэлхийн аваргын өмнө хийсэн бэлтгэл маань миний хувьд амьдралдаа хийж байсан хамгийн хүнд бэлтгэл байсан. Дэлхийн аваргад оролцсон ихэнх тамирчид олимпод оролцсон учир өрсөлдөөн ширүүн байлаа. Ядралт ихтэй байлаа гэж шалтаг тоочих эрхгүй байсан. Дасгалжуулагчидтайгаа хийсэн шаргуу бэлтгэл минь намайг дэлхийн аваргад амжилттай оролцоход тус боллоо” гэжээ.

Украинд болж буй үйл явдлын улмаас Оросын тамирчид ДАШТ-д оролцох эрхгүй болсон. Угтаа Анна Щербакова, Александра Трусова, Камила Валиева зэрэг дэлхийн аваргад хангалттай түрүүлэх боломжтой тамирчид байсан билээ.

Бээжингийн олимпийн аварга, 17 настай Анна Щербакова 2021 оны дэлхийн аваргад түрүүлсэн.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн медальтнууд

  1. Шома Үно /Япон/
  2. Юма Кагияама /Япон/
  3. Винсент Жоу /АНУ/

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн медальтнууд

  1. Каори Сакамото /Япон/
  2. Лоена Хендрикс /Бельги/
  3. Алиса Лью /АНУ/

Хосын төрлийн медальтнууд

  1. Алекса Кньерим – Брэндон Фрезьер /АНУ/
  2. Рюүчи Кихара – Рикү Миүра /Япон/
  3. Ванесса Жэймс – Эрик Радфорд /Канад/

Бүжгийн төрлийн медальтнууд

  1. Габриел Пападакис – Гюллиам Сизерон /Франц/
  2. Мэдисон Хаббелл – Зачари Донохью /АНУ/
  3. Мэдисон Чок – Эван Батес /АНУ/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж