П.Гансүх: Спорт намайг зөв хүн болгож төлөвшүүлсэн

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

П.Гансүх: Спорт намайг зөв хүн болгож төлөвшүүлсэн

П.Гансүх: Спорт намайг зөв хүн болгож төлөвшүүлсэн

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч П. Гансүхтэй ярилцлаа. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний хувьд баг тамирчдаа Токиогийн олимп, Ослогийн ДАШТ болон бусад эрх авах, олон улсын томоохон тэмцээнүүдэд удирдан амжилттай оролцсон билээ.


-Өнгөрсөн долоо хоногт Монголын чөлөөт бөхийн холбоо ээлжит бус их хурлаа хийж, шинэчилсэн удирдлага бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэллээ. Ээлжит бус их хурлын үйл явц, онцлогоос яриагаа эхэлье?

-Монгол чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Энэ хуралд 21 аймаг, 9 дүүрэг, бүх спорт хорооны төлөөлөл, үе үеийн ахмад тамирчид, олимп, дэлхийн медальтай тамирчид оролцож, саналаа өгсөн. Энэ удаагийн их хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ирж оролцсон. Зарим хүн Я.Содбаатарын тухайд сайн мэддэггүй юм шиг байна билээ. Түүний хувьд багадаа барилдаж явсан. Өмнө нь манай Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашиж явсан туршлагатай. Тийм болохоор өөрийнхөө тухайд танилцуулж, хурлыг зохион байгуулж, маргаантай байгаа талуудыг хүлээн авч уулзаж, тэдэнтэй ярилцаж, цаашдын гаргалгааг хийж, улстөрчийн ур ухааныг гаргасан. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацааны үл ойлголцол, хэрүүл маргааныг нэг тийш болгосон.

Мөн бид энэ хурлаараа холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон. Ерөнхийлөгчөөр Эрдэнэт үйлдвэрийг олон жил удирдсан Х.Бадамсүрэн дарга сонгогдсон. Энэ хүн маань олон жил удирдах албан тушаал хашсанаас гадна Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр ч олон жил ажилласан. Спорт холбоог олон жил удирдсан туршлагатай хүн сонгогдсон.

Энэ удаагийн удирдах зөвлөлөө бид 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Мэдээж энэ дунд тамирчдын төлөөлөл болон дасгалжуулагч, шүүгч, бизнесийн салбарынхан, хууль, эрхзүйн мэдлэгтэй хүмүүс орж ирсэн. Ер нь холбооны шинэ удирдлага эрхзүйн болоод санхүүгийн чадамжтай баг бүрдсэн.

-Их хурлын үеэр та ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан. Яагаад нэрээ татчихсан юм бэ?

-Тэгсэн тэгсэн. Х.Бадамсүрэн дарга бид хоёр өрсөлдөхөд би өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Энэ бол нэг хүний үзэл бодол биш олон хүний эрх ашиг учраас шийдвэрийг олон талаас нь харсан. Тиймээс их ч бодсон, олон ч хүнтэй уулзсаны эцэст энэ шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр маань ч цаашдаа зөв зүйтэй байх болов уу гэж бодож байна.

-Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ Удирдах зөвлөлийн анхны хурал боллоо. Энэ хурлаар ямар асуудлуудыг авч хэлэлцэв. Одоо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 21 жилийн дараа эх орондоо зохион байгуулах гэж байна. Тэр хэрээр маш олон хүн хүсэн хүлээж байна?

-Шинэ ерөнхийлөгч маань шинэ Удирдах зөвлөлөө хүлээн авч хуралдсан. Бид манай улсад 21 жилийн дараа болох гэж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж, дэд ерөнхийлөгч нартаа чиг үүрэг өгсөн. Бид ч ажил үүргээ хуваарилж авсан. Ази тивийн аварга гэдэг маань зөвхөн чөлөөт бөхийн тэмцээн биш, эх орны нэр хүндийн асуудал. Төр засгаас анхаарал хандуулж, дэмжиж туслахаа илэрхийлсэн. Улаанбаатар хотын захиргаа, удирдлагууд дэмжиж, туслахаа илэрхийлсэн. Мөн биеийн тамир спортын хороод байна. Миний хувьд зохион байгуулах комиссын даргаар томилогдсон. Маш нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил. Тэгэхээр зөв багаа бүрдүүлээд, хариуцсан ажлуудаа хүлээж аваад, ажилдаа ороод явж байна.

Одоогоор 23 орны 3250 гаруй тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна. Мэдээж албаны хүмүүс гэж тусдаа бий. Маш өндөр хэмжээний тэмцээнийг чанарын өндөр түвшинд зохион байгуулах үүрэг хариуцлага Монголын Чөлөөт бөхийн холбоонд ирсэн. Бид ч үүнд бүх хүчээ дайчлан ажиллана.

-Сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Богино хугацаанд хийх ажил их байна даа?

-Тэмцээн уралдааныг зохион байгуулах, заал, тээвэр ложистикийн асуудал, тамирчдын аюулгүй байдал, шүүгч нар болон зочид буудлын асуудал гээд олон ажил бий. Эдгээрийг бүгдийг нь чадамжтай хүмүүстээ хуваарилаад явж байна. Одоогоор ажлуудын гүйцэтгэл 50 хувьтай явж байна. Тамирчдаа хүлээж авах, орчуулагч болон сайн дурынхны ажлыг зохицуулах, өөрийн орны тамирчдадаа анхаарч, амжилт гаргах нөхцөл бүрдүүлэх гээд ажлууд бий.

-Цар тахлын үед нислэгийн асуудал нэлээд хүнд байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ? 

-Маш хүнд байна. Гадаадын төлөөлөгчдийг зохион байгуулагчид хариуцдаг. Зарим орны албаны хүмүүсийн нислэгийн тийзийг цаанаас нь бизнес класс гээд заачихсан байдаг. Одоо нислэг ховордоод, бизнес классын үнэ гэхэд хоёр дахин нэмэгдчихсэн байна. Тэгэхээр бидний анх төлөвлөж, төсөвлөсөн хөрөнгө бас нэмэгдээд л яваад байна гэсэн үг.

Энэ бүхнийг бид ярилцаж, гаргалгаа гаргаад, өндөр түвшинд зохион байгуулахаа тохирсон, Удирдах зөвлөл болон дэмжигч байгууллагууд итгэл төгс байна.

-Дэлхийн 23 орны тамирчид ирнэ. Тэдний хувьд наана нь ирүүлж, олон улсын хамтарсан бэлтгэл хийлгэх төлөвлөгөөтэй гэж ярьж байсан. Тэр хэвээрээ юу?

-Хэвээрээ. Зарим орны тамирчид тэмцээнээс ердөө 6-7 хоногийн өмнө ирэхээс аргагүй болчихоод байна. Манай улс руу цөөхөн нислэг орж ирнэ. Тэгэхээр эхний нислэгээр ирсэн хүмүүсээ "Хасу мегаватт", "Найрамдал" зэрэг газрууд руу хамтарсан бэлтгэл хийлгэхээр төлөвлөөд, дасгалжуулагч, шүүгч нараа томилоод явж байна. Энэ нь нэг талаар манай тамирчдад бас их сайн. Хамтарсан бэлтгэлийн хүрээнд судалгаагаа хийчихнэ гэсэн үг.

-Өөрийн орны тамирчдын хувьд эмэгтэй, эрэгтэй бүтэн баг оролцоно. Сонгомол бөхөд бас бүтэн баг оруулахаар бэлтгэж байгаа гэв үү?

-Дэлхийн бөхийн холбооноос Монголд сонгомол бөх хөгжүүлээч ээ гэсэн зааварчилгаа, зөвлөгөө өгсөн. Ер нь тийм чигтэй ч байна. Энэ дагуу 2017 онд Дэлхийн бөхийн холбооноос дасгалжуулагч томилж, шүүгч нарт сургалт зохион байгуулж, тодрхой урамшуулал, дэмжлэгүүд ч үзүүлсэн. Манайд нөөц бололцоо хангалттай бий.

Хамгийн гол нь, сүүлийн хоёр жилийн хугааанд цар тахлаас болоод бэлтгэл, сургуулилалт, тэмцээн, уралдаан ч зохион байгуулагдахгүй, үндсэндээ харилцаагүй болчихсон. Гэхдээ бид зүгээр суухгүй үүнийгээ хөгжүүлэхийн тулд яриа, хэлэлцээ хийгээд явж байна.

-Ээлжит бус хурал хүртэл цар тахлын хүнд үед та холбоогоо тэргүүлэн ажиллаж байсан. Энэ хоёр жилийн хугацаанд манай тамирчид маш их амжилт үзүүлсэн. Олимпийн есөн эрх авч, бүр олимпийн медальтан ч төрсөн. Харин бусад ажлуудыг хэрхэн төлөвлөж, зохион байгуулж байв?

-Би 2020 оны наймдугаар сараас холбооны ерөнхийлөгчийн албан үүрэгт томилогдон ажилласан. Тухайн үед цар тахлын болон эдийн засгийн хүнд үе байсан. Тамирчдын бэлтгэл сургуулилалт ч байхгүй. Ингээд ажлаа аваад, үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч нартай уулзаж, зөвлөгөөг нь авсан. Нэгэнт Олимп дөхчихсөн учраас ямар нэг холио солио хийж, хариуцлага тооцохгүй, эв эеэ эрхэмлээд, нэг баг болж ажиллая гэдэг бодлого бариад явсан. Үүний үр дүнд манай таван тамирчин Олимпийн шагналт байранд шалгарч, медалийн төлөө барилдаж, нэг тамирчин медаль хүртсэн.

Мөн 2021 оны дөрвөн сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаараа оролцож, эмэгтэйчүүд маань анх удаа Ази тивийн аварга болж, түүхэн амжилт гаргасан. Энэ бол ахмадууд, үеийнхэнтэйгээ ярилцаж, хамтарч ажилласны үр дүн.

Сая бас Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, зургаан медаль авлаа. Хүнд буюу 125 кг-ын  жинд М.Лхагвагэрэл маань хүрэл медаль авлаа.

-Хүнд цаг үед БТСУХ болон бусад холбоод, холбогдох байгууллагууд ч сайн тусалж, дэмжсэний үр дүн гарсан байх аа?

-Тэгэлгүй яах вэ, энэ амжилтууд чинь ганц хүнийх биш шүү дээ. Үүний цаана тамирчдын амжилт, дасгалжуулагчдын хичээл зүтгэл, ивээн тэтэгчдийн халамж, БТСУХ, Олимпийн хороо гээд олон байгууллага, хүмүүсийн хөдөлмөр, хичээл, сэтгэлийн үр дүн. Цар тахлын үед УОК-оос хөл хорио тогтоочихсон. Бэлтгэл, сургуулилалтыг ч хорьчихсон. Гэтэл дөрөвдүгээр сард нь тэмцээнтэй. Бид чинь Шаравжамц дарга дээр очоод л үнэнээ хэлээд, учраа тайлбарлаад, гаргалгаа гаргаж өгөхийг хүссэн. Ингээд "Найрамдал" зусланд хүн гаргахгүй, нэмж оруулахгүйгээр тусгай бэлтгэлээ хийх боломж олдсон. Үүний хүчинд эмэгтэй баг тамирчид маань Азийн аварга болж, дараа дараагийн эрхийн тэмцээнүүдээс ч эрхээ авсан.

-Нислэгүүдийн хувьд шууд нислэг хийх шаардлага гарсан. Тэдгээрийг бас зохицуулсан байх?

-Үүн дээр манай "Хүннү эйр" гэж дотоодын компани маш их, гүн туслалцаа үзүүлсэн. Бидэнд тэмцээнд явахад нислэгээс гадна тийзний төлбөр чухал. Гэтэл "Хүннү эйр"-ийнхэн бидэнд бүх гаргалгааг гаргаж, маш уян хатан зохицуулж өгч, бүр онгоц хүртэл гаргаж өгсөн. Дээр хэлсэн олон тэмцээнд оролцоход энэ компанийн удирдлагуудын их спортыг гэх сэтгэл нэвт харагдаж байсан. Тэдэнд тамирчид, дасгалжуулагч нараас гадна Монголын спорт сонирхогчид ч талархаж явдаг шүү гэж хэлмээр байна.

-Таныг чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Ганбаатар агсны шавь, "Тулгат" клубээс төрөн гарсан нэгэн үеийн шилдэг тамирчдын нэг гэдгийг мэднэ. Харин яг чөлөөт бөхийн зүтгэлтнээр хэдэн оноос идэвхтэй ажиллаж эхэлсэн бэ?

-2015 оноос хойш чөлөөт бөхийн зүтгэлтний хувиар явж байна. Тэрнээс хойш дэлхийн аваргын бүх тэмцээнд би өөрийнхөө зардлаар яваад, тэнд медаль хүртсэн тамирчдаа өөрийн зүгээс шагнаж, урамшуулдаг уламжлалтай болсон. Спорт миний амьдралын нэг хэсэг болчихсон учраас байнга уяатай байдаг. Өөрөө тамирчин байсан болохоор сэтгэлд мөнхийн уяатай. Тэмцээн бүрт өөрөө явж, тамирчид, дасгалжуулагчдаа харж огшиж, тэдэнтэй ярилцаж, зөвлөлдөнө гэдэг сэтгэлийн маш их кайф. Тэдний амжилтыг хуваалцаж, уйлахад нь хамт, баярлахад нь дэргэд нь байна гэдэг тусдаа орчлон шиг л байдаг даа.

-Олимпоос медаль хүртсэн Б.Болортуяаг олимпийн хотхонд 10 мянган ам.доллараар шагнаж, урамшуулсан. Түүнд маш их урам өгсөн үйл явдал болсон шүү?

-Тийм ээ, Олимпод оролцохоос өмнө би тамирчдадаа нэг өгөгдөл өгье гэж бодож байсан. Тэд маань “За, би ингэж баридвал энэ хэмжээний шагнал авч, тийм зүйлд зарцуулна” гэдэг өгөгдөлтэй болно шүү дээ. Тиймээс би Олимпод явахаас нь өмнө, Тэрэлжийн бэлтгэл дээр “Хэн ч, ямар ч медаль авсан газар дээр нь 10 мянган ам.доллар өгнө” гэж зарласан юм. Үүнийгээ жишиг болгоё ч гэж ярьсан. Мөн Улсын шигшээ багийн таван дасгалжуулагчаа 5000 мянган ам.доллараар урамшуулсан. Тамчирдын цаана дасгалжуулагч нарын хөлс, хүч, хөдөлмөр ч яваа шүү дээ. Тэрийг ч бас үнэлэх ёстой. Ирэх 2024 оны олимпийн өмнө бас медаль авбал холбооноос ч гэдэг юм уу байр, хаус, өөр юу гэдэг юм бэ өгнө гээд зарлачихвал түүнийг авахын төлөө тамирчид ч мэрийнэ шүү дээ. Хүн медаль авбал тэдэн байр, машинтай болно гээд зүтгэвэл сэтгэл санааны хувьд ч өөрчлөгдөж, бэлтгэл, сургуулилалтад ч нөлөөлнө. Ер нь тийм бодлого барина гэж бодож байна.

-Зүтгэлтний хувьд их ажил хийж, олон ч тамирчныг урамшуулсан сайхан түүхээс сонслоо. Тамирчны хувиар түүхээс тань хуваалцмаар байна. Та хэдэн жил чөлөөтийн дэвжээнд барилдав. “Тулгат” клубээс ямар амжилтууд гарч байв?

-Би чинь багадаа их сахилгагүй, дэггүй хүүхэд байсан. Манай багш Нямдаваагийн Ганбаатар гэж сайхан хүн байсан. Анх тамирчны замналаа орхиод, дасгалжуулагч болоод, гэр хорооллын сургуулиудаар явж, хүүхэд цуглуулж байсан байгаа юм. Тэнд багш нартай уулзаад, хамгийн дүрсгүй, хичээл тасалдаг, зодоон, цохион хийдэг хүүхдүүдийг цуглуулахад би хамрагдаж орж байсан юм. Тэгж л би их спортод хөл тавьсан.

Энэ спорт намайг нийгэмд зөв хүн болгож хүмүүжүүлсэн. Би анх наймдугаар ангиасаа барилдаж эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаа байсан ч орсон бүх тэмээнээсээ медаль авдаг байсан. 19 настайдаа анх “Монгол говь” тэмцээнд түрүүлсэн. Тухайн үеийн “Монгол говь” тэмцээн одоогийнхтой харьцуулбал их өндөр зэрэглэлтэй байсан. Оросоос л гэхэд 10 гаруй баг, Япон болон хоёр Солонгосоос багууд ирж, оролцдог чанартай тэмцээн байсан.

Энэ овоо сайн барилддаг хүүхэд болох нь гэдэг дүр зураг харагдаж байтал би автомашины осолд ороод, их спортыг орхиход хүрсэн. Тухайн тэр богинохон хугацаанд насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаж, мөнгөн медаль, 1991 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн гээд, амжилтын хувьд дажгүй шүү.

-Тэр үед дотоодын өрсөлдөөн бас өндөр байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Бидний үед дүүрэг, хот, улсын аварга гэж болно. Өсвөрийн, залуучуудын аварга гэж болно. Бүгдэд нь оролцоно. Манай О. Пүрэвбаатар бид хоёр жиндээ их өрсөлдөнө. Тухайн үед би түүнийг 15:0-ээр л хожчихдог байсан шүү дээ /инээв/.

О. Пүрэвбаатар аваргын хувьд бас л тодорчихсон үе байх шүү?

-Бүр багаасаа тодорсон хүн шүү дээ. Түүнийг ялдаг хүн бараг байгаагүй. Тэгэхэд хоёр удаа хожсон. Мөн ОУХМ Товуудоржийн Гансүх бид хоёр нэг үеийн, улсын аваргад өрсөлдөж явсан. Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар гээд олон алдартай хүмүүстэй барилдаж явлаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж