Тойм: Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаж, төр хувийн өмч дээрэмдсэн долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Тойм: Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаж, төр хувийн өмч дээрэмдсэн долоо хоног

Тойм: Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаж, төр хувийн өмч дээрэмдсэн долоо хоног

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ХӨГЖЛИЙН БАНКИНД 2016 ОНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ ИЛ БОЛОВ

Хөгжлийн банкны дуулиан үргэлжилсээр байна. Засгийн газрын энэ сарын 9-ний ээлжит хуралдаанаар, 2016 онд Хөгжлийн банкинд шалгалт хийсэн Засгийн газрын ажлын багийн дүгнэлтийг олон нийтэд ил болгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу энэ долоо хоногт ХЗДХЯ дүгнэлтийг албан ёсоор цахим хуудастаа байршуулав.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус материалыг ил болгох саналыг Засгийн газарт тавьсан. Тэрбээр тухайн үед ажлын багийг ахалж ажилласан байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нийт 130 хуудас бүхий материалыг бүхэлд нь ил болгосноор өнгөрсөн хугацаанд ажлын багийн дүгнэлтийн дагуу Засгийн газар, хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, ямар ажил замхарсан нь ил тод болно гэв.

Энэ долоо хоногт Хөгжлийн банкны шинэ ТУЗ-ийн анхны хуралдаан /2022.03.24/ болж, дарга болон гишүүдээ сонгов. Тус банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг, гишүүнээр БШУЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг томилжээ. Ж.Ганбат 1991 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 10 жилийн 1 дүгээр сургууль, 1991-1995 онд МУИС-Эдийн засгийн сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2001-2003 онд АНУ-Колорадагийн Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн, Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга, Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

ОРОС-УКРАИНЫ ДАЙНТАЙ ХОЛБООТОЙГООР ДОЛЛАРЫН ХАНШ ӨСЧ, ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛЖ БАЙНА

УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд "УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд тодорхой нэг асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно" гэж заажээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн талаар түр хороо байгуулах санаачилга гаргав. Үүнд УИХ-ын таван гишүүн нэгдэж, гарын үсэг зуржээ.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш хуулийн хүрээнд ажиллаагүй байна. Өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагуудаас тус банкинд дөрвөн удаа хяналт, шалгалт хийсэн дүнг нууцын зэрэглэлд оруулсан байсан. Өнгөрсөн сард хоёр шалгалтын дүнг нууцаас гаргасан бол хоёр нь нууцын зэрэглэлтэй байна. Хяналт, шалгалтын түр хороо байгуулбал энэ асуудал илүү тодорхой болно гэж тус намын бүлэг үзжээ. Энэ  үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Засгийн газраас Цахим хөгжил, харилцаа холбооны, Эдийн засгийн хөгжлийн сайдыг нэн даруй томилж, ажлыг нь жигдрүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг хаврын тариалалттай холбоотойгоор бордооны импортод асуудал үүсч болзошгүйг онцлоод, ОХУ-аас авах бордооны гэрээ хийгдсэн, ямар нэгэн саад байхгүйг хэлэв. Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Улсын экспорт маш их багассан. Ноднин 11, 12 дугаар сард экспорт бараг зогссон. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт төмөр замаар гарч байна. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин хилээр гарч байна. Экспорт багассантай холбоотой үүсч байгаа нөхцөл байдал бий” гэсэн юм.

Улмаар тэрбээр импорт гацсаныг онцлоод, “Импортоор авдаг бүтээгдэхүүний нэг нь шатахуун. Өнгөрсөн оны жилийн эцэст нэг тонн нь дэлхийн зах зээлд 70 ам.доллар байсан бол одоо 105-110 ам.доллар болсон нь Орос-Украины дайнтай холбоотой. Мөн ам.долларын ханш өсч байгаа нь манай эдийн засагт нөлөөлж байна. Урд хил хаагдаж, импорт эрс багассантай холбоотойгоор үнийн өсөлт гарсан. Мөн далайн, агаарын, төмөр замын тээврийн өртөг 5-10 дахин өссөн нь нөлөөлж байна. Импорт, экспортын гаднын хамааралтай байгаа учраас л барааны үнэ нэмэгдээд байна. Бид аль болох үнийг бага нэмэх, инфляцийг бага түвшинд барих, нөөцөө хадгалах асуудалд анхаарч байна” гэв.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДӨРӨВДҮГЭЭР БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

Засгийн газрын тэргүүний Баян-Өлгий аймагт хийсэн айлчлал үргэлжлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус аймгийн иргэдэд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, саналыг нь сонссон. Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын цөм нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 3-4 дахин нэмэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг Засгийн газар баримтална. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалт өрнүүлэх болно" гэв.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож, 80 хувь нь дэмжив. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болгосон юм.

Монгол Улсын стратегийн ордуудын нэг болох "Асгат"-ын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байна.

Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаан нуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжив. Цагаан нуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг нутгийн иргэдэд танилцуулсан. Мөн Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн "Алтай таван богд" чиглэлд авто зам барих ажлыг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгав.

МОНГОЛД ХҮҮХДИЙН СҮРЬЕЭГИЙН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг энэ жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд “Сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн болов.

Сүрьеэгийн тархалтаар манай улс дэлхийд 10 дугаарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон Далайн баруун бүсийн 37 орноос эхний дөрөвт ордог байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хэлснээр, 2021 онд ДЭМБ манай улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарласан. Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байгаа аж. Өвчилсөн иргэд түүнийгээ мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараах эрсдэлтэй учир эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн далд халдварын эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай аж.

ИРЭХ САРЫН 1-НЭЭС НҮҮРС ТАТАН АВАЛТЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООГ ӨДӨРТ 300 БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛНЭ

Covid-19 цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайхан Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгав.

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогссон. Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан шинэ тушаалаар зохицуулалт хийж, ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгон, дотоодын халдварыг эрс бууруулснаар хоёрдугаар сарын 22-ноос өдөрт 20 чингэлэг тээвэр хилээр гарч эхэлсэн билээ.

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлж, тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжлав.

ХЭТ ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

УИХ-ын эмэгтэй гишүүдэд санаачлах хуулийн төсөл олдохгүй байгаа юу гэлтэй. Тэд Хэт чихэрлэгтэй ундаанд онцгой албан татвар тогтоож, хэрэглээг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан нь олны шүүмжлэл дагуулав. Тэд тайбарлахдаа "Судалгаагаар Монгол Улсад чихрийн шижин, таргалалтын асуудал анхаарал татаж байна. Тухайлбал, 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилд долоо дахин өссөн. ДЭМБ-аас бүх улс оронд хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол эрүүл мэндийн зардал нэмэгдэх сөрөг үр дагавар гарч байгаа тухай зөвлөмж гаргасан" гэв.

Иргэдээс авсан судалгаагаар, 68 хувь нь чихрийн хэрэглээг ундаанаас авч байгаа тооцоо гарсныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тодотгоод, "Энэ хууль нь татварын орлого олохдоо чухал биш, эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой" гэсэн юм.

Мөн судалгаагаар, 6 настай хүүхдүүдийн 58 хувь нь илүүдэл жинтэй, 6 хувь нь таргалалттай гарсан байна. Хууль санаачлагчид хуулийн төсөлдөө 100 грамм ундаанд 5 граммаас дээш чихэрлэг агуулахгүй байх, түүнээс дээш бол татвар нэмэх асуудлыг тусгажээ.

ТӨР ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙГ ДЭЭРЭМДЭВ

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг Засгийн газар буцаан мэдэлдээ авч байна гэсэн нэрээр төр хувийн хэвшилд маш бүдүүлгээр халдав. Тус компанийн хуулийн зөвлөх Э.Хашчулуун хэлэхдээ "Төр хувийн хэвшлийг дээрэмдэж байна. Энэ үйлдэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. ТӨБЗХГ-ын 108 тоот тогтоол байна. Уг тогтоолоор ТӨБЗГ өөрсдийнхөө хийсэн 2015 оны худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. Энэ гэрээ нь 2017 онд дүгнэгдээд дууссан.

Нийт 41 тэрбум төгрөг өгч, Төрийн өмчийн хороотой гэрээгээ дүгнээд, Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийг худалдаж авсан ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл хүчингүйд тооцож байгаа гэрээний 6.2- т заасан “Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх заалтыг мөрдөхгүй байна. Өнөөдөр Хөтөлийн үйлдвэрийг худалдан авсан компанийх нь хувьцааг хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна.

Энэ хөрөнгө ТӨБЗХГ-т анхнаасаа байгаагүй. Байгаагүй хөрөнгийг Засгийн газрын тогтоол гаргаж хүчингүй болгосон ч гэсэн төрийн өмчид шилжих ёсгүй. Компанийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж чинь хаана байна вэ. Энэ бол дээрэм.

2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд “Хөтөл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нас барсан. Үүнтэй холбоотойгоор 2019 өв залгамжлах эрх нь нээгдсэн. 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хууль ёсны өв залгамлжагч өв нээлгэх хүсэлтээ гаргасан ч нотариатчдын танхим өнөөдрийг хүртэл өвийг нээхгүй байна. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байхад ЗГХЭГ-ын дарга нь өв залгамжлагчгүй мэтээр нийгэмд заралчихлаа. Үүний араас ТӨБЗГ-ын дарга нар нь ажлаа авахаар ирж байна. Энэ үйлдлийг АТГ-д өгч шалгуулна.

Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ. Энэ хөрөнгийн өмч нь хэн бэ гэдгийг Монгол Улсын шүүх шийднэ. Түүнээс биш төрийн нэг агентлагийн дарга шийдвэр гаргаад, захирал томилдог асуудал ардчилсан Монгол Улсад байхгүй. Эсвэл Монголын төр коммунизм руу буцаж байгаа юм уу” гэлээ.

Б.ЖАВХЛАН: МОНГОЛ УЛС ОХУ РУУ ШАТАХУУНЫ ТӨЛБӨРӨӨ СААДГҮЙ ХИЙЖ БАЙНА

Засгийн газар энэ долоо хоногт ээлжит хуралдаанаараа ОХУ болон Украин улсад өрнөж буй үйл явдал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцэв. ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас Монгол Улсын эдийн засагт учирч болох сөрөг нөлөөг бууруулах ажлын багийг Гадаад харилцааны сайд ахалж буй.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, Монгол Улс ОХУ-аас их хэмжээний бүтээгдэхүүн импортоор авдаг бөгөөд экспорт бага. ОХУ-аас авч буй бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун юм.  Тэрбээр “Дэлхийн томоохон улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авч буй нь Монгол Улсын эдийн засагт шууд болон дам байдлаар нөлөөлж байна. Гэхдээ импортын шатахуун болон төлбөрт ямар нэгэн асуудал гараагүй.

ОХУ-ын талаас нийлүүлэлтэд өөрчлөлт оруулахгүйгээ мэдэгдсэн бөгөөд манай талаас төлбөрөө цаг тухайд нь хийж байна” гэж мэдэгдлээ. Тухайлбал, зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн үеэс хойш ОХУ руу шатахууны төлбөр болох 180 сая ам.долларын төлбөрийг ямар ч саадгүй хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт, ачилт, уртын тээврийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн талаар мөн мэдээлэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД М.БАТТҮВШИНГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Засгийн газар ажлын хариуцлага алдсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ "Дээрх албан тушаалтнууд нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Удирдлагын багтайгаа хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байна" гэв.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭРХ ИЛ МЭДЭЭЛЛИЙГ АРИЛГАЖ ЯЛТСАНД НЬ СУУЛГАНА

Иргэний регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж буй эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх нь. Өөрөөр хэлбэл, иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг далдлан, иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо бүхий иргэний бүртгэлийн дугаарыг ил гаргаж, бусад хувийн мэдээллийг санах ойд нь тусгах аж.

Манай улсад жил бүр 100-120 мянган иргэн шинээр иргэний үнэмлэх авдаг бол дор хаяж 100-120 мянган хүн иргэний үнэмлэхээ хаяж гээсэн үндэслэлээр шинээр авдаг байна. Тэдгээр хүмүүст олгохдоо хуулийн хэрэгжилтийн дагуу 12 оронтой тоо бүхий дугаарыг иргэний үнэмлэх дээр ил гаргаж, бусад хувийн мэдээллийг ялтсанд суулгах ажээ.

Жил бүр 250 мянган хүнд иргэний үнэмлэх олгоно гэж үзвэл 3-4 жилийн дотор шинэчлэх ажил хэрэгжинэ гэсэн тооцоо гарсан байна. Мөн энэ хуулиар "задгай" гэх хаягжилтыг цэгцэлж, үл хөдлөх хөрөнгөд суурилсан хэлбэр рүү шилжүүлэх ажээ.

И-МЭЙЛ ХАЯГААР ЦЭРГИЙН ЗАРЛАН, ПАСПОРТЫН ХУГАЦАА ДУУССАН ЗЭРЭГ МЭДЭГДЭЛ ОЧДОГ БОЛНО

"E-Mongolia системээр 76 төрлийн цогц үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлдэг бөгөөд цаашид 122 төрлийн үйлчилгээг нэмэхээр төлөвлөж буй юм байна. Ирэх тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсгийг 16-аас дээш насныханд олгож эхэлнэ. Ингэхдээ тухайн иргэний цахим санамжид тусгах аж. Түүнчлэн иргэн бүрд төртэй холбогддог и-мэйл хаяг олгоно. Тухайн и-мэйл хаягаар цэргийн зарлан, паспортын хугацаа дууссан зэрэг мэдэгдэл очих нь. 12 оронтой дугаар дээр суурилсан энэхүү и-мэйл хаягийг иргэн гар утсандаа суулгаснаар, бүх мэдээллээ авах боломжтой болох ажээ.

E-Mongolia системд 122 үйлчилгээ нэвтэрснээр, киоск болон цахимаар үйлчилгээ авах, ингэхдээ тоон гарын үсгээр баталгаажуулах, шуудангаар хүргүүлэн авах зэрэг боломж нээгдэнэ гэж үзсэн байна. Мөн газрын гэрчилгээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэхээ больжээ. QR код бүхий гэрчилгээгээ цахимаар авах, иргэн хүсвэл үнэт цаасан дээр хэвлүүлж авах боломжтой юм байна.

ШОРОН БАРИХААС ӨӨР ЗҮЙЛ МЭДЭХГҮЙ Ц.НЯМДОРЖИЙГ ХӨӨЖ ЯВУУЛ!

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр 4/11 уулзалтынхаа үеэр “Засгийн газрын мөрийн хөтөлбөр 74.5 хувьтай биелсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдэгдсэн. Ингэж биелсэн бол ам.доллар 3000 хүрэхгүй, хил гааль нээлттэй байх байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийн орлого нэмэгдэх байсан. Юуг үндэслэж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 74,5 хувьтай байна гэж мэдэгдсэнийг ойлгохгүй байна.

Ц.Нямдорж гэдэг хүн шорон барьж чаддаг, хүмүүсийг шоронд хийж чаддаг болохоос хүмүүсийг ажилтай, орлоготой байлгаж чадахгүй. Бас бусдын өмчийг хурааж чаддаг. Энэ төр засаг хууль, тогтоол шийдвэр гаргаж, бусдын өмчийг дээрэмддэг боллоо. Коммунистуудын арга барил ийм л байдаг. Ц.Нямдоржоор гал тогоогоо бариулж байгаа Засгийн газар ийм байх нь ч аргагүй юм гэж бодогдож байна…

Өндөр татвартай, тансаг зэрэглэлийн машинууд цувж байгаа бол МАН-ыг дагаж баяжсан хэдэн хүмүүс л захиалж байгаа. Өөр ийм үнэтэй машин худалдаж авах хүн Монголд байхгүй. Шударга бизнес эрхлэгчид рүүгээ дайрахаа болих хэрэгтэй. Эрх баригчид энэ явуулж байгаа бодлогоо эргэж харахыг шаардаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шорон барихаас өөр зүйл мэдэхгүй Ц.Нямдоржийг хөөж явуул. Энэ хүн 30 жил Монгол Улсыг хорлосон. Ц.Нямдоржид ардчилсан нийгэмд чөлөөт нийгмийг удирдах арга барил байхгүй, коммунист хүн шүү дээ” гэсэн юм.

Э.БАТ-ҮҮЛ ШОРОНД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАВ

Хотын дарга асан Э.Бат-Үүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харъяа 409 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлав. Түүнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хорих ял оногдуулсан. Тэрбээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргаад буй юм.

Түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам 409 дүгээр хорих ангид очиж, Э.Бат-Үүлтэй уулзжээ. Тэрбээр "Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ биеийн эрүүл мэндэд санаа зовж байна. Хорих ангийн нөхцөл байдалд өлсгөлөн зарлана гэдэг бол маш том эрсдэл. Ямар ч байсан прокурорын шийдвэрийг харж байна. Өөрөө надад санаа зовох зүйлгүй, бидэнд өөр арга байхгүй гэж хэлж буй.

Э.Бат-Үүлийн хувьд Монголыг дахин Москвагаас удирдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Украин улсыг өмөөрч бичсэнийхээ төлөө прокурорын байгууллагаас хяналт тавьж, Улсын ерөнхий прокурорын даалгавраар энэ бүхнийг хийж байгаа гэж хардаж байна. Тиймээс ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн" гэсэн юм.

Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин шүүхэд шилжүүлэв. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас "Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ" гэж мэдээлсэн юм.

Мөн прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэсэн мэдээлэл өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж